ТӨРИЙН ДЭЭД ЦОЛ, ОДОН, МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА


 Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жил, Монголын уламжлалт сар шинийн баяр Цагаан сарын баярыг тохиолдуулан Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, боловсрол, соёл урлаг, спорт, эрүүл мэнд, шинжлэх ухаан, эрчим хүч, мал аж ахуй, төрийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүст Монгол Улсын Төрийн дээд цол, одон медаль хүртээв.

Шагнал гардуулах үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга, "Уламжлал ёсоор сар шинийн баярын босгон дээр амжилт гаргаж, манлайлсан иргэддээ Монгол Улсын төрийн цол одон гардуулдаг уламжлалтай. Энэ дагуу та бүхэнд Төрийн дээд цол, одон, медаль гардууллаа. Хөдөө аж ахуйн их сургуулийн багш Л.Сосорбарамыг Монгол Улсын Ардын багш цолоор шагнаж байна. Л.Сосорбарам гуайг Монгол Улсын арслан гэдгээр нь бүгд мэддэг. Харин Монголын анхны иргэний хамгааллын багш нарын нэг бөгөөд 1963 оноос хойш 50 гаруй жил тасралтгүй багшилж ард иргэдийг аюулаас амь нас, өмч хөрөнгө, мал сүрэг, газар нутгаа хамгаалах, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр мэргэжлийн хүмүүсийг сургаж ирсэн гэдгийг иргэд төдийлэн мэддэгүй байх. Үүнийг нь төр үнэлж Монгол Улсын ардын багш цолоор шагнаж байгаа юм..

Дорноговь аймгийн харьяат Д.Бат-Өлзийг Монгол Улсын гавьяат малчин цолоор шагналаа. Монголын эдийн засаг төдийгүй үндэсний соёл, уламжлалын үндэс болсон мал аж ахуйн салбарт 1975 оноос хойш үр бүтээлтэй ажиллаж ирсэн мянга мянган малчдын төлөөлөл юм. Дөрөвдүгээр Дулааны Цахилгаан станцын дулааны турбины машинч Ч.Энхтуяа 1983 оноос хойш одоог хүртэл технологийн инноваци, үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааг хангах чиглэлээр үр бүтээлтэй ажилласныг үнэлэн Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор шагнаж байна.

Өвөрхангай аймгийн багш Шоовдорын Сүхбат 1961 оноос хойш боловсролын салбарт тасралтгүй ажиллан, Өвөрхангай аймгийн төдийгүй, улсын химийн багш, оюутан сурагчдын  сургалтын шинэлэг оновчтой арга барилыг тусгасан олон сурах бичиг, гарын авлага боловсруулж, санаачлан нэвтрүүлэх зэрэг үр бүтээлтэй, манлайлалтай ажиллаж ирснийг үнэлэн Монгол Улсын гавьяат багш цолоор шагнаж байна. Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор Санжаагийн Өлзийхүү г шагнасан Театрын болон дэлгэцийн урлагийн салбарт 1990-ээд оноос хойш үр бүтээлтэй ажиллаж, үзэгч олны сэтгэлд нийцсэн дүрүүдийг бүтээж, тайзны урлагт шинэчлэл, манлайлалтайгаар ажилласныг үнэлэн энэ хүндэт цолыг танд олгож байна. Өнөөдөр төрийн цол, одон медаль гардсан бүх манлайлагчдад нийт иргэдийнхээ өмнөөс дахин дахин баяр хүргэе" гэлээ.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Ардын багш цолоор Дээд боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, Үндэсний болон эх спортыг хөгжүүлэх үйлсэд оруулсан өндөр хувь нэмрийг үнэлж Үндэсний бөхийн Монгол Улсын Арслан, Монгол Улсын гавьяат багш, Монголын анхны нийгмийн хамгааллын багш нарын нэг Лувсанчимэдийн Сосорбарамд Ардын багш цол хүртээлээ.

 

Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор “Петрокоал” компанийн нүүрсний уурхайн зөвлөх инженер Мөөмүүгийн Тулга,

Дулааны IV цахилгаан станц ТӨХК-ийн турбин цехийн турбины  машинч Чинбатын Энхтуяа нарыг шагналаа.

Гавьяат багш цолоор Анагаах ухааны Энэрэл дээд сургуулийн захирал Дэнчингийн Дорж,

Боловсрол, соёл шинжлэх ухааны яамны ахмад ажилтан Дашзэвэгийн Нонна,

Аварга дээд сургуулийн тэргүүн дэд захирал Галсан-Ёндонгийн Сүхбат,

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн ахмад багш Шоовдорын Сүхбат нарыг шагналаа.

Монгол Улсын гавьяат барилгачин цолоор Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн III хорооны ахмад настан, Ахмад барилгачин Бүкейгийн Мадетыг шагнав.

 

Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор “Өнгөт инээд” продакшны захирал Санжаагийн Өлзийхүүг шагнав.

Гавьяат малчин цолоор Дорноговь аймгийн Эрдэнэ сумын малчин Дашдэлэгийн Бат-Өлзийг,

Монгол Улсын тод манлай уяач, малчин Эрдэнэбатын Эрдэнэчулуун нарыг шагналаа.

Гавьяат уурхайчин цолоор Дулааны IV цахилгаан станц ТӨХК-ийн Түлш дамжуулах цехийн тооцооны техникч Сэндэнгийн Батжаргалыг шагнав.

Гавьяат эдийн засагч цолоор Хэнтий аймгийн Хэрлэн сумын ахмад настан, Эдийн засагч Балаагийн Даваадоржийг шагнав.

Хүний гавьяат эмч цолоор Өвөрхангай аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн их эмч Довчингийн Наваан,

Эмгэг судлалын үндэсний төвийн зөвлөх эмч Шархүүгийн Энхтуяа нарыг шагналаа.

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн цолоор Дэлхийн эсгий туургатны язгуур өв соёл, ёс заншил төвийн тэргүүн Эрдэнэцогтын Баатаржав,

Цагдаагийн “Сүлд” чуулгын дарга Лэгдэнсүрэнгийн Гаваасүрэн,

Ахмад гэрэл зурагчин Жаалхүүгийн Даваасамбуу нарыг шагнав.

Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор Дундговь аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театрын дарга, уран сайхны удирдагч Дэлгэрийн Доржсүрэнг шагналаа.

Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор Нийтийн ахуй үйлчилгээний ахмад ажилтан Насанжаргалын Авирмэд,

Үндэсний аудитын газрын дотоод аудитор Пүрэвжавын Гансүх,

Нийслэлийн Цагдаагийн газрын ахмад ажилтан Нямын Лодой нарыг шагнав.

Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор “Мөнхийн Тун” компанийн ерөнхий захирал Цэвэгжамцын Алтанцэцэг,

Хөвсгөл аймгийн Шинэ-Индэр сумын Сум дундын эмнэлгийн ахмад ажилтан, эх баригч Жамсрангийн Маам,

Говь-Алтай аймгийн Нандин талим нүдний эмнэлгийн сувилагч Галбадрахын Уртнасан нарыг шагнав.

Байгаль орчны гавьяат ажилтан цолоор Ус, цаг уурын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Гэндэнгийн Намхайжанцанг шагналаа.

Мөн боловсрол, соёл урлаг, спорт, эрүүл мэнд, шинжлэх ухаан, эрчим хүч, мал аж ахуй болон төрийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж Монгол Улсын төрийн дээд одон медалиар шагнагдсан эрхмүүдийн төлөөлөл Төрийн ордонд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас шагналаа гардаж авсан юм.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Нийслэлийн Чингэлтэй дүүргийн I хорооны өндөр настан Дэндэвийн Янжин,

Алтангадас одонгоор “Eagle” телевизийн гадаад мэдээний тоймч Гомбожавын Ганбаяр,

Нийслэлийн Баянзүрх дүүргийн XVIII хорооны өндөр настан Ишийн Дамдин,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн VII хорооны өндөр настан Гомбожавын Жигжидсүрэн,

Нийслэлийн Хан-Уул дүүргийн II хорооны өндөр настан Цоодолын Ноовт,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн III хорооны өндөр настан Рэнбатын Хандсүрэн,

“Пирамид орд” ХХК-ийн хангамжийн нярав Жамбалдоржийн Энхбаярыг тус тус шагналаа.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.