ӨМНӨД ХИЛ ДЭЭР НҮҮРСНИЙ ТАТАН АВАЛТ ЯАГААД БУУРАВ


Эх баригч улс төрийн хүчний дотор цээлийн ус цалгиж, цэгээн чулуу хагарсан халуун өдрүүдтэй давхцан Монголын эдийн засгийн ганц зүтгүүр хүч нүүрсний экспорт буурсан тухай мэдээлэл  зэрэгцэв. Санамсаргүй давхцал уу, санаатай далим уу гэдэг нь тодорхойгүй.

Энэ сарын эхээр гэхэд л Гашуунсухайтын хилийн боомтоор өдөртөө 1200-1300 тээврийн хэрэгсэл нэвтэрч байсан бол энэ тоо ойрын өдрүүдэд хоёр дахин буурч 550-650 нүүрсний машины татан авалт хийж байгааг албаны эх сурвалж нотолж байна. Үүний улмаас урьд нь 55-60 км урттай дараалал хонодог байсан бол одоо 110-120 км урттай оочер дараалал үүсээд байгаа аж.

Ийнхүү нүүрсний экспорт буурсан нь худалдан авагч талтай холбоотой гэнэ. Энэ сарын 8-ны өдөр Хятадын тал бүтэн өдөр нүүрсний машины татан авалтыг зогсоосон бөгөөд үүнийгээ тээврийн хэрэгслүүдийг цахим карттай болгох ажлын хүрээнд  хэмээн тайлбарлажээ. Ямартай ч Гашуунсухайд байгаа эх сурвалжийн мэдээлснээр Хятад улс гаалийн программдаа өөрчлөлт оруулж байгаагаас гадна жолооч нарт олгодог цахим картаа шинэчилсэн аж. Мөн гаалийн хяналт шалгалт нь чангарсан гэж байгаа юм.

Гэхдээ энэ бүхэн зүгээр л тайлбар төдий бөгөөд өөр учир шалтгаан, тухайлбал улс төрийн шалтгаантай байж магадгүй гэсэн таамаглалыг  олон хүн хэлж байгаа юм.  Ямартай ч энэхүү оочер дарааллыг богино хугацаанд бууруулахын тулд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам эрчимтэй ажиллаж байгаа юм байна.

Х Богд ба Далай ламын хойд дүрийн асуудал нүүрсний экспортод нөлөөлсөн үү

Урд хөршийнхэн маань Монголын нүүрсний импортоо гэнэт ингэж хумьж эхэлсэн нь өөр нэгэн учир шалтгаантай холбоотой байж магадгүй гэсэн таамаглал бас байгаа юм. Нүүрсний экспорт зогссоныг олон нийтийн сүлжээнд Ерөнхийлөгчтэй холбон жиргэсэн нь цөөнгүй бий. Тухайлбал, “жижиг дунд үйлдвэрлэл гээд үзэж байх хооронд "Нөгөө" нөхөр Далай лам руу X Богд тодруулах асуудлаар  лам нар явуулж урд хөршийн реакцыг хөдөлгөөд экспортын тээвэр зогсоод эхэллээ, бүсээ чангал даа нөхдүүд ээ! Хорлонтой юм даа” хэмээн нэгэн жиргээч нүүр номдоо бичжээ.

Далай ламтай холбоотой асуудал урд хөршийнхний уурыг хүргэдэг нь тодорхой зүйл. Гэхдээ Ерөнхийлөгч Х Богдын асуудлаар Дарамсала руу элч төлөөлөгч илгээсэн эсэх нь бас тодорхойгүй асуудал. 

2016 оны 11 дүгээр сард Монголд айлчлах үеэрээ дээрхийн гэгээнтэн XIV Далай лам “X Богд Монголд мэндэлсэн. Гэхдээ одоо нялх байгаа учраас энэ талаар ярихад эрт байна. 2-3 жилийн дараа 4-5 нас хүрэх үед нь олонд зарлаж, сэнтийд нь зална” хэмээн хариулсан байдаг. Тэр хугацаа нь одоо тохиох тун ойртож байгаа билээ.

Гэтэл Х Богдын хойд дүрийг тодруулах асуудал Хятадын шашны хэрэг эрхлэх газрын зүгээс тун их саад тотгортой учраад байгаа. Тэд Түвдийн 14-р Далай ламын тодруулсан хүүхдийг Х  Богд хэмээн огт хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн тухай чих дэлсдэг. Иймээс өнгөрөгч 9-р сард манай голлох хийдийн томоохон лам нар Сүхбаатар аймагт цугларч Чойжамц хамбыг Номун хаан цолоор өргөмжлөн Монголын бурханы шашны хаанаар батламжилсан тухай мэдээ байдаг. Энэ нь Монголын шашны асуудлыг толгой мэдэн шийдэх, Жавзундамба хутагтын Х дүрийг өөрсдөө мэдэж сууринд нь залах гэсэн алхам байжээ. Хэрэв энэ мэдээлэл үнэн бол Х Богдын асуудлаар Далай лам руу элч төлөөлөгч илгээх шаардлага байхгүй болов уу.

Өөр нэг асуудал бий. Энэ оны эхээр буюу 3 дугаар сард Төвдийн шашны тэргүүн Далай Ламын хойд дүрийг тодруулах асуудлыг хэлэлцэх уулзалт 2018 онд болно гэдгийг Төвдийн цагаачлалын засгийн газрын тэргүүн хэлжээ. Тэрбээр /Лобсан Сангай/ Асахи Шимбун сонинд өгсөн ярилцлагадаа “Энэ оны сүүлээр шашны тэргүүнүүд уулзаж хойд дүрийн асуудлыг хэлэлцэх төлөвтэй байна” гэж ярьсан байдаг. 

Олон зууны турш Далай ламын хойд дүрийг нас барсных нь дараа тодруулдаг бол харин энэ удаа 83 насыг зооглож байгаа Далай Ламыг амьд сэрүүн байхад залгамжлагчийг нь тодруулах тухай яригдаж багйаа  юм. Ингэх шалтгаан нь  хэрэв нас барсных нь дараа тодруулбал Хятадын тал өөрийн хүнийг хойд дүрээр зарлаж, Төвдийн шашны хэргийг гартаа оруулж болзошгүй гэж болгоомжилж байгаатай холбоотой  аж.

Далай ламын хойд дүрийг тодруулах шашины тэргүүн нарын уулзалтад Монголоос харин элч төлөөлөгч очих магадлалтай юм. Тийм тохиолдолд Хятадын эрх баригчдын реакцийг хөдөлгөх, өргөн утгаараа эдийн засагт сөрөг нөлөөлөл ирэх боломжтой. Дашрамд дурдахад Бурхны шашны “Гурван өндөрлөг” буюу Ванчин Богд, Далай лам, Богд Жавзундамба нар харилцан бие биенийхээ хойд дүрийг хүлээн зөвшөөрах ёстой юм байна.

БНХАУ-ын нүүрсний импортыг Монгол, Австрали улс тэргүүлдэг

Нийтлэлч Баабар нэгэнтээ “Нүүрс үнс болох” тухай сануулж байсан нь бий. Энэ бол нүүрсний хэрэглээ буурах тухай сануулга юм. Монголын нүүрсний гол худалдан авагч Хятад улс олон улсын өмнө нүүрсний хэрэглээгээ багасгах үүрэг хүлээгээд буй.

Реформ шинэлэлийн хүрээнд 2018 онд 150 сая тонн хүчин чадлыг бууруулахаар төлөвлөсөн.  Тэгэхэээр нүүрсний экспорт тийм ч гэрэл гэгээтэй харагдахгүй байж мэднэ. Гэхдээ Хятадын энэ салбарын эрх мэдэл бүхий нөхөд “Манай бодлого импортын нүүрсийг хязгаарлах бодлого баримталж байгаа ч өндөр чанартай нүүрсний хувьд орон зай байна” хэмээн тодотгож байгаа юм.

БНХАУ-ын Төрийн зөвлөлөөс Цэнхэр тэнгэрийг хамгаалах 3 жилийн төлөвлөгөө гаргасан бөгөөд энэ хүрээнд 2020 он гэхэд эрчим хүчний үр ашиггүй хэрэглээг 58 хувиар бууруулах зорилт тавьсан бөгөөд үүнд Хэбэйгээс эхлээд 7 том муж хамаарч байгаа аж.

Гэхдээ одоогоор БНХАУ-ын нүүрсний импортыг Монгол, Австрали улс тэргүүлсэн хэвээр байна.

Г.Хантулга

  ЭХ СУРВАЛЖ : ZALUU.COM

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.