“СОЛОНГОСЫН ХОЙГ ДАХЬ ЭНХТАЙВНЫ ҮЙЛ ЯВЦ” СЭДЭВТ ФОРУМД ОРОЛЦОВ


ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, манай судалгааны хүрээлэнгүүдтэй хамтран зохион байгуулж буй “Солонгосын хойг дахь энхтайвны үйл явц” сэдэвт Форумд уригдан оролцож, мэндчилгээ дэвшүүлэв. Хурлыг нээж БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Жон Жэ Нам, Монгол Улсын Ерөнхийлөгч асан П.Очирбат нар үг хэлэв.

Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн хэлсэн үгэндээ Зүүн хойд Ази, Солонгосын хойгт энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх чиглэлд энэ онд хоёр Солонгосын хооронд шууд яриа хэлэлцээ сэргэн идэвхжиж, АНУ-БНАСАУ-ын хооронд дээд түвшний түүхэн уулзалт амжилттай хэрэгжсэнийг дурдаж, эдгээр дээд түвшний уулзалтын дүнгээр гаргасан хамтарсан тунхаглалыг хэрэгжүүлэх талаар талууд хүчин чармайлт гаргаж, хоёр Солонгосын харилцаанд мэдэгдэхүйц ахиц гарч байгааг Монгол Улс өндрөөр үнэлж байгааг тэмдэглэв.

Эдгээр нааштай хандлага нь хоёр Солонгосын удирдагч нарын бодлого, шийдэмгий алхмын үр дүн бөгөөд Солонгосын хойгт энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэх, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах яриа хэлэлцээнд чухал түлхэц болсон гэж үзэж байгааг тэмдэглэж, ойрын хугацаанд төлөвлөгдөж буй АНУ, БНАСАУ-ын дээд түвшний хоёр дахь уулзалт болон Сөүл хотноо болохоор яригдаж буй Өмнөд, Умард Солонгосын дээд түвшний уулзалт ч үр дүнтэй болно гэдэгт Монгол Улс найдаж байгааг илэрхийлэв.

Монгол Улс Солонгосын хойгийн асуудлыг эв зүйгээр, яриа хэлэлцээний аргаар шийдвэрлэхийн төлөө байр суурийг тууштай баримталж ирснийг нотолж, Монгол Улс “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлцээ” санаачилгыг идэвхтэй хэрэгжүүлж ирсэн бөгөөд цаашид ч бүс нутгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулахын төлөө байгааг илэрхийлж, хурлын үйл ажиллагаанд амжилт хүсэв.

Эх сурвалж: ГХЯ

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.