Ч.Чимэдбат: Шар тэмдэглэгээг хийснээр уулзвар дээр гардаг осол хэргийн тоо мэдэгдэхүйц буурсан


Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн шинэчилсэн найруулга өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн. Дүрмийн хэрэгжилтийг хангах, Замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах чиглэлээр зарим замын уулзвар болон гол замтай нийлсэн гарцтай хэсэгт шар дөрвөлжин тэмдэглэгээ /Yellow intersectoin/ хийх ажлыг зохион байгуулсан байдаг. Шар тэмдэглэгээг эхний ээлжид нийслэлийн дөрвөн томоохон уулзварт хийхээр төлөвлөснөөс Багшийн дээд болон Цэцэг төвийн уулзвар дээр хийсэн юм.

 Бид шар тэмдэглэгээ хийснээр уулзваруудын ачаалал буурсан эсэх талаар болон шар тэмдэглэгээтэй холбоотой асуудлаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Чимэдбатаас зарим зүйлийг тодрууллаа.

-Шар тэмдэглэгээ хийгдээд багагүй хугацаа өнгөрлөө. Хэрэгжилт хэр байгаа вэ?

-Замын хөдөлгөөний дүрмийн шинэчилсэн дүрэм хэрэгжиж эхлээд хоёр сар гаруй хугацаа өнгөрч байна. Дүрэм хэрэгжиж эхлэхээс өмнөх үеэс эхлээд иргэдэд дүрмийн талаар болон шар тэмдэглэгээний талаар мэдээлэл сурталчилгааг хүргэсэн. Тэр ч утгаараа энэ хугацаанд чамлахааргүй өөрчлөлт гарсан гэж хэлж болно. Учир нь дүрэм хэрэгжиж эхлэхийн өмнөх өдрүүдийн дуудлага мэдээлэл, осол, гэмтлийн тоог дүрэм хэрэгжиж эхэлсэн өдрүүдтэй харьцуулахад буурсан үзүүлэлттэй гарч байгаа. 

-Шинэчилсэн дүрэм хэрэгжиж эхэлсний дараахан өөрөөс тань ярилцлага авахад шинэчилсэн дүрмийг зөрчсөн тохиолдолд эхний ээлжид торгох биш сануулах арга хэмжээ авч байгаа гэж байсан. Энэ өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа юу?

-Жолооч нар дүрмээ мэдэхгүй биш мэдэж байгаа хэрнээ зөрчөөд байгаа нь тодорхой цаг хугацаа шаардаад, дадал хэвшил дутагдаад байгаа болов уу гэж үзээд тодорхой хугацаанд торгохгүйгээр тайлбарлаад сануулах, арга хэмжээ авч байсан. Одоо бол шууд торгуулийн арга хэмжээ авч байгаа. Угаасаа тэгэхээс өөр арга байхгүй.

-Шар тэмдэглэгээ рүү орж зогссон зөрчил хэр их бүртгэгдэж байгаа вэ?

-Нэг үеэ бодвол харьцангуй гайгүй болчихсон байгаа. Баяр ёслолын үе болон өглөө оройд ажил цуглах, тарах үеэр үүссэн замын ачаалалтай холбоотойгоор зөрчил бүртгэгдэж байгаа. Дээрх тохиолдолд уулзваруудад байрлуулсан нэмэлт камерын тусламжтайгаар зөрчлийг илрүүлж гэрийн хаягаар нь торгуулийн хуудас илгээж байгаа. Мөн цагдаагийн албан хаагчид газар дээр нь арга хэмжээ авах гэх мэтээр хариуцлага тооцож байгаа.

-Хамгийн их ачаалалтай дөрвөн уулзваруудыг сонгож шар тэмдэглэгээ хийсэн гэсэн. Тэгэхээр энэ тэмдэглэгээг хийснээр дээрх уулзваруудын ачаалал хэр багассан бэ?

-Түгжрэл сааталтай байхад “Зогс шугам”-ын ард зогсолгүй уулзварт орж, хөндлөн чиглэлд яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж бусад чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаадаг, түгжрэл саатлыг механикаар үүсгэдэг зөрчил, уулзвар дээр гардаг осол хэргийн тоо мэдэгдэхүйц буурсан гэж хэлж болно. Гэхдээ яг хангалттай  хэмжээнд хүрч чадсан уу гэвэл бас үгүй.

-Шинэчилсэн дүрэмд байдаг ч иргэд төдийлөн сайн мэддэггүйгээсээ болоод байнга зөрчөөд байдаг заалт бий юу?

-Нийтийн тээврийн үйлчилгээ зогсохтой зэрэгцэн жижиг тээврийн хэрэгслүүд тодорхой чиглэлд хүн тээвэрлэхээр автобусны буудал дээр цуваа үүсгэн зогсдог. Тэгвэл энэ нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл юм.

Тодруулбал, 2018 оны арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөж байгаа Замын хөдөлгөөний дүрэмд чиглэлийн тээврийн хэрэгслийн болон таксины зогсоол дээр 22.00-06.00 цагийн хооронд хүн буулгаж, суулгахаар түр зогсохоос бусад тохиолдолд зогсохыг хориглоно гэж заасан байдаг. Тиймээс жолооч нар чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал буюу автобусны буудал дээр зогсохгүй байхыг анхааруулмаар байна.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.