Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдрийг тохиолдуулан Зохист хөдөлмөрийн төлөө ҮЭ-ийн гишүүд, идэвхтэн, сонгуультан, залуучуудын өдөрлөг боллоо.


Энэ жил ОУХБ-ын 100 жилийн ойг тохиолдуулан НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, ОУХБ-ын Зохистой хөдөлмөрийн үзэл баримтлалд тулгуурлан нийгмийн түншлэгч талууд болох Төр засаг, ҮЭ, Ажил олгогчдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, төрийн болон төрийн бус байгууллагууд залуучуудын идэвх оролцоог сайжруулах талаар оролцогч байгууллагуудын төлөөллүүд байр сууриа илэрхийллээ. 
Өдөрлөгийн нээлтэд Монгол улсын УИХ-ын дарга Г.Занданшатар, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны Дэд Ерөнхийлөгч С.Эрдэнэбат, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг, ФЕС-гийн суурин төлөөлөгч Нийлс Хегевиш нар оролцлоо. 
Монгол улсын УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэхдээ,
-Олон улсын Хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр “Майн-1”-ний баярын халуун мэндчилгээг дэвшүүлье. 2015 онд НҮБ-аас баталсан 2030 он хүртэлх “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”-д тогтвортой хөгжлийг хангах үндэс нь Зохистой хөдөлмөр юм. Зохистой хөдөлмөрийг дэмжих асуудал энэ бодлогын гол хэсэг хэмээн тодорхойлсон. 
Ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн маань нийгмийн баталгаа, цалин хөлсний түвшин, хөдөлмөрлөх эрхийн түвшин ямар байгааг бид сайн мэдэж байгаа. Цөөн хэсэг нь баяжиж, яг ажил хөдөлмөр эрхэлдэг ажилчид маань бага цалин хөлстэй байгаа тэгш бус нийгмийг өөрчлөхийн төлөө Засгийн газар, УИХ зорьж ажиллаж байна.
Хүн бүр хүчин чармайлт гаргаж байж бид өрх гэр, улс орноо өөд нь татна. УИХ-ын хаврын чуулганаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэнэ. Олон удаагийн хэлэлцүүлэг явуулсан. Сүүлийн хэлэлцүүлгүүд үр дүнтэй болсон гэдгийг ҮЭ-ийн удирдлагууд хэлж байна. Ажилтан, ажил олгогчийн тэгш эрх хангагдсан хууль болно гэдэгт итгэлтэй байгаа гээд өдөрлөгийн үйл ажиллагаанд амжилт хүслээ. 
МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Тэртээ 1886 он буюу 130 гаруй жилийн өмнө бидний хэлж заншсанаар "Майн-1" өдрийг АНУ-д ажилчид ажлын цагаа богиносгож өдрийн 8 цаг болгох шаардлага саналыг тавьж тэмцсэн өдрийг 1889 онд албан ёсоор Хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр болгон тэмдэглэсэн. Түүхийн хугацаанд янз бүрээр тэмдэглэж ирсэн ч энэ өдөр бол ажил ажилчдын эрхээ шаардах өдөр юм. МҮЭХолбоо өнгөрсөн жилийн энэ өдөр жагсаал тэмцэл хийж эрхээ шаардаж цалин хөлсөө нэмэгдүүлж, ХХДХ-г түүхэнд байгаагүйгээр 75 хувиар нэмж, ХХОАТ-ын хөнгөлөлт, орон сууцны татварын хөнгөлөлт зэргийг 2 дахин нэмэгдүүлсэн, тэтгэврийн нас, татвар нэмснийг цуцлуулж, хамтын гэрээ хэлэлцээрүүдээ хийсэн амжилтаар өнөө жилийн 5 сарын 1-нийг угтаж байна. Цаашид бид олон санал шаардлагуудыг тавьсан бөгөөд Төр засаг, Ажил олгогч нартайгаа хамтран шийдэх болноо. Хөдөлмөрийн тухай хууль, НД-ын хууль, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийг хөдөлмөрчин хүнд ээлтэй хөгжил дагуулсан хууль болно гэж итгэж байна. Бид ажилчдыг зарц боол мэт үздэг хүмүүстэй тэмцэж тэднийг эрхийг хүндэтгэдэг цалин хөлс нийгмийн хамгааллыг нь сайжруулж буй төр засаг ажил олгогч нарыг нийгмийн түншлэгч хэмээн дэмжиж ажиллах болно. Зохист хөдөлмөрийн үзэл баримтлалыг дээдлэн Хүнлэг шудрага чинээлэг иргэний нийгмийг хөгжүүлэхийн төлөө хамтын ажиллагааг улам бүр сайжруулахыг уриалж байна. 
Монгол улсын хэмжээнд хөдөлмөрлөх эрхийн байдал ямар байгаа талаар МҮЭ-ийн холбооны ЕНБД Г.Адъяа, Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, анхаарах асуудлуудаар МҮЭ-ийн холбооны дэргэдэх Залуучуудын хорооны дарга Э.Тамир нар тус тус илтгэл тавилаа. 
Мөн Салбар, анхан шатны ҮЭ үүдийг төлөөлж салбарын дарга нар болон ҮЭ хороодын дарга тэргүүлэгч нар хөдөлмөрлөх эрх, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар байр сууриа илэрхийллээ. 
Байгууллагаа сурталчлах, иргэд гишүүдэд мэдээлэл хүргэхээр Нийгмийн даатгалын ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын залуучуудын холбоо, Хүний эрхийн үндэсний комисс, Залуу ажил олгогч эздийн нийгэмлэг, Монголын хуульчдын холбоо зэрэг байгууллагуудаас гадна МҮЭ-ийн холбооны гишүүн болон харъяа байгууллагууд өдөрлөгт нэгдэж тус тусын байгууллагын байр суурь, хамтын ажиллагааны талаар үзэл бодлоо илэрхийллээ.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.