Ө.ЭНХТҮВШИН: ТА БҮХНИЙ ХИЙСЭН ГАВЬЯАГ МОНГОЛЫН ТӨР МЭДЭЖ БАЙГАА


"Эко Алтан Заамар" ХХК-ийн уурхайд гарсан ослын талбайд ажилласан Онцгой байдлын алба хаагчдыг Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр/2019.03.13/ Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд ОБЕГ-ын дарга Ууганбаяр ослын нөхцөл байдалд биечлэн оролцсон аврагчид, алба хаагчдыг танилцуулж, тухайн нөхцөл байдлын дүн мэдээг шадар сайдад илтгэсэн юм.

Тэрээр: “Өнөөдрийн уулзалтад “Эко Алтан Заамар” ХХК-ийн ажлын талбарт гарсан ослын үед ажилласан нийт бие бүрэлдэхүүн  болох “Үндэсний Аврагч Бригад”-ын аврагчид, “Уул уурхайн аврагч анги”-ийн аврагчид хүрэлцэн ирлээ. Ослын голомтод нийт 36 алба хаагч ажилласан. Үүнээс “Үндэсний аврах бригад”-аас 5 хүн “Өгий” нуурт зохион байгуулагдаж буй усны сургалтад оролцож байна. Мөн “Оюу толгой” ХХК-д далд уурхайн усны сургалт зохион байгуулагдаж байгаа. Үүнд тодорхой тооны алба хаагчид явсан. Өнөөдрийн уулзалтад ослын голомтод ажилласан 18 алба хаагч ирсэн байна.

Ослын ажиллагаа ес хоногийн хугацаанд үргэлжиллээ. Хамгийн сүүлийн осолдогчийг өнгөрсөн бямба гарагийн 8:50 минутад олж, эрлийн ажиллагааг зогсоосон. Мөн Монгол улсын Засгийн Газар болон Шадар сайдын өгсөн үүргийн дагуу ослын үеэр аюулгүй байдлыг сахин биелүүлж, ослын голомтод ажилласан алба хаагчид ямар нэгэн  эрсдэлгүй ажиллагаагаа дуусгалаа” гэсэн юм.

Шадар сайд Ө.Энхтүвшин уулзалтын үеэр нийт алба хаагчдад баяр хүргэж үг хэлсэн юм. 

Тэрээр “Та бүхэн өргөсөн тангарагтаа үнэн ч сайн ажиллаа. Онцгой байдлын алба хаагчид хэрхэн ажиллах ёстойг үлгэр жишээ болгон харууллаа. Манай аврагчид маш сайн ажиллаж байгаа. Та бүхэн бол хамгийн хүнд нөхцөлд, хамгийн түрүүнд явдаг гавьяатай хүмүүс. Иймд энэ байгууллагын нэр хүнд олон түмний дунд өндрөөр үнэлэгдэж байна. Энэ нэр алдраа өндөрт өргөж яваарай. Төв аймгийн Заамар суманд хоёрдугаар сарын 28-нд болсон энэ ослын газар дээр очиж танилцахад маш амаргүй, эрсдэлтэй нөхцөл байдалтай байсан.  Ийм үүргээ сайн биелүүлж буй та бүхнийг шагнуулах саналыг ерөнхийлөгчид хүргүүллээ. Үүнийг Ерөнхийлөгч дэмжсэн. Тодорхойлох алба хаагчдын нэрийг өгсний дараа би тодорхойлолтыг Ерөнхийлөгчид өргөн барина.

Мөн энэ үеэр анхаарвал зохиох хэд хэдэн асуудал харагдсан. Юуны түрүүнд хувцас хэрэглэлийг сайжруулах, шинэ техник, машин тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Хувцас хэрэглэлийг нэмэгдүүлэх төсөл орж ирсэн. Хэрэв нэмэгдүүлэх, сайжруулах шаардлагатай бол төслөө нэмж оруулж болно. Та бүхний хийсэн гавьяаг Монголын төр мэдэж байгаа учраас бүх талаараа дэмжин ажиллах болно” гэлээ.

Харин Онцгой байдлын алба хаагчид

“Онцгой байдлын албанд үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчдын багаж хэрэгсэл дутмаг байдаг учраас цаг алддаг. Шумбалт хийлээ гэхэд нэг хувцсанд дугаарлах хэрэг гардаг. Тиймээс хувцас хэрэглэлийг сайжруулж өгвөл үүрэг гүйцэтгэх байдал сайжирна. Жишээ нь, Архангай аймгийн Өгий нуурт 20 албан хаагч гүний шумбалтын бэлтгэл хийхээр 4 усны хувцасны ком авч явсан. 20 албан хаагч 4 хувцсыг дундаа хэрэглэнэ гэсэн үг. Хэрэв энэ хооронд онцгой нөхцөл байдал үүсвэл хувцас хэрэгслийн дутагдал үүснэ” гэсэн санал хэлсэн юм.

Уг саналыг шадар сайд дэмжин Засгийн Газрын хуралдаанаар оруулж, шийдвэрлэж өгнө гэсэн хариуг өгсөн юм.  

Б.Бадралмаа

Ардчилал.мн

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.