“МАНАН ДЭГЛЭМИЙН ЭСРЭГ МОНГОЛ ТҮМНИЙ ЖАГСААЛ” СУУЛТААР ҮРГЭЛЖЛЭНЭ


УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаа өгөхийг шаардаж буй “МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл" эсэргүүцлийн тайван жагсаал өнөөдөр 12:00 цагаас төв талбайд эхлэн үргэлжилж байна.

Тус жагсаалд 100 мянга гаруй иргэд хүрэлцэн ирж оролцоно гэж зохион байгуулагчдын зүгээс хэлж байлаа. Гэвч одоогоор яг хэдэн хүн жагсаалд оролцож байгаа нь тодорхойгүй байна. Ямартай ч өнгөрсөн 2018-12-27-нд болсон эсэргүүцлийн жагсаалаас илүү олон иргэд төв талбайдаа жагсахаар  хүрэлцэн иржээ.

Жагсаалын индэрт УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Ж.Батзандан, Л.Болд, Т.Аюурсайхан, Б.Энх-Амгалан, Х.Нямбаатар, Ардын уран зохиолч Т.Галсан мөн бусад иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллүүд байлаа.

Жагсаалыг нээж УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ үг хэлсэн юм. Улмаар гавьяат жүжигчин У.Далантай “Чингисийн цэргүүд халагдах болоогүй” дуугаар жагсаалд түрлэг нэмсэн. Түүний дараачаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан нарын бусад гишүүд үг хэлж, УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардлаа.

Тус жагсаалд орон нутгийн иргэд олноороо оролцож  байгаа нь ажиглагдлаа. Түүнчлэн МОХ-ноос тус жагсаалд нэгдэж оюутан, залуусыг нэгдсэн байдлаар оролцуулж байна.

Жагсаалын аюулгүй байдлыг Цагдаагийн байгууллагаас бүрэн хангаж ажиллаж байна. Ингэхдээ Цагдаагийн алба хаагчид хамгаалалтанд гарч, жагсаалд оролцохоор ирж буй иргэдийн биед метал эд зүйл бий эсэх, мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалган нэвтрүүлж байгаа юм.

Ийнхүү жагсаал үргэлжилж байна. Үдээс хойш УИХ-ын дарга М.Энхболд жагсагчдын төлөөллийг хүлээн авч уулзсан ч суудлаасаа огцрохгүй гэж хариу мэдэгдсэн байна. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч  Х.Баттулга жагсагчдын төлөөллийг хүлээн авч уулзан 16:30 цагаас Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийг хуралдуулахаа амлажээ.

Тиймээс тус жагсаалыг зохион байгуулагчдын зүгээс жагсаалаа үргэлжлүүлж төв талбай дээр 200 гэр барин суулт хийж эсэргүүцэхээр боллоо.

А.Төмөр

АРДЧИЛАЛ.МН

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.