ЭХЭМҮТ-ИЙН ДАРГА Ш.ЭНХТӨР ГАДАА ТӨРСӨН ЭХИЙН ТАЛААР ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ӨГЧЭЭ


Эрүүл мэндийн манаанд зогсдог эмч нартай холбоотой. Тэр дундаа Улсын төрөх эмнэлэгүүдийн хүнд суртал, хууль бус асуудлуудын талаар иргэд мэдээлэх боллоо. Учир нь тэнд ажилладаг хэнэггүй, хүнд сурталтай зарим албан хаагчдаас шалтгаалж хүний алтан амь нас эрсдэх аюул нүүрлэсээр байна. Тэрчлэн төрөх эмнэлэгийнхээ тоног төхөөрөмжүүдийг тухайн эмнэлгийн эмч, сувилагч нар хувийн эмнэлэгтээ ашиглаж байсан байж болзошгүй хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна. 

2018-12-03-ны шөнө 23.00 цагийн үед иргэн Н амаржихаар ЭХЭМҮТ-д очжээ. Гэтэл төрөх гээд сандарч орж ирсэн эмэгтэйг "Төрөхийн хаалгаараа ор" гээд явуулсан байна. Үүний улмаас эмэгтэй гадаа амаржсан байна гэх мэдээлэл цахим орчинд цацагдаад байгаа билээ. 

Тэгвэл энэ талаар болсон үйл явдлыг нүдээр харсан нэгэн ээж өөрийн цахим хуудсандаа мэдээлсэн юм. Тэрбээр “Эх нялхасын эмчид хүүхдээ үзүүлэх гээд байж байх үед нэг жирэмсэн эмэгтэй би төрөх гээд байна гээд ороод ирсэн. Гэтэл үүдэнд бүртгэл хөтөлдөг гурван сувилагч манайх төрчихсөн хүүхдийн эмнэлэг болохоос төрүүлдэг нь биш нөгөө талаар ороод төрөхдөө үзүүл гээд 23 цагийн үед хөөгөөд явуулчихлаа.

Гэтэл тус ээж цуг яваа хүнгүй таксины жолоочтойгоо нөгөө төрөхөө хайж явж байх үедээ энэ их хүйтэнд бараг 30 гаран градусын хүйтэнд гадаа гудамжинд хүүхдээ төрүүлчихлээ. Тэгээд буцаад элгэндээ хүүхдээ тэврээд уйлаад ороод ирсэн юм. Тэнд байсан бүх хүн маш ихээр цочирдсон. Тэнд байсан ээжүүд, аавууд маш их уурлалаа.

Мөн би ч гэсэн эх хүн өөрөө төрж үзсэн болохоор төрөх үед ямар байдгийг мэддэг учраас Та нар арай ч дээ яаж ийм хүн чанаргүй муухай байдаг байнаа. Энэ эмнэлэг чинь бүгд залгаатай байж хөөж шууд явуулахын оронд ядаж нэг сувилагчтайгаа дотуур явуулчихгүй гэж намайг хэлэх үед сувилагч нар уурлан чи одоо хэн юм ар гэрийнхэн нь биш бол дуугай бай гэсэн үг хэлж намайг болон тэнд бсан хүмүүсийг бүгд рүү нь уурлаж загналаа.

Ингээд хэсэг хугацааны дараа бүх эмч нар гүйлдэж эх, хүүхэд хоёрыг төрөх тасаг руу шилжүүлэх болов.  Гэхдээ ээжийг нь бас л гадуур тойруулж авч явахаар болов. Хүүхдийг дотуур хоёр эмч нь аваад явлаа. Дөнгөж төрсөн хүнд нэг даавуу нөмрүүлээд л түрээд гарсан. Түрээд явж байх үедээ хоорондоо инээлдээд азтай төрлөө ёстой азтай гэх юм. Тэр ээжийг ямаршуухан байгааг мэдсэн ээж байна уу санаа зовоод болдоггүй ээ. Зүгээр л муу муухайг нь тэвчээд дуугүй сууж чадахгүй хэдхэн үг хэлэхэд эмч нар нь муухай аашлаад хүүхдийг минь үзсэнгүй. Тангараг өргөсөн эмч хүн тийм байж болох уу? Яамных нь сайдад энэ мэдээ хүртэл тус эмч нарт хариуцлага тооцтол тус мэдээг түгээж өгнө үү” хэмээн бичжээ.

Энэхүү асуудал тэр дороо олонд хүрч цахим орчинд тархаж эхэлсэн юм. Харин энэ талаар ЭХЭМҮТ-ийн Хэвлэлийн ажилтнаас тодруулахад "Төрөхөөр ирсэн эмэгтэй тасагаа андуурч ирсэн. Эмч нар тойроод Эх барихын тасгийн хаалгаар ороод ир гээд явуултал таксины жолооч андуураад "Гурван гал" эмнэлгийн үүдэнд аваачсан байна лээ.

Тэгээд эмэгтэй таксинд төрж, төрүүлсэн хүүгээ тэврээд буцаад орж ирсэн. Тэгэхээр нь төрөх тасгаас эх баригч эмч, асрагч, сувилагч очиж, яаралтай тусламж үзүүлсэн. Эх хүүхэд хоёрын биеийн байдал маш сайн байгаа" гэсэн хариулт өгчээ. 

Гэтэл хэвлэлийн ажилтныхаа өгсөн мэдээллээс зөрүүтэй өөр мэдээллийг ЭХЭМҮТ-ийн дарга Ш.Энхтөрийн зүгээс цахим хуудастаа бичжээ. Тэрбээр  “Өчигдөр орой нэгэн залуу эх манай төрөх рүү явж байхдаа төрөх үйл ажиллагаа нь гэнэт эхэлсэн тул Хүүхдийн яаралтай тусламжийн тасагт очиход нь манай хүүхдийн эмч, сувилагч нар анхны тусламжийг үзүүлжээ.

Улмаар эхийг эмнэлгийнхээ машинаар, нярайг журмын дагуу эмнэлэг дотуур тээвэрлэж Төрсний дараах тасагтаа хүргэж, үргэлжлүүлэн эмнэлгийн тусламж үзүүлсэн байна.

Эх, нярайн амь нас аврагдсан, биеийн байдал нь тогтвортой байна. Бид шаардлагатай шинжилгээ, эмчилгээг үргэлжлүүлэн хийж байна. 3250 гр хүү мэндэлсэн, одоо ээжтэйгээ хамт байна. Хөхөө сайн амласан.

Эх, нярайн амь нас аврагдсан. Бид эх, хүүхдэд бүх талын, үнэ төлбөргүй эмчилгээ, дэмжлэг туслалцаа үзүүлж байна. Манай эмнэлэгт шаардлагатай бүх зүйлс байгаа” гэж мэдэгджээ.

Гэвч ЭХЭМҮТ-ийн дарга Ш.Энхтөрийн фэйсбүүктэй тавьсан тус мэдэгдлийг үзсэн иргэд ихэд бухимджээ. Учир нь хөхөө өвлийн хүйтэнд төрөх гэж ирсэн тулгар эхийг хаалга андуурлаа хэмээн хөөж гаргаж гадаа төрүүлсэн ЭХЭМҮТ-ийн удирдлагууд энэ тухай уучлал хүсэх байтал өөр хоорондоо зөрүүтэй мэдээллийг тараасан явдал юм.

ЭХЭМҮТ-ийн Хэвлэлийн албанаас өгсөн мэдээлэл, иргэний цахим хуудастаа бичсэн мэдээлэлттэй яг цав таарч байгаа юм. Гэтэл ЭХЭМҮТ-ийн дарга Ш.Энхтөрийн цахим хуудсаараа өгсөн мэдэгдэл тэднийхээс таг зөрсөн билээ.

Ийнхүү тулгар эх эмнэлэг дээр ирээд хаалга андуурсан гэж загнуулаад гарч яваад төрсөн байхад эмнэлэгийн дарга нь ирж яваад төрсөн мэтээр өөрийн арьсийг хамгаалсан, хариуцлагаас мултрахыг хичээсэн мэдээллийг  “фэйсбүүк”-ээрээ цацаж сууна.

Ямартай ч ЭХЭМҮТ-ийн хэнэггүй, хүнд сурталтай алба хаагчдын балгаар эх, хүүхэд өвлийн хүйтэнд гадаа төрчихжээ. Гэтэл Эх, хүүхдийн эрүүл мэндийн манаанд зогсдог энэ төвийн удирдлага “фэйсбүүк”-тэй сэрэмжлүүлэг мэтхэнээр зөрүүтэй тайлбар хийгээд амар жимир сууж байна. Салбарын сайд нь ч эх гадаа төрснийг мэдэгдэж байхад эмнэлэгийн дарга ингэж худал мэдээлэл тараах шаардлага юу байв.

А.Төмөр

АРДЧИЛАЛ.МН

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.