АЛБАН ТУШААЛТНУУДЫН ХЭРГИЙГ ЯАРАВЧЛАН ШИЙДЭХЭЭР ХУУЛИЙНХАН ХӨДӨЛЖ ЭХЭЛЖЭЭ


Сүүлийн жилүүдэд манай улсад төрийн өндөр албан тушаалтнуудын нэр холбогдсон гэмт  үйлдлүүд ихэссэн. Гэтэл тэдэнд хариуцлага тооцож, ял зэм хүртээх хууль хяналтын байгууллагуудын идэвхи маш ихээр суларсан харагддаг. Өнгөрсөн хугацаанд хууль хяналтын байгууллагаар шалгагдаж буй албан тушаалтнуудын хэрэг яаж хэрхэн шийдэгдэж байгаа нь хаалттай хэвээр байна.

Тухайлбал Монгол Улсын экс Ерөнхий сайдуудад холбогдох хэрэг хийгээд С.Баярцогт нарын хэрэг ямар шатанд хэрхэн үргэлжилж байгаа нь тодорхойгүй байгаа билээ. Иргэд олон нийтийн зүгээс албан тушаалтнуудын холбогдсон гэмт хэрэг бүдгэрч байгааг хуулийнханд байнга сануулсаар байгаа. Гэвч хууль хяналтынхан жирийн иргэний хэргийг шийддэг шиг ээ тэдний хэргийг тийм ч амархан шийдэхгүй нь байгаа юм.

Тэгвэл Улсын Ерөнхий Прокурорын газраас сүүлийн үед олны анхаарал  татсан дуулиант хэргүүдийг яаравчлан шалгах ажлын хэсэг байгуулах үүрэг өгчээ. Тодруулбал, “ЖАСТ групп ХХК-ийн захирал Ш.Батхүүд холбогдох хэрэг”, “Монгол банкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалд холбогдох хэрэг”, “Үнэ тогтворжуулах хөтөлбөртэй холбоотой хэрэг”, “Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл хөтөлбөртэй холбоотой хэрэг”, “Агаарын бохирдлыг бууруулахад чиглэгдсэн төсөл, хөтөлбөрүүдтэй холбоотой хэрэг”, “Оюу Толгойн гэрээ байгуулах үйл явцад албан тушаалтан албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй хэрэг”, “60 тэрбумын гэх хэрэг”, “АСЕМ-ийн үйл ажиллагаанд зарцуулагдсан  төсөв, хөрөнгө нь хууль, тогтоомж зөрчсөн байж болзошгүй гэх хэрэг”, “Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сантай холбоотой хэрэг”, “Оффшор бүсэд төрийн албан хаагч, түүнтэй хамаарал бүхий этгээд хөрөнгө байршуулсан гэх хэрэг” зэрэг авлигын гэмт хэргүүдийг Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын мөрдөгч нарын хамтарсан ажлыг хэсгийг байгуулсан байна.

Эдгээр ажлын хэсэгт ЦЕГ-аас 22 мөрдөгчийг татаж, ажиллуулах зохион байгуулалтын арга хэмжээ авчээ. Түүнчлэн Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурор, ЦЕГ, АТГ-ын удирдлагуудад шуурхай  шалгаж шийдвэрлэн, үр дүнг тооцож ажиллах үүрэг өгчээ.

Мөн Улсын Ерөнхий Прокурорын газрын хоёр хяналтын прокурорыг Нийслэлийн прокурорын газарт дэмжлэг үзүүлэхээр түр хугацаагаар томилж, дээрх хэргүүдэд хяналт тавих прокуроруудыг уртасгасан цагаар ажиллуулахаар шийдвэрлээд байгаа ажээ.

А.ТӨМӨР 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.