Н.ОТГОНБАЯР: БИД БАЙР СУУРЬ ИЛЭРХИЙЛЭХ БУС БОДИТ АЖЛЫГ ХИЙЖ БАЙНА


Их хотын иргэдийн хэрэглээг хөнгөвчилсөн олон шинэ санаа, шилдэг шийдэл гаргаж байгаагийн нэг нь онлайн такси үйлчилгээ юм. Өөрөөр хэлбэл хэрэглэгч та ямар нэгэн лавлах дугаар луу залгаж ярианы нэмэлт төлбөр төлөх шаардлагагүй, өөрт хамгийн ойрхон байгаа таксиныхаа байршлыг утаснаасаа хараад шууд дуудахаас эхлээд хүрэх газар, төлбөр төлөх хүртэл хэрэглэгч та өөрөө үйлчилгээгээ хянах бүрэн боломжтой болжээ. Энэ талаар дэлгэрэнгүй ярилцахаар Монголын такси үйлчилгээний чанарыг дэлхийн жишигт нийцүүлэх зорилгыг тавьсан “Ub Cab” компанийн гүйцэтгэх захирал Н.Отгонбаярыг “Содон зочин” буландаа онцолж байна.

-“Ub Cab”-ийн оператор гүй такси үйлчилгээний онцлог юу вэ?

-Бидний амьдралыг хамгийн их өөрчилж байгаа зүйл нь мэдээлэл технологийн хөгжил байна. Аппликейшнээр бид олон төрлийн үйлчилгээ явуулж байгаагийн нэг нь такси  үйлчилгээ юм. Мэдээлэл технологи хөгжиж байгаа энэ эрин зуунд хиймэл оюун ухаан буюу дата өгөгдлөөр мэдээллийг удирдах алгоритм биччихэж байгаа юм.  Онлайн такси гэдэг нь энгийнээр жолооч хэрэглэгчийг хиймэл оюун ухаан ашиглаад холбож байгаа зүйл.  Такси үйлчилгээний аппликейшн гэдэг бол цоо шинэ зүйл биш. Гэхдээ Монголд бол шинэ гарч байгаа үйлчилгээ. Бид UB Cab үйлчилгээний анхны хувилбараа 2014 онд гаргаж байсан бол 2016 онд хоёр дахь хувилбараа гаргаж илүү  арай хөгжингүй болгосон. Харин өнгөрсөн долоо хоногт UB Сab дахин шинэ загвараа гаргалаа. Манай үйлчилгээг ашиглахын тулд хэрэглэгчийн аппликейшн жолоочийн аппликейшн гэж байна. Хэрэглэгчид өөрт ойрхон байгаа таксийгаа интернетээр холбогдоод дуудах боломжтой болж байгаа юм.

-Анхны хувилбар хоёр удаа шинэчилсэн гэхээр ямар өөрчлөлтүүд орсон бэ?

-2014 онд 1616 гээд дөрвөн оронтой лавлах утас луу залгаж, станцаар дуудлага өгдөг байсныг болиулж дэвшилтэд технологи нэвтрүүлсэн. Харин 2016 онд хэрэглэгч заавал опертороор холбогдолгүйгээр шууд апп-аар дуудлага өгөөд явдаг болгосон. Саяхан шинэчилсэн 2019 оны шинэ хувилбар дээрээ дуудлага, хаягаа өгдөг буюу илүү дэлгэрэнгүй болгосон. Өөрөөр хэлбэл төлбөр тооцоо, хаягжилтын самбар, зэрэг олон улсын жишигт дөхүүлсэн Монголынхоо нөхцөлд ашиглах боломжтой хувилбарыг гаргаад байна. Улаанбаатар хотын хэмжээнд 30 мянган барилга байгууламжийг бид хаягжилттай болголоо. Эдгээр хаяг байршлыг өөрсдийн мэдээллийн сандаа бүртгэснээр танд хаяг санал болгодог хэлбэртэй болсон. Мөн төлбөрийн цахим үйлчилгээг нэвтрүүлснээр та таксинд заавал бэлэн мөнгө төлөх шаардлагагүй бүх банкны аппликейшнаар төлбөрөө төлөх боломжтой.

-Онлайн такси үйлчилгээ явуулдаг бусад компаниас танай компани юугаараа давуу вэ?

Такси гэдэг бол тоолуур. Энэ тоолуурыг нь бид дотоодоо үйлдвэрлэж байна. GPS-р такси -метрийг хийж, батлуулна гэдэг бол олон улсад нэгдсэн баталгаажуулах жишиг байдаггүй юм байна. Давуу болон сул талууд байгаад байсан. Тэгэхээр нь бид электроникийн багтай хамтран такси-метрийг үйлдвэрлэсэн. Энэ нь машины дугуйны эргэлтийг “Bluetoot чип”-ээр дамжуулаад утас луу татдаг электроникийн бүтээгдэхүүн. Энэ тусгай зөвшөөрлөө аваад Улаанбаатар хотод 1000 таксинд такси-метрээ суурилуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Эхний ээлжид бид 200 таксинд такси-метрээ суурилуулахаар гэрээгээ хийсэн.

Мөн бид технологийн компаниудтай хамтарч ажилладаг. Саяхан Голомт банкны “Social Pay” үйлчилгээтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Мөн “Most money” үйлчилгээгээр төлбөрөө хийх боломжтой. Манайх шиг такси үйлчилгээний аппликейшн байгаа.  Гэхдээ манайх шиг такси-метрээ үйлдвэрлэсэн, Монгол инженерүүд биччихсэн компани хараахан байхгүй. Одоо ашиглаж байгаа такси дуудлагын аппликейшн нь олон улсын нэршилтэй, гаднын түрээсийн аппликейшнууд байдаг. Тэгэхээр гаднын аппликейшн ашигласнаар тодорхой шимтгэлүүд нь гадагшаа гараад байгаа гэсэн үг. Бид үйлчилгээгээ үндэсний аппликейшн гэж нэрлэсэн. Тодорхой шимтгэл байдаг бол энэ нь Монгол инженер салбаржуулалтын цалинд тавигдаж байх ёстой.

-Хэрэглэгч аппликейшныг яаж ашиглах вэ?

-Хэрэглэгч Апп-аа утсандаа татаад нэвтэрч орно. Нэвтэрч ороход Монгол хүмүүс бүтээсэн учраас хялбархан бүх заавар Монгол хэл дээр байгаа. Зааврын дагуу бүртгүүлнэ. Бүртгүүлэхэд олон зүйл шаардахгүй утасны дугаараа нэг удаа оруулаад, баталгаажуулах код ирнэ. Баталгаажуулах кодоор нэвтэрснийхээ дараа хэрэглэх боломжтой болно. Хэрэглэгчдэд бий болж байгаа давуу тал нь оператортай холбогдоход такси олдохгүй байсан ч 500 төгрөгөөр холбогддог. Мөн энэ аппликейшныг ашигласнаар илүү зардал гаргана гэж айх зүйл байхгүй. Учир нь хүрэх газраа очсон бол хэрэглэгч жолооч хоёрын аппликейшн дээр төлбөрийн мэдээлэл харагдана. Мөн таны такси хаанаас ирж байгаа нь тодорхой харагдах учраас ажлаа зохицуулах боломжтой.

-Апп ашиглалгүй танай таксийг дуудах боломжтой юу?

-Ухаалаг утасгүйгээр ашиглах боломжийг бид олгож байгаа. Монголын Цахилгаан холбооны 1900-1109 дугаарт залгаад манай систем бүртгэлтэй байгаа таксинуудыг дуудах боломжтой.

-Өнөөдрийн байдлаар хэдэн хэрэглэгч бүртгэгдсэн байна вэ?

-Аппликейшн таталтын тоо 100 мянга хүрчихсэн. Идэвхтэй хэрэглэгчид 50 гаруй мянган хүн байна. Шинэ аппликейшн гарсантай холбогдуулан өдөр ирэх тусам хэрэглэгчийн тоо нэмэгдэж байна.

-Хэрэглэгчдийн аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажиллаж байна вэ?

-Өнөөдөр Улаанбаатар хотод такси үйлчилгээ уналтад орчихсон байна. Нэг хоёрхон компанийг эс тооцвол дуудлагын такси бараг байхгүй. Синфортой таксинаас гараа өргөөд зогсох такси олддоггүй шүү дээ. Цөөхөн учраас дуудлагадаа амжихгүй шахуу явдаг. Хэрэглэгчдийн хувьд ямар ч бүртгэл мэдээлэлгүй 40 мянган халтуур хийдэг таксийгаар үйлчлүүлдэг. Үүнтэй холбоотойгоор гэмт хэрэг ослын тоо маш их нэмэгддэг. ТЦА-наас такси үйлчилгээг бүртгэлжүүлэх шаардлагатай гэсэн байр суурьтай юм билээ. Бид бол байр суурь илэрхийлэх бус, бодитой ажлыг хийгээд явж байна. Манай аппликейшнаар үйлчилгээ авсан хэрэглэгч бүр жолоочид үнэлгээ өгч байгаа. Мөн жолоочид үйлчлүүлэгчдээ үнэлгээ өгнө. Хамгийн түрүүнд сайн үнэлгээтэй жолоочид дуудлага эхэлж очно. Харин муу үнэлгээ авсан жолоочид бага дуудлага очно. Онлайн такси зөвхөн оператор дуудлага хувиарлаад байгаа даа биш оператор жолоочийг үнэлээд байгаа юм.  Хэрэглэгчдийн үнэлгээнээс муу үнэлгээ авсан, олон удаа алдаа дутагдал гаргасан жолооч үйлчилгээнд тэнцэхгүй. Гэхдээ тэнцэхгүй байна гээд бид бүр явуулна гэсэн үг биш. Академидаа суулгаад үр дүнг нь харна.

-Одоогийн байдлаар хэдэн жолооч нэгдсэн байна. Жолооч нар танайд хэрхэн бүртгүүлэх вэ?

-Манайх зөвхөн Улаанбаатар хотоос гадна хөдөө, орон нутагт энэ үйлчилгээг нэвтрүүлж байна. Дархан, Эрдэнэт хотуудад төлөөлөгчөө сонгочихсон байна. Мөн Чойбалсан, Даланзадгад, Ховд, Өлгий, Мөрөн зэрэг хүн амын суурьшил ихтэй хотуудад төлөөлөгчөө сонгон шалгаруулах процесс явагдаж байна. Монгол улсын хэмжээнд манай Ub Сab системд одоогийн байдлаар 960 гаруй машин бүртгэгдсэн. Энэ тоо өдөр өдрөөр нэмэгдсээр байгаа. Онлайн такси үйлчилгээнд нийтийн тээврийн стандартын дагуу шаардлага хангасан машинуудыг бүртгэнэ. Стандартын дагуух шаардлага гэдэг нь жолоочийн автомашин MNS-5122  гэсэн стандарт дагуу 2009 оноос хойш үйлдвэрлэгдсэн зөв рүльтэй бүх авто машинууд орно. Гурвалжингийн Акума төвд “Жолоочийн төв”-өө өнгөрсөн сард нээсэн. Энэ төвд жолооч өөрийн биеэр ирж бүртгүүлээд, гэрээ байгуулаад ажиллах юм. Иргэдэд үйлчилж байгаа жолооч өөрөө баталгаатай найдвартай байх ёстой. Хувь хүний машин барьсан туршлагыг харна. Манай жолооч болохын тулд манай Ub Cab driver аппыг татна. Мөн адил Монгол заавартай учраас хэрэглэхэд хялбар. Тухайн жолооч жолооны үнэмлэх, машины гэрчилгээ гэх мэт холбогдох бичиг баримтаа апд-д бүртгүүлнэ.

-Танай системд жолооч нар нэгдсэнээр ямар давуу талууд бий болох вэ?

-Манай таксинууд бүгд нэгдүгээр эгнээний зөвшөөрөлтэй. Дээр нь стандартын тоолуураар хангана. 24 цагаар дуудлагаар ханган. Бид Улаанбаатар хотод байдаг долоон такси үйлчилгээний компанитай гэрээтэй ажиллаж байгаа. Бид нэгдсэн зохион байгуулалтад оруулаад эдгээр компаниудад зуучилж өгөх юм. Манайд жолооч болсноор таны орлого баталгаатай 30 хувиар нэмэгдэнэ. Хувиараа такси эрхлэгчид манайд нэгдсэнээр орлого нь нэмэгдэхээс гадна газар мэдэхгүй гэж айх зүйл байхгүй. Манайх ухаалаг системтэй тул хаана, яаж очих вэ гэдгийг нь хүртэл зааварлах боломжтой.

-Та өмнө нь яриандаа манайх академидаа сургадаг гэлээ. Академийнхаа талаар яриач?

-Программ өөрөө асуудалгүй ажиллаж байсан ч  жолоочийн соёлын харилцаа гарч ирнэ. Жолооч хэрэглэгчээс илүү мөнгө авах, хэрэглэгчийг хохироох асуудал гаргахгүй байх үүднээс академи байгуулсан. Ub Cab академи нь үйлчилгээнийхээ чанарыг сайжруулах үүднээс жолооч нарынхаа ур чадварыг нэмэгдүүлэхээр байгуулагдсан. Манай академи үндсэн таван чиглэлийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулна. Нийтийн тээвэр эрхэлж байгаа жолоочид мэргэшсэн жолооч байх ёстой. Нэгдүгээрт энэ мэргэшсэн жолоочийн шалгалтад бэлтгэнэ. Хоёрдугаарт жолоочид бол хүний амь насыг хариуцаж байгаа хүмүүс. Тиймээс анхны тусламжийн сургалтыг зааж байна. Заавал осол аваар гэхгүй нийгмийн хариуцлагын хүрээнд ч эзэмших ёстой чадвар. Гуравдугаарт жолооч нарын харилцаа хандлагад анхаарч ажиллана. Тиймээс бид долоо хоног бүр харилцааны сургалтууд явуулж байна.

Мөн орон нутагт сонгосон төвүүдэд их жуулчид ирдэг. Гаднаас ирсэн жуулчдаас таксиныхан илүү мөнгө авдаг асуудлууд их байдаг. Үүнийг хална. Гаднын жуулчдад соёлтой үйлчилгээг хүргэх үүднээс жолооч нартаа зориулсан Англи хэлний сургалтыг явуулж байгаа.   Тавдугаарт хувь хүний санхүүгийн удирдлагыг зохицуулах сургалт явуулж байна. Үүний үр дунд таксины жолоочийн соёлтой үйлчилгээ буюу амныхаа зоргоор мөнгө нэхдэг, улс төрийн хов ярьдаг таксины жолооч нарын нийтлэг төрхийг арилгана.  

-Танай аппликейшныг ашиглаж такси дуудсан тохиолдолд И-баримт олгоно гэж байсан. Үүнд дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Монголд анх удаа такси татвар төлөх гэж байна. Татварын баримт олгодог анхны такси үйлчилгээ болох гэж байна. Жолооч нар 10-20 жил такси үйлчилгээнд явчхаад орлогоо баталгаажуулж чаддаггүй. Үүнээсээ болоод банктай харилцах боломжгүй, өндөр хүүтэй банк бусаас зээл авдаг. Эсвэл ломбардаас зээл авдаг. Татвар төлнө гээд жолооч нар айж байж магадгүй. Саяхан УИХ ээлжит чуулганаар татварын багц хууль хэлэлцэгдээд, хувь хүний албан татвар нэг хувь болсон . Өөрөөр хэлбэл таксины жолооч орлогоосоо нэг хувийн татвар төлнө. Гэхдээ жолооч нар өөрсдөө тайлан гаргаад байх шаардлагагүй энэ бүгдийг бид ухаалгаар шийдээд өгчихсөн. Бид жолооч нараа татвар төлөгчөөр бүртгүүлэх ажил явагдаж байна. Энэ үйлчилгээ тун удахгүй хэрэгжиж эхэлнэ.

-Амжилттай хэрэгжүүлж байгаа бизнесийнхээ талаар цаг гарган ярилцсанд баярлалаа. Сүүлийн асуултыг танд үлдээе.                    

-Ub cab аппыг ашигладаггүй бол татаад хэрэглээд үзээрэй. Бид өдөр бүр шинэчлэл хийгээд, таксин дээрээ суурилсан олон үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэж бидэнд жолооч нарын тоог нэмэгдүүлэх шаардлагатай байгаа.

Та уг аппликейшныг доорх хаягаар татах боломжтой

OS: https://goo.gl/hz7gs2  

Android: https://goo.gl/nDWc5n

Б.Бадралмаа

Ардчилал.мн

 

 

 

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.