ДАРГЫН ДАЛЛАГАТАЙ ДАРГА


Монголд дарга хийхгүй бол амьдарч чаддаггүй бүхэл бүтэн сүрэг байна. Тэд бүх цаг үед дарга хийж, даргаа, даргаа гэж дуудуулж явна. Ангийн даргаас эхлээд аймар том дарга болсон дарга нар манай улсаар МАН намаар дүүрэн байна. Үнэхээр даргын даллагатай  л эх орон юм.

Дарга бүх цаг үед даргаараа л явна. Нам нь ялагдсан ч дарга хэвээрээ л үлдэнэ. Ямар ч хамаагүй ТББ-ын дарга гэх албан тушаалаас доошилно гэж лав байхгүй. Доошилсон ч даргыг даргаа гэж л дуудна. Түүнчлэн дарга байх олон талын ашигтай. Ажилдаа эрт ирээд ажилчидаа загнаж болно. Оройтож ирээд загнасан ч болно. За тэгээд айлын хоймор, найрын ширээнээс дарга мөд огцрохгүй дээ. Дарга дээшээ, дарга дээшээ л гэнэ. Ийнхүү даргын тухай хүүрнэвэл олон цагыг барах тул даргын даллагатай даргынхаа тухай сийрүүлье.

Манай улсад ангийн даргаас улсынхаа дарга болсон олон дарга бий гэж дээр хэлсэн. Тэднийг бүх цаг үед дарга хийсэн амжилтаараа одоогийн УИХ-ын дарга Миеэгомбын Энхболд дарга тэргүүлдэг. Харин түүний араас олон дарга хөвөрнө. Энэ удаад М.Энхболд даргыгаа алгасаад түүний амжилтыг нэхэж яваа нэгэн даргыг танилцуулья.

Тэр дарга бол даргын суудлаас даанч мултарч үзээгүй Бэгзжавын Мөнхбаатар дарга юм. Оюутан ахуй цагаасаа л дарга хийсэн хүндээ зайлуул. Тэр цагаас хойш мань дарга, дарга гэх дөнгөнөөсөө салаагүй, салах ч үгүй нь. Даргын анхны алба Нийслэлийн МАХН-д /одоогийн МАН/ “хурган” дарга хийхээс эхэлсэн.

Удалгүй дарга лифтэнд суусан юм шиг л өгсөж тухайн үеийн Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны төрийн захиргаа хамтын ажиллагааны газрын  орлогч дарга болсон. Улмаар салбар дотроо бууриа сэлгэж БСШУЯ-ны гадаад харилцааны хэлтсийн даргаар ажиллах нь тэр. Ингэж л Б.Мөнхбаатарын даргын зам нь дардагнасан билээ.

Дарга удалгүй  боловсролдоо жаахан анхаарч магистрын зэрэг хамгаалж ирээд Нийслэлийн Засаг даргын тамгын газрын хотын хөгжлийн бодлогын хэлтсийн даргаар ажиллах болжээ. Тэр цагаас эхлэн дарга хотоос хэсэгтээ салаагүйсэн. Удалгүй Нийслэлийн МАН-ын дарга ч боллоо. Улмаар Баянзүрх дүүргийн Засаг дарга болоод гараад өгөв өө. Дарга үнэхээр л даргын заяанд төржээ гэмээр. Даргаас өөр дарга хийх хүн ч байсангүй дээ.

Гэтэл дарга намын далбаанд явдаг хүн тул дүүргийн даргаасаа мулзрах боллоо. Дарга ажилгүй боллоо яанаа, тэр түүнээс өөр ажил хийж үзээгүй шүү дээ гэсэн хүн олон байлаа. Гэвч дарга хэнэг ч үгүй сурсан зангаараа бүр дэвшиж хотын дэд боллоо. Тэндээсээ суга дэвшиж Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайд болох тэр.

Ингээд л дарга томорч сайд боллоо. Сайдын суудалд бас л удсангүй. Дарга сайдын ажлаа өгчихлөө. Сонгууль ч боллоо. Даргын нам ч яллаа. Одоо л муу дарга минь дарга болно гэж цэргүүд нь бодож амжаагүй байхад дарга “Эрдэнэс Оюутолгой” компанийн захирал болж мандлаа.

Дарга ийнхүү нөлөөтэй дарга болохоо дахин баталсан юм. Дарга ч гараад өглөө дөө л гэж шагшицгааж эхэллээ. Тэгтэл дарга гэнэт ажлаа өгсөн дуулдлаа. Одоо дарга болно доо гэж олон хүн даргыг зэмэллээ.

Гэтэл даргаас бууж үзээгүй дарга маань дахиад дарга болох гэж үзэж эхэллээ. Ингэхдээ бүр хотын дарга болоод хойтон жилийн сонгууль хүртэл даналзахаар зэхэв. Харамсалтай нь энэ удаад дарга дэмжигдсэнгүй. Даан ч яав даа дарга минь гэж цэргүүд нь шүүрс алдаж байв.

Гэвч даргын даллагатай дарга маань удсан ч үгүй Барилга хот байгуулалтын дэд сайд болоод дахин даргынхаа ажилд ханцуй шамлан орлоо. Тэрбээр хичнээн цаг хугацааг туулан хэдий хүртэл дарга хийхийг бид таашгүй нь ээ...

А.ТАМИР

АРДЧИЛАЛ.МН

 

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.