Үзэгчидээ мэлмэртэл бүжиглэдэг Хас Одон


("Монгол түмний бахархалт эмэгтэйчүүд" номонд орж буй цуврал хөрөг-4)

Бодит ба дуурайх урлаг байхын зэрэгцээ “Эс дуурайх урлаг” гэж байдаг. Бидний мэдлэгийн хүрээ зөвхөн реализмын хүрээнд эргэлдэж, сэтгэлгээний нэг талыг шүтэн биширч ирсэн нь эцэстээ бодол сэтгэлээ боомилуулах мухардмал байдалд хүргэсэн билээ. Гэхдээ энэ байдлаас ангижрахын тулд зарим уран бүтээлч хүмүүсийн тэр бүр төсөөлөөд байдаггүй сэтгэлгээний шинэ эрин үеийг нээх нь бий. Тэр хүмүүсийн нэг нь Ордос нутгийн Үүшин хошуунаас гаралтай алдарт бүжигчин Хас-Одон бөгөөд түүнтэй би бээр Хөх хотод уулзсан юм.

Өвөр Монголын WeChat-аар урсан буй түүний бичлэгийг сонирхвоос Монгол ардын бүжгэнд сэтгэлгээний шинэ хэв маяг оруулсан байх бөгөөд ухаандаа модерн бүжгийн зарим элемент ажиглагдана. Ингэхэд модерн бүжиг нь балет урлагийн эсрэгцэл болж гарч иржээ. Балетийн урлагт хатуу дэг журам, шатлан захирах ёс жаяг тогтсон байдаг бол модерн бүжиг хувийн онцлог шинж дээр суурилсан өөрийн гэсэн философитой. Бүжигчин бүсгүй Хас-Одонгийн чадал чансаа чухам энд л оршино. Учир нь тэр зөвхөн бүжигчин биш, өөрөө бүжгээ дэглэн найруулдаг гоц авъяастай. Үүгээрээ тэр Өвөр Монголд төдийгүй Дундад улсад алдартай. Аль ч талаараа “Нэгдүгээр дэс” л гэж ярина. Энэ нь манайхаар бол Ардын жүжигчин цолтонтой дүйж очино. Ямар ямар “дэс”-ийг хэдэн насандаа хүртэв гэдгийг товчоолбоос:

14 насандаа Өвөр Монголын бүх аймгийн нэгдүгээр дэсийн шагнал хүртэж, 16 насандаа Өөртөө засах орны нэгдүгээр дэсийн бүжигчин болжээ. Чингээд 22 насандаа Дундад улсын нэгдүгээр дэсийн бүжигчин болж, арван жилийн дараа буюу 32 насандаа Дундад улсын нэгдүгээр дэсийн бүжиг дэглээч болсон байна.

Тэрбум гаруй хүн амтай Хятад хэмээх аварга түм гүрэнд цэл залуугаараа ингэж алдарших нь хэн хүний хийгээд байдаг ажил ч биш, хүрээд байдаг оргил ч биш, хүсээд биелэх мөрөөдөл ч биш. Эдүгээ 42 настай энэ бүсгүй уран хэмнэлт бүжгийн тайзнаа утга төгөлдөр гялалзсаар л явна. Ингэж тэр гучаадхан насандаа Бүх Хятадын хамгийн дээд цолуудыг хүртэж, цэл залуугаараа алдрын өндөрлөгт гарчихжээ. Чухамдаа энэ авъяаслаг бүсгүйн гялалзсан амжилтуудыг даваж гарах хүн Өвөр Монголд сүүлийн хорин жилдээ гарч ирээгүй гэж бодохоор “Нэгэн цагийг эзэгнэнэ” гээч нь байх аа. Энэ бол төрөлхийн, бас удмын авъяас болой. Хас-Одонгийн аав нь “Улаан мөчир” хамтлагт хөгжимчин байсан төдийгүй ээж нь сайхан дуулдаг, эгч Хасцэцэг нь Өвөр Монголын нэрт бүжигчин, бүжиг дэглээч, эднийх үндсэндээ урлагийн гэр бүл юмсанжээ. Төрөлхийн бүжиглэх авъяастай Хас-Одон 1988 онд 12 настайдаа Ордосын урлагийн сургуульд орж суралцан, үүнийгээ төгсөөд Өвөр Монголын дуу бүжгийн бүлгэмд шалгарч орсон байна. Бүлгэмдээ хамгийн бяцхан нь бөгөөд авъяаслаг өхөөрдөм жаахан охиныг багш нар нь магтаж, түүнд зориулан бүжиг дэглэж, охин ч өөрийн гэсэн гоцлол бүжигтэй болоод авчээ. 13 насандаа багшийнхаа дэглэсэн гоцлол бүжгээр Өвөр Монголын бүжгийн уралдаанд оролцож хоёрдугаар дэсийн шагнал авч байсан нь 14 насандаа бүх аймгийн нэгдүгээр дэсийн шагнал хүртэхийн сайхан угтал байлаа. 1998 онд олныг бишрүүлэн бахархуулж байсан “Сүүний үнэр анхилам” бүжгийг нь төрсөн эгч Хашцэцэг нь дэглэсэн байна. Энэ хатагтай бүжиг дэглэж, өөрөө бүжгийн хувцасны загвар гарган оёж урлахын хажуугаар хайртай дүү Хас-Одонгоо “Өнөөдөр юу хийв, ямар чармайлттай, ямархан ахиц дэвшилттэй явна вэ" гээд өдөр болгон санаа талбиж явсан нь эгч дүүсийн халуун ургийн нандин холбоос, халамжит сэтгэлийн өгөөмөр ачлал байлаа.

Хас-Одон анх Хөх хотод ганцаараа ирчихээд таних, туслах хүнгүй, шантарч зутрах үе байсан ч бүжгийн урлагт хамаг сэтгэлээ зориулж, элдэв бэрхшээлийг даван туулж гарснаар урлагийн ертөнцөд од болон гялалазах үүд хаалга нь нээгджээ. Тэрбээр 1992 онд Хөх хотын дуу бүжгийн бүлгэмд орсноосоо эхлээд улам ихийг сурах эрмүүн хүсэл зорилго тээсээр 1996 онд Бээжинд ирж, Дундад улсын үндэсний их сургуульд элсэн оржээ. Хөх хотын дуу бүжгийн бүлгэмийн гоцлол бүжигчин байсан тул Бээжин дахь сургуулиа төгсөөд Хөх хотын сургуульдаа заавал буцаж ирэх ёстой, хэрвээ буцаж ирэхгүй бол зургаан түмэн зоос хувиасаа төлнө гэсэн болзолтой байсан ч Хас-Одон өөртөө “Би үүний төлөө биш ээ. Бээжинд сайн сайн бүжигчид арвин их байна. Надад сурах юм их бий. Монгол бүжгийг шинэчлэх боломж байна уу, үгүй юу. Байвал шамдан суралцаж өөрийн зорьсондоо хүрье” гэсэн эрхэм зорилго тавьжээ.

Хожим тэрбээр Өвөр Монголын Үндэсний урлагийн хүрээлэн байгуулагдахад Дуу, бүжгийн мэргэжил хариуцсан захирлаар томилогдож, Өвөр Монгол болоод Ар Монголын соёл урлагийн хамтын ажиллагааг хөгжүүлэх их үйлст хүчин зүтгэж эхэлсэн бөгөөд Дундад улсад Хятад-Монголын экспо үзэсгэлэн хоёр ч удаа явагдахад Орос, Монгол, Буриад, Тува, Халимаг улсын бүжиг наадмыг гардан зохион байгуулжээ. Үүнд Ар Монголоос 100 орчим бүжигчин, мэргэжлийн багш нар оролцсон байна. 2019 оны 8-р сард урд хөршид Хятад-Монголын гурав дахь удаагийн экспо уламжлал ёсоороо зохион байгуулагдах бөгөөд үүнд Хас-Одонгийн хүч, нөлөө үлэмж их байгаа нь тодорхой. Үүнээс гадна бий биелгээний нэг сайхан бүжиг найруулж Дундад улсын 11-р удаагийн их наадамд оролцсон төдийгүй энэхүү биелгээг Монгол, Орос, Хятад улс хамтарч хийхэд ерөнхий найруулагчаар ажиллажээ.

Бий биелгээ нь монголчуудын баяр жаргал, амьдрал тэмцэл, ахуй байдал, ёс заншлын илэрхийлэл болж, өнө эртнээс өнөөг хүртэл үе залган уламжилж ирсэн үндэсний уламжлалт бүжгийн ховор төрөл бөгөөд энэхүү урлагийг гагцхүү нүүдэлчид бүтээж, хэзээ, хэн ч давтаж чадаагүйгээрээ ардын сонгомол урлагийн нэгэн төрөл болсон юм. Үүнийг Хятад, Орос хоёрт хамаатуулж найруулсан нь бас л нэгэн дэвшил.

Хас-Одон сүүлийн жилүүдэд Ар, Өвөр Монголын бүжгийн урлагийг харьцуулан судалж, Улаанбаатараас бүжигчид урьж, уралдаан тэмцээн зохион байгуулж, хоёр улсын үндэсний бүжгийг хөгжүүлж дэлгэрүүлэхэд ихээхэн хүчин чармайлт гаргахын сацуу сүүлийн 20 жилд Өвөр Монголын цагаан сарын цэнгүүнд монгол гоцлол бүжгийг шигтгээ болгон авч яваа ганц хүн нь юмсанж. Түүнийг анх нэрд гаргаж, Олон улсын урлагийн тайзнаас арвин их шагнал хүртээсэн “шедевр” бүтээл нь “Сүүний үнэр анхилам” хэмээх гоцлол бүжиг нь ажээ. Мөн өөрийн дэглэсэн “Наминчлал”, “Тэнгэрийн хаяа”, “Бөхийн магтаал” зэрэг бүжиг нь Дундад улсад ихэд алдаршжээ. Зөвхөн өөрт нь зориулж бүжиг зохион дэглэж, бүхий л эрдэм чадлаа заан сургаж байсан Цагаанчулуун, Бадмаа зэрэг багш нараараа Хас-Одон ихэд бахархаж, харин өнөө цагийн олон арван шавь нар нь Хас-Одон багшаараа бахархаж явдаг нь эрт ба эдүгээг холбон шүтэлцүүлэгч уламжлал ба шинэчлэлийн тод гялбаа юм.

Бүжигчин Хас-Одон өөрийн улсын болоод Олон улсын тайзнаас нийтдээ жар гаруй шагнал хүртжээ. Заримаас нь дурдваас: 
Буриад улсад зохион байгуулсан Олон улсын уралдаанаас шилдгийн шилдэг бүжиг дэглээч, Хонконгт болсон Олон улсын наадмаас нэгдүгээр дэсийн тоглогч, 1998 онд Дундад улсын “Лянхуа цэцэг” бүжгийн уралдаанаас “Сүүний үнэр анхилам” гоцлол бүжгээрээ хоёрдугаар дэсийн шагнал, мөн энэ уралдаанд өөрийн дэглэсэн “Наминчлал” бүжгээрээ алтан медаль хүртжээ. “Лянхуа цэцэг” уралдаан нь Дундад улсын бүжгийн наадмын хамгийн дээд түвшний уралдаан юмсанж. Харин гурав дахь удаагийн “Лянхуа цэцэг” уралдаанд Хас-Одон Монгол үндэстнээ төлөөлж Олон улсын нэр хүндтэй шүүгч нартай мөр зэрэгцэн энэ том уралдааныг шүүсэн нь түүний авъяас чадал, нэр төр өндрөөс өндөрт өнгөжин гялалзсаны баталгаа байлаа.

Энд нэг зүйлийг онцлон сонирхуулахад Хас-Одонгийн зарим бүжгийг хүмүүс үзээд уйлж байсан гэсэн яриа Өвөр Монголд байдаг юм байна. Эмгэнэлт жүжиг юмуу кино үзээд хүмүүс уйлдаг, бас сайхан дуу сонсоод уярч хайлдаг. Харин бүжиг бүжихийг үзээд хүн уйлж байсан гэж өмнө нь хэзээ ч сонсож байсангүй. Тэгээд ч бүжиг үзээд уйлна гэхээр ер санаанд буухгүй байгаа юм. Энэ тухай Хас-Одонгоос сонирхон асуухад “Миний зарим бүжгийн дэглэлт, сэдэв санаанаас болдог байх. Би бүжгийнхээ утга, агуулгыг сэтгэлээсээ илтгэж гаргахыг хичээдэг. Ингэж хүний сэтгэлийг хөглөх утга санааг гаргах явцдаа өөрөө бас уяраад уйлах үе ч байдаг. Үзэгчид миний хөдөлгөөн, царайны байдлыг хараад уярдаг, бас уйлдаг” гэж товчхон хариулсан юм. Үүнээс илүү хэрхэн хариулах билээ. Харин бичгийн хүмүүс л үүнийг нарийн гаргаж тайлах ёстой байх. Даанч би чадашгүй нь...

Ардын урлаг дээр үндэслэсэн орчин цагийн бүжгийн урлаг хүмүүст хязгааргүй эрх чөлөөг олгож байна. Өөрийгөө мэдэрч чадвал огторгуйд аялж, үүлс хөлөглөж, далайн гүнд шумбана. Загас, мэлхий, шоргоолжны амьдралаар амьдарч, ургамал, чулуу, угалз хээ болж хувирна. Зэвсэг барин тэмцэлдэхийг бүжгээр үзүүлж болдог бол цэцэг барин золголдохыг мөн л бүжгээр үзүүлж болно. Хас-Одон нэгэн бүжигтээ хэзээ мөдгүй төрөх болсон тулгар эхийн дүрийг бүтээжээ. Өвлийн хүйтэн цасан дээр жирэмсэн эмэгтэй гэдсээ илэн алгуур урагшлан бүжих бөгөөд хажуу талаар нь үй олон “цөөвөр чоно” мэт хүмүүс гартаа бамбар бариад доош тонгойн бүжих нь тун ч сонирхууштай. Гэхдээ жирэмсэн эмэгтэйн царайд инээмсэглэл тодорч байсан болохоор энэ мөнөөх уйлуулдаг бүжиг нь биш байх. Орчин үеийн бүжиг одоогийн түвшинд хүрэхийн тулд маш урт замыг туулжээ. Магадгүй Хас-Одон тэрхүү урт замыг олон арван жилээр наашлуулж чадсан болохоор Дундад улсын “Нэгдүгээр дэс”-ийг шүүрсэн байж таарах нь.

Эцэст нь тэмдэглэж хэлэхэд урлаг хүмүүст гоо зүй, гоо сайхан, сэтгэлгээний шинэ өнцөг, шинэ эрч хүч өгдөг. Хэн бүхнийг эзэмддэг урлаг хэмээх жирийн бус үзэгдэл, өвөрмөц ид шидийг зөвхөн онцгой чадвар л бий болгож чадах бөгөөд харамсалтай нь тэр онцгой чадвар цөөхөн хүнд заяагдсан байдаг. Үүнийг авъяас гэдэг юм. Ийм авъяасаар ааглан тоглож байгаа бүсгүй болбоос үзэгчидээ мэлмэртэл бүжиглэдэг Хас-Одон бөлгөө.

Б.ОЙДОВ

 
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.