“ЭРДЭНЭТ”-ИЙН 49 ХУВИЙГ МЭДЭЭГҮЙ ГЭЖ МЭЛЗЭГЧ


Монголчуудын ганц саалийн үнээ гэгдэх “Эрдэнэт” үйлдвэрийг тойрсон луйвар, наймаа, шүүхийн маргаан тасрахгүй нь. Ялангуяа сүүлийн үед У.Хүрэлсүхийн Засгийн газар тус үйлдвэрийн 49 хувийг Монголчуудаасаа, дотоодын компаниасаа булааж авах гэж хамаг л аргаа хэрэглэж байна.

Хамгийн сүүлд л гэхэд Л.Оюун-Эрдэнэ сайдын мэдэгдлийн дараагаар “Монголын Зэс Корпорац”-ийн удирдлагуудыг ганц, хоёр хоног саатуулаад суллалаа. Энэ нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өнөөх тусгай ажиллагааны хоёр дахь үзэгдэл юм.

Түүнээс хойш Монголдоо ирсэн “Эрдэнэт”-ийн 49 хувийг бараг амтай болгон л ярьж байна. Тухайн үед байсан эрх мэдэлтнүүд хүртэл ингэх байсан, тэгэх байсан. Би ч мэдээгүй, надад дуулгаагүй шийдвэрлэчихсэн гэцгээх болжээ.

Саяхны нэг өдөр 49 хувийн талаар тухайн үеийн УИХ-ын дарга байсан, одоогийн Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга З.Энхболд инээдтэй тайлбар хэлжээ.

Тэрбээр "Эрдэнэт"-ийн ямар нэг асуудалд миний оролцоо байхгүй. Цаг хугацаа байхгүй гэдэг шалтгаанаар сонгуулийн өмнөх өдөр "Эрдэнэт"-ийн 49 хувийг шийдсэн. Би УИХ-ын дарга байсан. Гэтэл надад мэдэгдээгүй. Би 49 хувийг хувийн компани авч болно. Гэхдээ УИХ-аар оруулаад УИХ-ын гишүүдийн олонх нь зөвшөөрвөл өгч болно гэдэг байр суурьтай байсан. Гэтэл “цаг хугацаа байхгүй байсан” гэдэг шалтгаанаар Ч.Сайханбилэг эрх мэдлээ хэтрүүлээд өгсөн.

Тухайн үеийн төр барьж байсан одоогийн манай гурван даргатай адилхан, тухайн үеийн УИХ-ын даргад, тухайн үеийн АН-ын даргад огт мэдэгдэлгүйгээр нуугаад, сонгуулиас нэг хоногийн өмнө өгчихсөнийг би олон улсын сэтгүүлээс олж үзээд, “Ч.Сайханбилэг ээ, чи наадахаа тайлбарла” гэж байсан. Тиймээс "Эрдэнэт"-тэй холбоотой ямар нэг асуудалд миний ямар нэгэн оролцоо байхгүй. Хэрэв тэр компанийг мэддэг байсан бол Засгийн газрын үүрэг. Харин хувиа зарахад “Ростех” гэдэг компанийн оронд ХХБ орох гэж байгаа бол УИХ-аар оруулдаг, ийм л хуультай” гэж хэнэггүй хэлжээ.

Харин энэ даваа гаригт УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга, тухайн үеийн Аж үйлдвэрийн сайд асан Д.Эрдэнэбат хийсэн мэдэгдлийнхээ үеэр “Олонхын шийдлээр нууцаар хэлэлцсэн. Ер нь бол төрийн гурван өндөрлөг гурвуулаа “Эрдэнэт” үйлдвэрийн хувьчлалын асуудлыг огт мэдээгүй гэдэгт би итгэхгүй байна. Би үүнийг худлаа гэж бодож байна. Ганц Ерөнхий сайд нь мэдээд яагаад УИХ-ын дарга, Ерөнхийлөгч хоёр нь мэдэхгүй байдаг юм бэ, би бол итгэхгүй. Би зарчим, бодлого хоёр дээр байдаг хүн. Энэ гурван хүн мэдэж байж энэ асуудлыг оруулж ирсэн гэдэгт би бат итгэлтэй байна” гэж тодотгожээ.

Гэсэн ч тухайн үеийн УИХ-ын дарга асан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд энэ талаар мэдээгүй гэж мэлзсээр байгаа билээ. Уг нь УИХ-ын дарга, тэр дундаа ҮАБЗ-ийн гишүүн ийм мэдээллийг мэдээгүй байх учиргүй баймаарсан. Гэтэл “мэлзээ” З.Энхболд мэдээгүй л байгаа юм даа.

Ийнхүү өнөө “Н.Энхбаярыг баривчлахыг би мэдээгүй, манайх зурагтгүй” гэж Ц.Нямдорж сайд булзсан шиг, энэ удаад “Эрдэнэт”-ийн 49 хувийг Монголчууд авсныг “Би мэдээгүй” гэж З.Энхболд мэлзлээ. Мэдээгүй гэж мэлзэх нь түүний арьсаа хамгаалах арга нь юм байхдаа зайлуул.

А.ТАМИР

АРДЧИЛАЛ.МН

 

 

 

 

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.