У.ХҮРЭЛСҮХИЙН ЗАСГИЙН ГАЗАР ЗАРИМ ГИШҮҮДИЙН БАГИЙГ ХУУЛЛАА


Засгийн газрыг огцруулах асуудал бөөн юм болсныг бүгд мэдэж байгаа. Байнгын хороон дээр унасан У.Хүрэлсүхийн танхим өнгөрсөн баасан гаригийн чуулганаар тогтож үлдлээ.Өглөөнөөс үдэш болтол хэлэлцсэн парламент ийм шийдвэр гаргасан ч энэ Засгийн газар нам дотроо огцорчихжээ гэдэг нь тод харагдаж байна. Чуулганд оролцсон 73 гишүүний 40-ийнх нь саналаар засаг үлдэж чадсан.Шуудхан хэлэхэд С.Жавхлан, Ж.Батзандан, Л.Болд, Д.Мурат нарын санал Засгийн газрыг аварлаа.

Олон цаг үргэлжилсэн чуулганы хуралдаан дээр үг хэлж байгаа хүмүүсийг хараад байхад Ерөнхий сайдаасаа авахуулаад эрх ашгийнхаа төлөө үхэн хатан тэмцэлдэж,тулга тойрсон хов л ярьцаагаад байх юм. Тэднээс улс орны ирээдүйн хувь заяа, хөгжил дэвшилд хүрэх зам мөрийн талаар ухаалаг шийдлүүд олж сонссонгүй. Ядаж л хэдэн арван жил гацсан томоохон төслүүдээ урагшлуулахын төлөө яаж ажиллахаа яруу тодоор хэлээд сууж байх ёстой цаг үе биш бил үү. Гэтэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ талаар тодорхой зүйл ярьсангүй. Ямар сайндаа чуулганы хуралдааны төгсөлд түүний хэлсэн үгнээс “Ямар нэгэн бүлэглэлийн толгойлогчийг сонгох хурал болоод өнгөрчихөв үү дээ” гэсэн бодол төрөхөд хүрч байхав дээ. “Олигархуудтай хатуу тэмцэнэ. Аятайхан байхгүй байгаа нөхдөд ёс зүйн болон улс төрийн хариуцлага хүлээлгэнэ” гээд л загнаж зандраад байсан. У.Хүрэлсүхийн хувьд Ерөнхий сайд, намын дарга байх нь амин чухал байх л даа. Тэгвэл ард түмэнд Ерөнхий сайд, намын дарга хэн байх нь огт падлийгүй. Цаашид улс оронд бодитой ажил хийж бүтээх, иргэдийн амьдралыг сайжруулахад бодлого хэрэгжүүлэх засаг төр л ус агаар мэт хэрэгтэй.

Засгийн газрыг огцруулахад анх 27 гишүүн гарын үсэг зурсан. Тэднийг АН-ын есөн гишүүн дэмжинэ гэдгээ ч мэдэгдээд байв. Энэ үед О.Баасанхүү, С.Жавхлан нарын санал эрдэнэ мэт үнэд орсон. Гарын үсэг зурсан нэрс дээр сөрөг хүчний ес нэмэгдээд 36 гишүүний санал засгийг унагахад хангалтгүй байсан болохоор тэд од болж байв. Манай хоёр гишүүн ч Байнгын хорооны хуралдаан дээр Засгийн газрыг огцруулна гэдэг байр сууриа илэрхийлээд авсан. Гэтэл эцсийн санал хураалт явагдахад С.Жавхлан өөрөөсөө,Ж.Батзандан, Л.Болд, Д.Мурат намаасаа “урвалаа”. Энэ хэд нөгөө талд санал өгсөн бол У.Хүрэлсүхийн Засгийн газар уначих байлаа. Нийгэмд эдгээр гишүүдтэй холбоотой элдэв шуугиан ч дэгдэж байна. Сошиал ертөнцөд болон дам ярианы сэдвүүдийг хүмүүс хардах эрхийнхээ хүрээнд л таамаглацгааж байгаа байх. Үнэн мөнийг нь үнэхээр хараагүй болохоор хэлж мэдэхгүй л юм. Гэхдээ мэдээлэх үүргийнхээ дагуу заримаас нь дуулгая аа.

Засгийн газрын хувь заяа дээсэн дөрөөн дээр дэнжигнэж эхлэнгүүт С.Жавхлан гишүүн бүхний анхаарлын төвд орсон нь яалт ч үгүй үнэн явдал. Фокус түүн рүү төвлөрч, санал нь ихэд үнэд орж байгаа шуугиан гараад байлаа шүү дээ. Тэрбээр өмнө нь засаг, төр огцор гэж хэдэнтээ цухалдаж байсан хүний нэг. Гэнэтхэн чуулган дээр “Засаг төр тогтвортой байх ёстой. Гуравдугаар ээлжийнхэн гэж өлсгөлөн цөөвөр чоно шиг нөхөд гарч ирнэ” гэж загнаад Ерөнхий сайдын талд зогсов. Өнгөрсөн жил Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагах асуудал орж ирж байхад С.Жавхлан гишүүнтэй холбоотой үнэн худал нь мэдэгдэхгүй нэг яриа гарч байсан. Огцрохоор яригдаж байсан сайдад хуучны удам дамжсан хөөрөг зарах санал тавьсан гэсэн домог бий. Тухайн үед Засгийн газрынх нь асуудал нэгэнт цаагуураа шийдэгдсэн байсан болохоор Ж.Эрдэнэбат тэр хөөрөгний “Үнийг нь дийлэхгүй юм байна” гээд аваагүй гэсэн дам яриагаар домог үргэлжилдэг.Ямар нүдээр харсан биш, итгээгүй л дээ. Гэтэл сая С.Жавхлан гишүүнийг өнөөх хөөргөө хэрэгтэй хүнд нь ханасан үнээрээ зарчихсан юм болов уу гэсэн таамгийг нийгмээрээ дэвшүүлж байна лээ. Үнэн, худлыг нь үнэхээр баталж чадахгүйгээс хойш яалтай билээ. Яагаад ийм яриа гарах болов гэвэл Баасанхүү гишүүнийг зураг зардаг,улс төр бужигнах тусам зураг нь үнэд ордог гээд л ярьдаг даа. Тийм болохоор энэ үйл явдал нэг их шинэ сонин юм биш л дээ.

Л.Болд гишүүний хувьд Засгийн газрын асуудалд бүлгийнхээ байр суурийг дэмжихгүй гэдгээ эртнээс л зарлаад байсан. Түүнийг бусад гишүүд нь “Богд” банкиндаа ипотекийн зээл авах нь гэж хардаж байхад “Өөрийнхөө итгэл үнэмшлээр саналаа өгнө” гэсээр байгаад л өгөх шиг боллоо. Чуулганы хуралдааны үеэр ч Ж.Мөнхбат гишүүн хүртэл “Сангийн сайдын ширээн дээр АН-ын гишүүн Л.Болдын “Богд” банкинд бонд гаргаж өгнө, ипотекийн зээлийг дамжуулна” гэсэн бичиг байгаа” гээд цоллоод авна лээ.Л.Болд гишүүн энэ үгийг нь эрс үгүйсгэв. Дараа нь тэрбээр “Би 1990 оноос хойш тасралтгүй зүтгэсэн АН-ын анхны гишүүн. Ардчилсан хувьсгалд оролцож эрх чөлөөгөө олж авсан. Үүнийгээ хэнд ч өгөхгүй” гэж жиргээд авав. Ер нь ч Л.Болд гишүүн бизнес тааруу байгаа тухай, шударга бусын хонгил, цагдаа шүүхийн асуудал гээд байнга нь гонгинож явдаг хүн л дээ. Б.Хурцтай муудахдаа л энэ тухай ярьж эхэлсэн. Үүнээс хойш олон удаа ярьж байгаа. Хүн өөрийн үзэл бодлоо хамгаалдаг байхын тулд ардчилсан хувьсгалыг хийсэн нь үнэн. Гэхдээ манай ардчилсан хувьсгалыг хийсэн хүмүүс бүгд сахилга бат, багийн тоглолт гэдгийг орхигдуулсан нь энэ хүний хэлсэн үгнээс харагдаж байна. Тэр нь юу вэ гэвэл “Өөрт ашигтай бол юу ч хийж болдог” гэсэн мунхаглал манай ардчиллын хамгийн сүүдэртэй тал нь юм. Хүн бол эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ бусад хүмүүсийн эрх чөлөөг хөндөхгүй байх ёстой. Нам, аливаа институци сахилга бат, зарчимыг эрхэмлэх учиртай. Харамсалтай нь энэ бүхнийг умартаж, ардчилсан хувьсгал бий болсон нь хамгийн гунигтай.Дур, дураараа авирлаж, үл тоомсорлох явдлыг анархизм гэдэг биз дээ. Үүгээрээ Л.Болд гишүүнийг Засгийн газрыг авч үлдэхэд гарын үсэг зурсан гэж буруушаах гэсэнгүй. Гагцхүү намын сахилга баттай байгаач ээ. Тэгэхгүй бол Л.Болд гишүүн бүхий л үед өөрийнхөө хувийн ашиг сонирхлыг тэргүүнд бодож явж ирж дээ гэж харахаар байна. Сая намынхаа эсрэг ажилласан, өмнө Батлан хамгаалах яаманд байхад нь хүртэл гарсан хэрэг шуугиан зэрэг явдлуудаас дүнэхэд Л.Болд гишүүн чинь жаахан итгэл муутай, нэг тийм өөрт ашиг гарвал өрөөл яаж ч байсан үл тоодог байрын, сайн эцгийнхээ нэрийг худалдаж идээд дуусч байгаа хүн юм уу даа гэж бодогдохоор байна шүү.

Засгийн газрыг дэмжсэн санал өгсөн сөрөг хүчний өөр нэг гишүүн бол Ж.Батзандан. “Чуулганы танхимд Ж.Батзандан гишүүн даацтай үг хэллээ” гээд л дэмжигчдийнх нь нэрээр хаягласан цахим хаягнаас түгээж байна. Тэрбээр 60 тэрбум, оффшорчдын эсрэг тэмцэх ёстой гээд л цовхчоод байсан.

Гэтэл нийгэм даяар түүнийг У.Хүрэлсүхтэй ойр байдаг ахыгаа албан тушаал ахиулж, бас эмэгтэй дүүгээ өөд нь татахын тулд намынхаа эсрэг ажилласан хэмээн чичилж байна. Энэ бол зүгээр л хүмүүсийн хардлага. Ер нь хүн аливаа намд гишүүнээр элсэнэ гэдэг бол тэр намын бодлого, үзэл бодлыг нь дэмжиж байгаагийн илэрхийлэл байдаг. Нам олон мянган гишүүдээсээ цөөн хэдийг сонгож, итгээд УИХ-д нэр дэвшүүлдэг нь тухайн хүний карьерт маш том боломж олгодог. Гэтэл Ж.Батзандан гишүүн намаа үл тоож байгаа нь харагдаж байна. Уг нь намдаа ач бодохоор хүний нэг мөн дөө. Долдугаар сарын 1-ний үймээний дараагаар МАН-аас цаазын ялтай зүйл анги аваад АН-д гишүүн болж намын хамгаалалтад орж байсан гэдгийг бүгд мэднэ. Хүний баг хууларна гэдэг л энэ байх даа. Түүнийг намын нөхөд нь, ард түмэн, сонгогчид нь ямар хүн болохыг бэлхнээ харчихлаа. За тэгээд, У.Хүрэлсүхийг дэмжсэн нь хувь хүнийх нь сонголт байж дээ.

Сөрөг хүчний Д.Мурат гишүүн засгийг авч үлдэхэд саналаа нэмэрлэнэ гэдгийг хэн ч тооцоолоогүй. Мань эр ямар нэгэн барьцаанд орсон эсэхийг үнэндээ мэдэх юм алга. Уг нь садар самуунд холбогдсон гэх түүний хэрэг хаагдчихсан баймаар. Арга байхгүй У.Хүрэлсүхийн Засгийн газар цаашдаа ажиллах юм байна гэж бодсонд нь үнэмшинэ гэхээр гэнэн байна аа. Бас нэг гэнэн бодол ч байна. Чуулганы нэгдсэн хуралдаан “Байнгын хорооны шийдвэрийг дэмжье” гэсэн томьёоллоор санал хураасан. Тэгвэл энэ саналын томьёоллыг Д.Мурат гишүүн “Засгийн газрыг огцруулах байнгын хорооны саналыг дэмжье” гэсэн саналыг Засгийн газрыг дэмжих гэж байна. Тэгж ч ярихгүй шүү. Намынхаа бүлгийг дагаж эсрэг санал өгнө өө” гээд эсрэг дарсан гэсэн хошигнол хүртэл гарчээ. Товчхондоо “Муратын андуурал дээр У.Хүрэлсүхийн Засгийн газар торж үлдлээ” гэх онигоо дэгдлээ. Ийм цагаахан мэдээний хажуугаар “Д.Мурат намынхаа шийдвэрийг сөрж их хэмжээний мөнгө авчээ” гэх хэлэлцүүлэг сошиалд өрнөж байсан. Үүнийг хэн ч батлахгүй. Гэхдээ энэ гишүүн хэрэгт холбогдоход нь Д.Гантулга шиг жирийн иргэн болгочихоогүй намдаа талархах учиртай хүн баймаар.

У.Хүрэлсүхийн Засгийн газар олон ч хүний багийг хууллаа. Сайдын албан тушаалд бүрэлдэж байсан Ч.Улаан гишүүн эгээтэй л “зулбах” дөхлөө. Монголын төрд хамгийн олон удаа сонгогдож, сайдаар ажиллаж ирсэн хүн гээд л байнга шүүмжлэлд өртдөг. Тэгсэн хэрнээ сая сайд болохын төлөө ёстой ухаангүй зүтгэлээ. Ухаантай хүн бол “Залуус маань энэ ажлыг хийг дээ” гээд зайгаа тавьж өгөх биз. Энэ үед Ч.Улаан гишүүн маань “Ямар хийж үзээгүй ажил, хашиж үзээгүй алба биш дээ. Орчин цагийн залуусын тархинаас их үйл гарах байх” гээд сугарч үлдэж болохоор байлаа. Жинхэнэ монгол эр хүний жудаг гэж байдаг даа. Гэтэл турж үхэх гэж байгаа юм шиг л сайд руу зүтгээд байсан.

Ц.Цогзолмаа сайдын хувьд танхимаа огцруулахаар гарын үсэг зурсан гишүүний нэг. Тэрбээр байр суурин дээрээ айхавтар үнэнч байлаа. Цаашдын ажил алба,карьер нь хэцүүдэх байх даа. Хамгийн түрүүнд л Ерөнхий сайдын далайдаг сэлэм ч билүү, муна ч билүү тийм юмных нь бараг салхинд нь ширвэгдэхээр харагдаж байна. Ц.Цогзолмаагийн хувьд МАН-ын хотын фракцын хүн гэгддэг. Тэр утгаараа М.Энхболдын нөмөр нөөлөг дор явж, дүүргийн даргаар хүртэл ажиллаж байсныг цөм мэднэ.

Засгийн газрыг огцруулах гарын үсэг зурсан 27 гишүүнээс ганцхан Г.Мөнхцэцэг хуралдаанд оролцсонгүй. Солонгост томилолттой явж таарсан гэнэ лээ. Ер нь шийдвэрлэх үед зугтлаа, саналаа нөгөө талд худалдчихаж гэсэн жиг, жуг тэр өдөржин л Төрийн ордонд яригдсан. Мөн энэ өдрийн чуулганд ирээгүй хоёр дахь гишүүн нь Б.Батзориг. ЖДҮ-д холбогдож, прокурорт шалгагдаж байгаа тэрээр эргэж ирэх нь юу л бол. М.Энхболдтой насан туршдаа улс төрд зүтгэж яваа хүн бол амьдай Н.Энхболд. Танхимдаа үлдэхийн төлөө саналаа өгч байгаагаас нь харахад олон жил нөхөрлөсөн гэж харахад хэцүү л юм. Аргагүй л амь үнэнч, авгай худалч гэдэг нь үүн дээр тод гарч байна лээ дээ. Энэ нь ч буруу юм гэж юу байхав. Хүн ийм л байдаг хойно.

Засгийн газрыг огцруулах асуудал анх ЖДҮХС-гийн луйвраас үүдсэн. Тэрнээс 60 тэрбумынхан хорсч, занасандаа У.Хүрэлсүхийг ажлаа өг гэж шахаагүй. Тиймээс Ерөнхий сайд одоо эхний ээлжинд ЖДҮ-д холбогдсон сайд нартаа арга хэмжээ авч, тэдний оронд УИХ-ын гишүүн биш улсуудыг тавих хэрэгтэй байна. ЖДҮ-чдэдээ арга хэмжээ авсан ч цаашид засгийн хувьд заяа мөн л хэцүү байх болов уу. Б.Батзориг, Н.Цэрэнбат нарын сайд нар ЖДҮ-дсэн гэдэг нь ил болсон. Энэ гурвынхаа нэгийг нь явуулчихаад байгаа. Дээр нь Ц.Цогзолмаа, Д.Даваасүрэн, Д.Сарангэрэл нарын талаар асуудал хөндөгдөж буй. Эд нар огцорчихвол У.Хүрэлсүхтэй хамт танхимынх нь гишүүдийн бараг тэн хагас нь хоцрохоор байна. Дараагийн орж ирэх хүмүүс нь ажилтайгаа танилцаж жигдрэх гэсээр байтал зургаан сарын дараа Засгийн газрыг огцруулах асуудал дахиад тавигдахыг үгүйсгэхгүй. Тэр үед ёстой л сэвшээ салхи ширвэх төдийд унах байх даа. Асуудалтай сайд нараа явуулахгүй байя гэхээр Ерөнхий сайдын шударга үнэний дуу хоолой болсон имижид нь халтай болчих гээд байдаг. Ингээд харахаар тун ярвигтайхан Засгийн газар үлдлээ дээ.

Түүхт 100 жилийнхээ ойтой золгох гэж байгаа МАН хуваагдах уу, эс хуваагдах уу гэдэг салаа замын уулзвар дээр гацчихаад байна. Хэрэв М.Энхболдыгоо хөөнө гэвэл жинхэнэ утгаараа хагарал болох байх. Нарийн яривал УИХ-ын даргыг хүссэнээрээ аваад хаячихдаг ч юм биш. Хэн дуртай нь гарч ирээд парламентын тэргүүнийг огцруулчихвал төрийн эргэлт болно. Ийм эрсдэлээс сэлгийлсэн хуулийн хамгаалалт бий. УИХ-ын дарга өөрөө хүсэх юм бол өргөдлөө өгч, огцрохоос биш хэн дуртай нь аваад халчихдаг хялбархан суудал биш. Өнөөдөр Ерөнхий сайд маань хонзогносон аястай хандлагаасаа татгалзаж, ажил хийх тухай яримаар юм даа. Өвлийн хүйтэн орж, газар хөлдчихлөө. Нүүрс зогсоод, доллар өсчихлөө. Гэтэл нүүрс зогссоныг Хятадын ажил гэдэг. Долларын ханш нэмэгдэхээр бид хэвлэдэггүй гэнэ. Шатахуун өсөхөөр “Бид оролцохгүй, чи үнэ хямдруул. Яасан их идэж уудаг юм бэ” гээд импортлогчдыг зүхдэг. Тэгэхээр одоо яах вэ. Ард түмнийхээ төлөө юу хийх вэ. УИХ-ын чуулган дээр сандал ширээний хэрүүл биш, хийх ажлаа түмэн олондоо танилцуулж, хэлж өгөөч, Ерөнхий сайд аа.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.