Б.БАЯРМАНЛАЙ: “ХАРЦ БУЛААМ”ДУУ БОЛ ИХ НАНДИН ДУУ


Олон түмний сэтгэлд хоногшсон “Харц булаам” гэх гайхалтай дууг дуулж олны хүртээл болгож, олон хүний талархлыг хүлээж буй авьяаслаг, залуу дуучин Б.Баярманлай тун удахгүй “Харц булаам” нэртэй тайлан тоглолтоо Монгол түмэндээ хүргэх гэж байна. Эх барих, эмэгтэйчүүдийн эмч хэмээх нандин мэргэжлийн эзэн болсон тэрээр их ажлынхаа хажуугаар дууны урлагт хөл тавиад нэлээдгүй хугацааг үджээ. Түүнтэй ажил, уран бүтээл, тун удахгүй болох анхны бие даасан тоглолтынх нь талаар ярилцлаа.

-Юуны өмнө танд анхны тайлан тоглолтоо хүргэх гэж буйд баяр хүргэе.

-Баярлалаа.

- “Харц булаам” дуу нь хит болж нэлээдгүй олон хүн таныг таньдаг болсон. Харин эмч гэдгийг тань тэр бүр мэддэггүй болов уу. Өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?

-Намайг Балжиннямын Баярманлай гэдэг. Баянхонгор аймгийн Заг суманд төрсөн. Би хүний их эмч мэргэжилтэй. Ажлынхаа хажуугаар өөрийн сонирхлоор уран бүтээл туурвидаг. 2014 оноос өөрийн анхны  уран бүтээлээ гаргаж эхэлсэн. Багадаа багш, дуучин болох зэрэг олон мөрөөдөлтэй байсан. Харин 10-р ангиа төгсөх жилээ химийн хичээлийг эрчимтэй судалж эхэлсэн. Тэр жилдээ химийн олимпиад бэлдээд аймагтаа түрүүлж байлаа. Мөн элсэлтийн шалгалтаа өгч олон сургуулийн урилга авсан. Харин эцэг эх, гэрийнхэн маань надад эмч болохыг зөвлөсөн. Тухайн үедээ жаахан дургүй байсан ч одоо бодоход маш зөв шийдвэр гаргажээ гэж боддог.

-Одоо мэргэжлээрээ ажиллаж байна уу?

-Тэгэлгүй яахав. Нийслэлийн “Амгалан” амаржих газарт эх барих, эмэгтэйчүүдийн их эмчээр ажиллаж байна.

- Эмч мэргэжил дундаа яагаад эх барих, эмэгтэйчүүдийн эмч гэдэг чиглэлийг сонгох болов?

-Маш олон хүн надаас ингэж асуудаг/инээв/. Эх барих, эмэгтэйчүүдийн эмч гэдэг нь өөрөө маш их эрсдэлтэй. Гэсэн хэдий ч энэ бол маш их аз жаргалыг дагуулсан мэргэжил. Бид бүхэн өдөр бүр л амь тосч, амьдрал өлгийдөж байдаг сайхан мэргэжлийн эзэд. Эхийг эсэн мэнд амаржуулна гэдэг нь эх барих, эмэгтэйчүүдийн эмчийн хамгийн том баяр бахдал. Өдөр бүр түүнээс аз жаргалыг мэдэрч байдаг учраас энэ мэргэжилдээ хайртай. Эх барих, эмэгтэйчүүдийн эмч гэдэг бол асар богино хугацаанд шийдвэр гаргадаг, ур чадвар шаардсан мэргэжил. Энэ нь миний зан төлөвт ихэд тохирдог учраас энэ мэргэжлээр ажиллахад тохиромжтой гэж энэ мэргэжлийг сонгосон.

-Анхны хүүхдээ эх барьж авахад ямар байсан бэ. Их л хэцүү байх даа?

-Маш их догдолсон. Хамгийн гоё мэдрэмж. Би чадлаа шүү дээ гээд өөрөөрөө маш их бахархсан.

-Эх барих, эмэгтэйчүүдийн эмчээр ажилладаг хүн эхнэрээ төрөхөд сандрах нь бага байдаг уу? өөрөө эх барьж авч байсан уу?

-Манайх хоёр хүүхэдтэй. Гэхдээ өөрөө эх барьж авч байгаагүй. Эхнэрээ төрөхөд би өөрөө маш их сандардаг/инээв/.

-Эмчийн их ажлынхаа хажуугаар яагаад урлагт дурлах болов оо. Хэзээнээс дуулж эхлэв?  

-Манай аавын талынхан их сайхан дуучин хүмүүс байсан. Тэдний маань авьяас бас надад өвлөгдсөн болов уу гэж боддог. Арван жилээсээ урлагийн үзлэгтэй ордог, нээлттэй хүүхэд байсан. Хамгийн анх дуулахыг маань нээсэн хүн бол Ариунболор гээд ачит багш маань юм. Мөн найз нөхөд маань намайг их дэмждэг. СУИС-ийг төгссөн мэргэжлийн дуучин найзуудаасаа зөвлөгөө их авдаг.

2014 онд манай Заг сумын 90 жилийн ой болж байсан юм. Тухайн үед би оюутан байлаа. Нутгаа их санадаг байсан. Нэг өдөр сургууль дээрээ сууж байхдаа  “Амин шүтээн”  гэдэг шүлэг бичээд гэр лүүгээ харих замдаа аяыг нь зохиож байлаа. Энэ дуугаа сумынхаа 90 ойд зориулъя гэж бодоод Батзориг гэдэг нутгийнхаа ахад хэлж байсан. Ах маань намайг дэмжиж энэ дуугаа гаргасан. Энэ үед “Амин шүтээн”, “Харц булаам” хоёр дуугаа зэрэг гаргаж байсан.  

-Анхны уран бүтээлээ олонд хүргэх мэдрэмж ямар байсан бэ?

-Яг нисэх гэж байгаа юм шиг байсан. “Харц булаам” дуугаа ингэж олонд хүргэнэ гэж төсөөлөөгүй байсан. Тухайн үед зуны амралт таарч амралтаараа хөдөө явах үед нэг найз маань “Харц булаам” дууг их гоё болжээ дуугаа өгөөч гэж гуйсан. Удалгүй тэр найз маань миний дууг нэг эмэгтэйн зургаар дүрсжүүлээд YOUTUBE-д тавьсан байсан. Намар нь хичээл цуглаад хотод ирээд удаагүй байсан чинь фм-ээр миний дуу явсан. Би гайхаад нөгөө найз руугаа залгасан. Тэгсэн найз маань чиний дуу маш их хандалттай байгаа шүү дээ гэсэн. Youtube ороод харсан чинь зөвхөн тэр хэдхэн сарын хугацаанд  200 гаруй мянган хүн үзсэн байсан. Үүнээс хойш олон газар уригдаж дуулдаг болсон. Дээр нь урлагийн олон найзтай болсон. “Харц булаам” дуу бол өөрөө их нандин, хүний сэтгэлийг хөглөж чаддаг дуу. Анх энэ дуугаа дуулахаар хоолой бичлэгтээ орж байхдаа эхнэртэйгээ танилцаад удаагүй байсан. Тухайн үед эхнэрийнхээ нүд рүү хараад дуулж байсан. Дотортой дуулах гэж ярьдаг шүү дээ. Тухайн үед тэр мэдрэмж нь надаас гарсан юм болов уу гэж боддог.

-“Харц булаам” дууг анх дуулсан. Олонд хүргэсэн түүх нь маш сайхан юм. Харин тухайн дуутай хэрхэн танилцав?

-Анх манай найз энэ дууг санал болгож байсан. Энэ дуу анх 1960-аад оны эхээр зохиогдож байсан дуу юм билээ. Би чөлөө заваараа гитар тоглох дуртай. 2012 онд анх энэ дууг гитартай дуулж байсан. Би сургуулийнхаа оюутны байранд амьдардаг байсан. Цаг зав гарвал оюутныхаа байрны гадаа гитараа бариад л энэ дуугаа дуулдаг. Тэр хавийн оюутнууд дургүйцэхгүй гарч ирээд хамт дуулна. Энэ дууг дуулахаар яагаад ч юм эмэгтэй хүний сэтгэлд илүү хүрээд байх шиг санагддаг.

-Эмч нар маш хариуцлагатай цаг завгүй ажилладаг хүмүүс шүү дээ. Ажлынхаа хажуугаар уран бүтээлдээ хэр их цаг зарж байна даа?

Дуучин Чулуунчимэг найзынхаа тоглолтод оролцож 21 аймгаар тойрч ая дуугаа өргөж байсан. Тэр үед “Харц булаам” дуугаа дуулахад үзэгчдийн  бараг 50 хувь нь утсаа гаргаж ирээд бичлэг хийсэн. Тэндээс юу бодсон бэ гэхээр уран бүтээлээ чанартай, сайн хийх хэрэгтэй юм байна, мөн өөрийгөө нээж, хүмүүст таниулах хэрэгтэй юм байна гэж бодсон. Учир нь миний дуу хүмүүст хүрч чадсан хэдий ч намайг хүмүүс танихгүй байсан. Энэ нь магадгүй миний мэргэжилтэй холбоотой байх. Эмч хүмүүс үргэлж шинийг сурч мэдэхийн төлөө цаг наргүй ажилладаг хүмүүс. Өөр мэргэжилтэй дуучин хүмүүсийг ажиглаад байхад үндсэн мэргэжлээ орхиод уран бүтээл рүүгээ анхаарсан байдаг. Харин би аль алийг нь орхихгүй байхыг хичээж байна. Би эмчийнхээ мэргэжилд маш их хайртай. Энэ бол маш сайхан мэргэжил учраас мэргэжлээ орхихгүй. Дуугаа ч гэсэн ажлынхаа цаг заваар орхилгүй дуулаад явна гэсэн бодолтой байна.

-Анагаахын салбарын сүлд дууг таниар дуулуулж олон мэргэжил нэгт хүмүүсийн талархлыг хүлээж байсан гэж сонссон?

-“Алтан гагнуур” гэдэг анагаахын сургуулийн нэрэмжит 10 жилд нэг удаа уулздаг ойн баярын арга хэмжээ болдог. Үүний сүлд дуу болох “Эвийн Алтан Гагнуур” нэртэй дууг дуулсан.

-Тун удахгүй анхны бие даасан тоглолтоо хийх гэж байна. Тоглолтын бэлтгэл ажил ямар шатандаа явж байна вэ?

-Тоглолт маань 2019.03.28-нд “Монгол бөхийн өргөө”-нд болно. Одоо бэлтгэл ажил 50 гаруй хувьтай явж байна. Тоглолтондоо зориулаад хоёр шинэ уран бүтээл гаргасан. Мөн эмч нарийн баярт зориулан хийх гэж байгаа учраас эрүүл мэндийн салбарынхан  маань их хүлээж байгаа гэсэн.

-Бие даасан анхны тоглолтоо хүргэх гэж байгаа учраас маш их хүлээлт догдлолтой, их завгүй байгаа болов уу?

-Олон арга хэмжээнд оролцож, олон тайзан дээр гарч байсан ч энэ бол өөрийгөө харуулах мөч учраас маш их сандарч байна. Гэхдээ үзэгч олондоо чанартай сайн уран бүтээл хүргэхийн тулд хичээж ажиллах болно. Тоглолтын бэлтгэл ажил гээд цаг завгүй л ажиллаж байна.

-Мэдээж хэрэг тоглолтод тань таны найз нөхөд уран бүтээлчид урилгаар оролцож ая дуугаа өргөх байх. Ямар уран бүтээлчид оролцох вэ?

-Тэгэлгүй яахав. Тоглолтод маань поп опера Увертура хамтлаг, МУСТА Д.Отгонжаргал, МУСТА Э.Чулуунчимэг, Жонон хамтлаг гэсэн энэ цагийн шилдэг уран бүтээлчид оролцоно.

-Тоглолтын тасалбар хаагуур худалдаалагдаж байгаа вэ?

-2019.03.28-нд “Монгол бөхийн өргөө”-нд тоглох “Харц булаам” тоглолтын маань тасалбар Бөхийн өргөөний кассаар болон 1900-1950 үнэгүй хүргэж байгаа. Дашрамд дуулгахад тоглолтын үеэр хэд хэдэн азтай үзэгчийг шалгаруулахаар төлөвлөсөн байгаа.

-Анхны бие даасан тоглолтоо толилуулахаар зэхэж буй их ажлынхаа хажуугаар цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Тоглолтонд нь амжилт хүсье.

-Баярлалаа. Та бүхэнд ажлын амжилт хүсье.

Ардчилал.мн

Б.Бадралмаа

 

 

 

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.