НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН 25 БАЙРШИЛД ЗАМ ЧӨЛӨӨЛӨЛТ ХИЙГДЖЭЭ


Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зөвшөөрөлгүй барьсан хашаа, хайс,  сурталчилгааны самбарыг буулгах, зам чөлөөлөх ажлыг эхлүүлсэн тухай өнөөдөр /2019.04.18/ мэдээлэл хийлээ.

Нийслэлийн газрын албаны дарга Э.Болорчулуун  хэлэхдээ “Иргэдийг эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг нь ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн Засаг дарга 2019 оны 04дүгээр сарын 17-ны өдөр  А/321, А/322дүгээр захирамж гарсан. Захирамжийн хүрээнд өмнө жил явагдсан явган хүний замыг чөлөөлөх ажлыг үргэлжлүүлэн явуулж байна. Өнөөдрийн байдлаар иргэд болон бусад байгууллагын саналаар  30 байршлыг сонгон авч 25 газрын чөлөөлсөн. Энэхүү ажлыг цаашид үргэлжлүүлэн хоёрдугаар ээлжид явган хүний зам гаргах 45 байршилд газар чөлөөлөх ажил хийхээр судалгаа гаргасан. Зөрчлийг нь арилгасан 25 байршлын дийлэнхийг нь эзэд нь тодорхойгүй төмөр хашаа, явган хүний замыг хаасан шон байсан тул хот тохижилтын газраас санхүүжилтийг гаргасан . Уг ажилд нэг дүүрэгт 1,6 сая төгрөг буюу нийт 4,1 сая төгрөгийг зарцууллаа” гэв.

Хоёрдугаар ээлжид чөлөөлөх 45 байршлын талаар Хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газрын Хот дахин хөгжүүлэх хэлтийн дарга М.Нямбаяр тайлбар хийлээ. Тэрбээр “Нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх, Улаанбаатар хотод зөвшөөрөлгүй баригдсан хашаа хайсны хэм хэмжээг зохицуулахад зориулсан захирамжийн дагуу эхний ээлжид Их тойрууд байрлах Сүхбаатар дүүргийн 1-8 хороо, Чингэлтэй дүүргийн 1-6 хороо, Баянзүрх дүүргийн 1, 3, 6, 15, 18, 25 дугаар хороон дээр нарийвчилсан судалгаа явуулаад, ирэх долоо хоногт холбогдох байгууллагууд зөрчлийг арилгаад явна. Нарийвчилсан судалгаа гаргаад шаардлага хүргүүлнэШаардлагыг хүлээж аваагүй тохиолдолд албадан буулгах арга хэмжээг авч ажиллах захирамж гарсан. Бусад хэсэг дээр НИТХ-ын энэ сарын хурлаар хашаа хайс буулгах журам хэлэлцэгдэнэ. Энэ журам гарснаар Нийслэлийн хэмжээнд судалгаа хийгдэж, энэ бүх зөвшөөрөлтэй зөвшөөрөлгүй нь мэдэгдэхгүй хашаа хайснуудыг нэг чигт болгоно гэсэн юм.

Мөн энэ үеэр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Гал гарлаа гэхэд орц, гарц хааж барилга барьснаас, эсвэл мухар гудамжнаас үүдээд цаг алдах тохиолдлууд гардаг. Эдгээрийг хэрхэн цэгцлэх вэ?

-Энэ төрлийн асуудал гэр хороолол болон зуслангийн бүсэд их яригддаг. Бид онцгой байдлын газар болон эрүүл мэндийн газрууд руу судалгаагаа ирүүлэхийг шаардаж байгаа. Бидэнд байгаа бүртгэлээр энэ төрлийн 110 газрын мэдээлэл ирсэн. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд ч  тэр  гэр хорооллын  эзэмших эрхийн гэрчилгээ олгохдоо зөрчлийг арилгаж байж шийдвэрлэж байгаа. Захирамжид заагдсанаар зуслангийн газрыг орц гарцтай болгохыг хамтын шийдвэрээр хийнэ гэж заасан. Хашааг зөөгөөд шилжүүлэх боломжтой учраас хашаанд хамт амьдарч байгаа хөршүүд хоорондоо тохиролцоод, орц гарц гаргах ажлыг хамтарч хийе гэсэн саналтай байгаа. Гэр хороололд хууль зөрчсөн хашаа барьсан тохиолдолд албадан буулгах арга хэмжээ авч ажиллана.

Зөвшөөрөлгүй хашаа хайсыг буулгахдаа дан ганц иргэдийн мэдээлэлд тулгуурлаад байгаа юм уу? Тодорхой нэгэн судалгаа бий юу? Нарны гүүр даваад барилгын компаниуд ихэвчлэн явган хүний зам дээр хамгаалалтын хашаагаа барьсан байдаг. Энэ асуудлыг яах вэ?

-Бид нэгдсэн сүлжээний мэдээллийн сантай. Гүүглийн сансрын зурган дээр давхцуулаад бүх зөрчлийг тодорхойлсон байгаа. Мэдээллийн санд оролгүй сүүлд баригдсан явган зам хааж хайс барьсан газруудыг иргэдийн мэдээлэлд тулгуурлаж авч байгаа. Бид судалгаа шинжилгээний үндэслэлтэй ажиллаж байна.

-Багшийн Хөгжлийн ордны хажууд байдаг саарал хашаа төлөвлөлтөд орсон байгаа юу?

-Энэ хашаанд байрлах хуучин байшин дахин төлөвлөлтөд орсон байгаа. Хувийн компанийн өмч.  Үүнд барьсан хашаа нь түр хашаанд орно. Тиймээс шинээр хэлэлцэх журамд түр хашааг буулгах заалт тусгагдах юм. Урьд нь түр хашааг буулгах зохицуулалт байгаагүй.  Одоо бид Их тойруу доторх эдгээр хашаа хайсуудад шаардлага хүргүүлнэ. Шаардлагыг хүлээж авахгүй бол цагдаа МХЕГ-тай хамтран албадан буулгах юм.

Сүхбаатарын талбайн 1/3  банкны барьцаанд 22.5 тэрбум төгрөгөөр тавьсан гэх яриа байна. Энэ үнэн үү?

-Тийм асуудал байхгүй. Банкны барьцаанд байлаа гэхэд тухайн иргэн өөрсдөө л хариуцлага хүлээнэ. Гэхдээ дээрх шийдвэрийг Засаг дарга хүчингүй болгосон.

Б.Бадралмаа

Ардчилал.мн

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.