ХАРИЙН ОРОНД АЖИЛЛАЖ УЛСАА ЯДУУРЛААС АВАРСАН СОЛОНГОС ЗАЛУУС


1961 онд Өмнөд Солонгос улс Азид сүүлээсээ хоёрт ордог ядуу орон байлаа. Байгалийн баялаг, мөнгө аль нь ч байсангүй. Ийм нөхцөл байдалд байсан удирдагчид ХБНГУ буюу тухай үеийн Баруун Герман руу элчин сайдаа илгээн, мөнгө зээлэх хэлэлцээ хийж чадсан байна.Гэхдээ ямар ч орон бусдад зүгээр мөнгө зээлэхгүй нь мэдээж.Германы зүгээс өөрт дутагдалтай байгаа уурхайчин, сувилагч мэргэжлийн ажиллах хүчин Солонгосоос авч ажиллуулсан тохиолдолд 140 сая марк буюу 100 сая долларын зээл олгохоор амалжээ.Өөрөөр хэлбэл ажилчдын цалингаар дэнчин тавьсан хэрэг. Солонгосын удирдагчид үүсээд байгаа нөхцөл байдлыг ард түмэндээ илэн далангүй тайлбарлаж , улсынхаа залуу иргэдээс тусламж хүслээ. Гайхалтай нь 46 мянган залуу сайн дураараа Германд ажиллах хүсэлт гаргасны дотор их сургуулийн оюутнууд, ахлах сургуулийн сурагчид ч олноороо байв. Тэд хал үзээгүй цагаан гартай гээд сонгон шалгаруулалтаас хасагдчихвий гэсэндээ шахмал түлш гартаа түрхэж хүчтэй, ширүүн болгон харагдуулж тэнцэж байсан тухайгаа хожим нь дурсан тэмдэглэсэн нь бий. Ингэж л залуус улсдаа туслах халуун сэтгэл өвөрлөн Кэмпугийн онгоцны буудлаас харийн орныг зорилоо. Эмэгтэйчүүд хөдөөгийн эмнэлгүүдэд хэд хэдээрээ хуваагдан тарав.

Харийн оронд ажиллаж улсаа ядуурлаас аварсан солонгос залуус

Хэл мэдэхгүй сувилагч нарт нас барагсдын цогцос арчих ажил оногджээ. Самбай хөвөнд спирт шингээн шарил цэвэрлэх ажлыг тэд өдөржин хийнэ, дахиад л арчина. Охид хэцүүхэн ажлаасаа болоод уйлж байсан ч эргэж буцаагүй юм. Харин эрчүүд нь 1000 метр уурхайн гүнд агааргүй халуун нөхцөлд нүүрс ухдаг байлаа.Герман ажилчид өдөрт 8 цаг л ажиллаж байхад солонгос залуус 10-аас дээш цагаар гүнд ажилладаг байжээ.Тухайн үед Германы хэвлэл мэдээллээр “Солонгосчууд гайхамшигтай ажилсаг үндэстэн, тэдний агуу их тэвчээрийг биширч байна” хэмээн ярьж бичиж байв. Анхны солонгос ажилчид Германд хөл тавьснаас хойш хоёрхон жилийн дараа БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Жон Хи /Ерөнхийлөгч асан Пак Гэн Хигийн эцэг/ Баруун Германд айлчлах болов. Мэдээж тэр үед Солонгост Ерөнхийлөгчийн онгоц гэж байсангүй. Тиймээс АНУ-ын онгоцонд тасалбар захиалсан ч ерөнхийлөгчийг төрийн эрхийг цэргийн хүчээр эзлэн авсан тул үйлчлэхгүй хэмээн захиалгыг цуцлав. Энэ мэдээг сонссон Баруун Германы тал өөрийн онгоцоо илгээн Пак Жон Хи Ерөнхийлөгч Германд айлчлан ирлээ.
Германд ирсэн даруйдаа тэрээр нутаг нэгтнүүддээ урам зориг өгөхөөр Германы Ерөнхийлөгч Любкитэй хамт уурхай руу явлаа. Ерөнхийлөгчөө угтаж авахаар 500 хүн хурлын танхимд цуглараад байв.

Харийн оронд ажиллаж улсаа ядуурлаас аварсан солонгос залуус

Пак Жон Хи танхимд орж ирээд ажлын хувцсаа өмссөн уурхайчдынх нь царай тас хар болтлоо түлэгдсэн байгааг харжээ. Ерөнхийлөгч үг хэлэхийн өмнө төрийн дуулал эгшиглэхэд хоолой нь зангиран төрийн дууллаа ч дуулж чадсангүй. Харийн газарт хүнд хөдөлмөр эрхэлж байгаа иргэдээ хараад тэрээр ''Бүгдээрээ хичээнгүйлэн ажиллацгаая, хойч үеийнхээ төлөө хичээнгүйлэн ажиллацгаая'' гэж нулимсаа барьж ядан дахин дахин давтан хэлж байлаа. 
"Улс нь ядуугийн улмаас хүний нутагт хүнд хүчир ажил хийж байгаа уурхайчин залуус, харийн хүний цогцос арчиж буй сувилагч охид, эх нутагтаа өлсөж байгаа ядуу иргэдээ бодоод цааш тэвчиж чадахгүй байна.Бид энэ үнэ цэнийг мартах учиргүй" гэж хэлэн хоолой зангируулан нулимсаа арчихад тэнд байсан ажилчид бүгд уйлжээ. Энэ бүхнийг харж суусан Германы Ерөнхийлөгч Любкигийн нүд ч нулимстай байлаа.

Харийн оронд ажиллаж улсаа ядуурлаас аварсан солонгос залуус   
Уурхайгаас буцах замдаа ч Пак ерөнхийлөгч тайвширч чадахгүй нулимсаа дуслуулж байхад Любки алчуур сарвайн "Бид тусламж өгнө, Германы ард түмэн тусална" хэмээн хүч өгөн тайвшруулж байжээ. 
Удалгүй Германы парламентийн танхимд үг хэлэхдээ Пак Жон Хи ''Бидэнд мөнгө зээлээч, Бид ч бас танай улс шиг социалист орнуудтай түнжин хагарчихсан байгаа. Солонгос улс эдийн засгийн эрх чөлөөнд хүрэх хэрэгтэй байна.Бид зээлсэн мөнгөө заавал буцаан төлнө. Би худлаа ярьж мэдэхгүй. Солонгосчууд худалч биш. Социалист орнуудыг ялахад туслаач'' гэжээ. Тухайн үед БНСУ дэлхийн хамгийн ядуу орны нэг байлаа. Ард нь зөвхөн Энэтхэг л байсан гэдэг. 
Тэд Германаас мөнгө зээлж чадсан бөгөөд 1965 оноос эхлэн экспортын хэмжээгээрээ дэлхий нийтийг цочоож эхэлжээ. Өнөөдрийн Солонгос улсын үсрэнгүй хөгжлийн эхлэл уурхайчин залуус, сувилагч охидын харь оронд халшралгүй зүтгэсэн хүнд хөдөлмөрийн үр дүн билээ.

Орчуулсан С.Болортуяа

Харийн оронд ажиллаж улсаа ядуурлаас аварсан солонгос залуус

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.