ГАМШГААС ХАМГААЛАХ ИЖ БҮРЭН СУРГУУЛИЙН ХҮРЭЭНД ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГУУДАД СУРГАЛТ ХИЙЛЭЭ


Өнөөдөр Нийслэлийн Засаг даргын тамгын газар болон Нийслэлийн онцгой байдлын газар хамтран хэвлэл мэдээллийн байгууллагуудад “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль ба хэвлэл мэдээллийн оролцоо” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Сургалтад хэвлэл мэдээллийн 20 гаруй байгууллагын сэтгүүлч, зураглаачид оролцож, дөрөвдүгээр сарын 24, 25, 26-ны өдрүүдэд зохион байгуулагдах “Нийслэлийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль”-д ямар журмаар оролцох, нийтэд мэдээллийг хэрхэн түгээх талаар тодорхой зөвлөмж, сургалтыг авлаа.

Мэдээллийн эхэнд Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан сэтгүүлчдэд хандан “Юун түрүүнд болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшигт өртсөн тохиолдолд хохирлыг яаж богино хугацаанд даван туулах чадвар, дадлыг олгоход энэ сургуулилт өндөр ач холбогдолтой юм. Нийслэлд хүүхдүүдэд зориулсан сургуулилтыг олон удаа зохион байгуулж байсан. Харин энэ удаагийнх Засгийн газрын тогтоолын дагуу Нийслэлийн бүх иргэдийг хамарсан өндөр зохион байгуулалттай, гамшгаас урьдчилан сэргийлэх томоохон сургууль болох гэж байна. Тиймээс хэвлэл мэдээллийн байгууллагуудыг идэвхтэй оролцож, олон нийтэд зөв мэдээллийг хурдан шуурхай хүргэж ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэв.

ОБЕГ-ын дэд дарга, Хурандаа Б.Ууганбаяр “Нийслэлд сүүлийн 30 жилд ийм том хэмжээний дадлага, сургуулилт зохион байгуулагдаагүй. Энэ сарын 24-нд сургуулийн үйл ажиллагаа эхэлнэ. Энэ өдөр олон нийт рүү хандсан арга хэмжээ зохион байгуулагдахгүй. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй төр захиргааны байгууллагуудаас авхуулаад олон улсын байгууллагуудын түвшинд явагдана. 25-ны өдөр олон нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулна. Өглөө 07:00-10:00 цагийн хооронд замын хөдөлгөөнийг түр хязгаарлана. Улаанбаатар хот руу орох болон гарах бүх хөдөлгөөний зогсооно. Энэ хугацаанд мөн төр захиргааны байгууллагын ажил түр зогсоно. Сургууль цэцэрлэг орохгүй. 08:00 цагт зарлан мэдээллийн дохио дуугарна. Нийслэлд дуут дохио өгөх 60 цамхаг бий. Үүний дараа орон байрнаас гарах дадлага сургуулийг хийнэ. Улаанбаатар хотод цугларах 111 цэг байгаа. Иргэд эдгээр цэгээс өөрт ойрхон байгаа байршлын талаар амьдарч буй хорооныхоо Засаг даргаас лавлаж, мэдээлэл авч болно Энэ сургуульд Улаанбаатар хотод амьдарч буй бүх ард иргэд оролцоно” гэсэн ерөнхий үйл ажиллагааны танилцуулгыг хийлээ.

Мөн “Иргэдийг замын хөдөлгөөнийг хаах үед бухимдахгүй, тэвчээртэй иргэний үүргээ ухамсарлаж, сургуульд идэвх санаачилгатай оролцохыг хүсээд сэтгүүлчдэд иргэдийг уриалахад хэвлэл мэдээллийн нөлөө чухал болохыг уламжлаад, зөв мэдээллийг нийтэд хүргэн хамтарч ажиллахыг хүслээ. Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн үеэр хэвлэл мэдээллийн байгууллагууд албаны машиныхаа дугаарыг урьдчилан албан ёсоор ОБЕГ-т өгч бүртгүүлснээр үйл ажиллагааг сурвалжлах, мэдээлэх эрх үүснэ” гэдгийг онцолж хэллээ.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг Нийслэлийн төвшинд өргөтгөн хамтад нь зохион байгуулж буйгаараа онцлогтой. Мөн газар хөдлөлтийн гамшгийн улмаас барилга байгууламжид нуралт үүсэж эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургуулийг алба, мэргэжлийн анги, Онцгой байдлын байгууллага, мэргэжлийн байгууллага, сайн дурын хэсэг, аж ахуйн нэгж байгууллага хамтран 6 дүүрэгт зохион байгуулна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.