ОДООГИЙН ЗАЛУУЧУУД БҮРЭН ТӨЛӨВШСӨН, ТУРШЛАГАЖСАН ҮЕДЭЭ ТӨРИЙН ХҮН БОЛОХ ГЭЖ ЗҮТГЭЭСЭЙ


МУСГЗ, доктор, профессор, зохиолч Л.Дашням

Одоо эрх барьж буй улс төрчдийг яг юу нь болохгүй байна?

Одоогийн төрийн түшээдийн танилцуулгыг үзэхэд мундаг боловсролтой хүмүүс гэж ойлгогдох атал хэлж буй үг, хийж буй үйлдлээс нь харахад түүнд үнэмшихэд хэцүү. Төрийн олон салбарын ажлын чиг, үүрэг, оролцоо мэдэгдэхээ больсон. Ажил үүрэг нь тодорхойгүй учраас хариуцлага тооцох ч  боломжгүй.

УИХ, төрийн дээд байгууллагын хувьд улс орныхоо хөгжлийн бодлогыг тодорхойлох учиртай. Тогтоож буй хууль уг нь бодлого тодорхойлж буй юм шүү дээ. Зөвхөн эрх зүйн орчин, үүрэг хариуцлагын асуудал биш. Гэтэл түшээ нар ажлаа хийхийн оронд гүйцэтгэх засаглал руу шүлэнхийтэн дайрцгааж байна. Тэнд л мөнгө байгааг тэд мэдэж байна.

Хууль хэлэлцэж байгааг нь харахад л бүх юм тодорхой байна. Хуулиа уншиж, ойлгоогүй хэрнээ янз бүрийн асуулт асуун, цаг үрж суух нь бий.

 "УИХ-д 7-8 жил ажилласан хүний асуумааргүй зүйлсийг бишгүй л асууж харагддаг. Тэр нь гишүүдийн ажлаа мэдэхгүй, мэдлэггүй, ямар ч хариуцлагагүй байгааг илтгэж байгаа юм."

 УИХ-ын гишүүн бол бодит байдалд дүн шинжилгээ хийж, бодлого тодорхойлогч. Гэтэл Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн замнал, өнөөгийн нөхцөл байдал, иргэдийн амьдрал ямар байдалтай байгааг тэд мэдэхгүй байна. Гурван жил дороо дэвхцэж, хий эргэсээр, сонгуулийн жил болохоор “хонхор, хонхортоо” ойр зуурын юм хийх том амлалтаар сонгогчидоо хуурч жүжиглэдэг зуршилтай болж дээ.

 Тэгвэл улиг болсон энэ  байдлыг яаж засаж залруулах вэ?

Нэг талаас, сонгуулийн өмнө сонгогч нарыг мэдээллээр сайтар хангах хэрэгтэй. Төрийн эрх мэдэл ард түмний гарт бий. Түүнийг хүн бүр л ярьдаг. Өнөөдөр сонгогчид хэнийг сонгох, хэн нь хэн бэ гэдгийг мэдэхгүй байна. Мэдэх ч боломж алга.

Миний бодлоор, УИХ-д нэр дэвшигчдийг сонгууль болохоос жилийн өмнө зарлаж, ард түмнээр хэлэлцүүлж болно. Иймэрхүү оролдлогууд гарч байгаа ч албан ёсны болгохгүй бол тийм санаачлага үр дүн муутай. Тэгээд ч тийм оролдлогод дуртай биш, хажуугаас нь саад хийх дуртай нь мэдэгддэг.

Нөгөө талаас, төрийн ажил хэрхэн явагдаж байгаад улс төрийн намууд дүгнэлт хийх хэрэгтэй. УИХ-д сонгогдсон гишүүдийн ажил л  дараагийн сонгуульд ямар амжилт олохыг харуулна шүү дээ. Одоо тэдний ажлыг хянадаг, дүгнэдэг “туршлага” байхгүй байна. Магадгүй тиймээс ч төрийн ажил явахгүй, улстөржсөн томилолт, талцал, туйлшрал нь эргээд  авлига гаарах шалтгаан болж байна.

Төрийн ажил ардчилсан зарчмаар бус хэдэн намын “бодлого” нэгтэй олигархиуд, бүлэглэлийн санаа бодлоор явж байна.

Үүнээс болж Монгол улс ардчилсан орон биш, тийм нэр зүүсэн улс болж хувирсан.

 Ер нь улс төрчид болон намын бүлгүүд "хэмжээгүй эрх” эдлэх болсны гайгаар иргэд бид л хохирч байна шүү дээ?

Тийм ээ. Нийгмийн эмзэг, ядуу давхарга улам нэмэгдэж байна. Төр хийж чадах, хийх ёстой ажлаа биш, хоосон амлалтаар “шоуддаг”, төлж чадах хэмжээ, хязгаараас хэтэрсэн зээл авч, ард түмэн, хойч үеэ өрөнд унагаж байна. Үүний үр дагаврыг иргэд  одоо ч амсаж л байна.  Уг нь улс төрч, төрийн түшээ гэдэг тийм ажил хийдэг, тийм хүмүүс байдаггүй л дээ.

Тэгвэл төрийн түшээ хүн ямар байх ёстой юм бэ?

Одоогийн улс төрчид ярьж л чадаж байна. Төрийн түшээ гэж хийх ажлаа мэддэг, тодорхой төвшинд бэлтгэгдсэн хүн байх учиртай. Одоо бол төрд төрийн ажлыг хийх биш өөр зорилготой хүмүүс олон болж. Хууль ч гууль болж  дээ.

 "Төрийн түшээ бол нийгэм, улс орны амьдралын төлөө нойр хоолгүй ажиллаж, өөрийн чадах  мэдэх бүхнийг түүнд зориулдаг хүн. "

ЭХ СУРВАЛЖ:  vip76.mn

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.