“МАНАН”-ИЙН СҮҮДЭР ШУДРАГА ШҮҮГЧИЙГ ЗОЛИГТ ГАРГАХААР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА УУ?


Улсын Дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс өнгөрсөн лхагва гаригт Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Д.Ганзоригийг Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид олонхийн саналаар нэр дэвшүүлсэн. Түүнтэй нэг өдөр Улсын Ерөнхий прокурорт нэр дэвшсэн Б.Жаргалсайхан өнгөрсөн баасан гаригт УИХ-ын намын бүлэг, байнгын хороо, чуулган гэсэн гурван "шатыг" дамжин Ерөнхий прокурор боллоо. Харин Шүүгчдийн зөвлөгөөнөөс Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн томилгоо таг чиг. Анхан шатны шүүхийн шүүхэд 15 жил, Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд шүүгчээр 6 жил ажилласан Д.Ганзоригт Улсын Дээд шүүхийн шүүгчдийн олонхи итгэл хүлээлгэж, хуульчид, иргэд ам сайтай байна. Залуу юм гэх зарим хүн байгаа ч арав гаруйхан жилийн өмнө Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр 40 настай хүн томилогдож байсан түүх бий. Д. Ганзоригийг хуульчид болон олон нийт элдэвт нэр холбогдоогүй, шударга зөв хүн, эрүүгийн хэргийн толгой шүүгчдийн нэг гэж дүгнэж байна. Д. Ганзориг хэрхэн ажиллахыг зорьж буй талаараа ярилцлага өгч, гаргасан шийдвэрийнхээ ард нуугдахгүй, ил гарч зогсоно, хараат бусаар ажиллана гэдгээ ил тод мэдэгдсэн. Монголын ард түмний олонхи нь ийм л зөв бодолтой, зоригтой шударга шүүгч энэ цаг үед Дээд шүүхийг тэргүүлэх ёстой хэмээн итгэж харж байна. Гэхдээ сүүлийн үед Д.Ганзоригийг Ерөнхийлөгч томилохгүй гэсэн бор шувуу нисэх боллоо. Үүнтэй зэрэгцэн нэгэн иргэн шүүгч Д.Ганзоригийг Ерөнхий шүүгчээр томилж болохгүй хэмээн хэвлэлийн хурал зарлав. Шударга үнэний дэнс болсон шүүх байгууллагыг өөрийн хүнээр толгойлуулах сонирхолтой бүлэглэл Д.Ганзоригийг харлуулах тактик барьж байгаа гэнэ. Д.Ганзориг хараат бусаар ажиллаж чадах учраас тэд түүнээс айж байгаа бололтой. Ямар нэг том "но" олж чадаагүй болохоороо өмнөө түлхэхээр шийдсэн иргэн нь хувийн болон албаны асуудлаар юу ч юм ярьж, тэр нь Д. Ганзоригийг томилохоос Ерөнхийлөгч татгалзахад хүргэнэ гэж тооцож байгаа гэнэ. Уг нь хуульд зааснаар иргэний мэдээллийг үнэн гэдгийг нотолж байж Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилохоос татгалзах үндэслэл болох ёстой. Хэн нэгний, магадгүй 15 жил шүүгчээр ажиллахдаа шийдсэн олон мянган хэргийнх нь аль нэг оролцогчийн гомдол яриагаар хөнгөн хуумгай байдлаар шүүхийн ийм томилгоонд Ерөнхийлөгч татгалзахгүй байх аа. Таалахгүй байгаа зарим шударга бус хүмүүсээс бусад нь таныг сонгосон ард түмэн чинь Д.Ганзориг шүүгчид "найдаад" байгааг харж байгаа гэж итгэнэ.

Н.Батдорж

Эх сурвалж: Sharmedee.mn

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.