"Ерөнхий сайд бүлгийнхээ хагаралд АН-ыг буруутгах нь утгагүй"


УИХ-ын гишүүн З.Нарантуяатай улс төрийн хүрээнд өрнөж буй зарим үйл явдлын талаар ярилцлаа.

-УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх үеэр та Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд багагүй шүүмжлэлтэй хандсан. Бүлгийнхээ хагаралд АН-ыг буруутгалаа гэх зэмлэлийг та Ерөнхий сайдад хүртээсэн шүү дээ ?

-2016 оны сонгуулиар Монголын ард түмэн МАН-ыг олонхи болгож, 65 суудал өгөхдөө төрийг тогтвортой байлгаж, тууштай, эв нэгдэлтэй, шийдэмгий ажиллаарай  гэсэн итгэлийг хамт хүлээлгэж, сонгосон гэж ойлгож байна. 2012-2016 онд АН-ын  хийсэн ажил, хэрэгжүүлсэн бодлогод нь  ард түмэн муу дүн тавиагүй. Харин олуулаа болсон ч засгийн эрхийг бусадтай эвсэж хэрэгжүүлэхдээ эв нэгдэлтэй байж чадаагүйд нь, Засгийн газраа тогтвортой ажиллуулж чадаагүйд нь сануулга өгөх гэж ард түмэн сонголтоо хийсэн гэж боддог. Аль ч улс төрийн нам, хүчин бие биенийхээ алдаа онооноос суралцах хэрэгтэй. Ялангуяа Монголын улс төрийн орон зайг эзэгнэж байгаа хоёр том нам үйл ажиллагаагаа байнга шинэчилж, улс төрийн шинэ соёлыг нэвтрүүлж, оюун санааны чиглэл, хандлагаа эрс өөрчилж, сахилга хариуцлагаа ухамсарлаж ажиллах нийгмийн шаардлага бий болчхоод байна. Нам тойрсон эрх мэдлийн төлөөх өрсөлдөөн нь төрийн үйл хэргийг гацаагч хүчин зүйл болсныг эрх барьж байгаа намын дарга Ерөнхий сайд хүн өөрөө хүлээн зөвшөөрөхөөр үл барам үүний өмнө хүчин мөхөстөж, шүдгүй арслан мэт байна гэж суугаа нь эмгэнэл юм.

Тогтолцоонд буруу өгөөд суух биш шинэчлэлийг манлайлах, санаачлан, оройлон удирдах үүргийг гишүүдийнхээ өмнө хүлээсэн хүн нь намын дарга. Намын Удирдах зөвлөл.

Өнөөдөр улс төрийн хувьд саад, чөдөр болоод байгаа сөрөг хүчин алга. Эдийн засгийн гадаад орчин хамгийн таатай, санхүү, төсвийн хүндрэлийг төвөггүй давж гарах таатай нөхцөл бүрдсэн орчинд МАН-ын бүлгийн бүх шийдвэр төрийн шийдвэр болох боломж бүрдсэн. Ийм нөхцөлд боломжийг ажиглаж, намаа нягтруулж, бодлогоо хэрэгжүүлж чадахгүй байгаагийн бурууг намын дарга л үүрнэ шүү дээ. Намын дарга улс төрийн багаа бүрдүүлээ. Бүлгийнхээ хагаралд АН-ыг буруутгах нь утгагүй хэрэг.

ХҮЧГҮЙ, СУЛ БАЙГАА НЬ ҮНДСЭН ХУУЛЬ ГЭХЭЭС ИЛҮҮ “ДҮРЭМГҮЙ” УЛС ТӨРИЙН ҮР ДАГАВАР

-Ерөнхий сайд ажлаа хийж, хариуцлага тооцож чаддаг байхын тулд Үндсэн хуульд өөрчлөлт хийх хэрэгтэй гэж ярьдаг л даа. Үндсэн хуулийг өөрчлөхгүй бол засаглалын хямрал үргэлжилнэ гэж улстөрчид ярьдаг. Та үүнтэй санал нийлэх үү?

-Монгол Улсад анх удаа Ерөнхий сайд гэдэг албан тушаал бий болж, У.Хүрэлсүх сайд энэ албыг хашиж байгаа юм биш. 1990 оноос хойш ардчилсан Үндсэн хуулийн орчинд бүх Ерөнхий сайдууд ажиллаж ирсэн. Улс төр, нийгэм, эдийн засгийн орчин нөхцөл нь өнөөдрийнхөөс хэд дахин илүү таагүй, хүнд хэцүү үед ч Д.Бямбасүрэн гуай, П.Жасрай гуай гээд өмнөх Ерөнхий сайдууд ажиллахдаа байгаа хуулийнхаа орчинд, гарц гаргалгаагаа олоод төрийн ажлыг саадгүй явуулсаар ирсэн. Өнөөдрийн нөхцөл байдал Үндсэн хуулиас болоогүй. Тэр тусмаа УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёр нэг намын, нам нь үнэмлэхүй олонх болсон, Ерөнхийлөгч төрийн ажил хэргийг саадгүй явуулахын тулд Засгийн газрын үйл ажиллагааг бүхий л боломжоороо дэмжиж оруулсан саналуудыг нь шуурхай зөвшилцөж, хамтран ажиллахыг эрмэлзэж байхад Засгийн газраа огцруулж, танхимын сайдуудаа нэг нэгээр нь сугалж, хууль бус үйлдлүүд гаргаж байгаагийн буруутныг  өөрсдөөсөө хайх хэрэгтэй. 64 гишүүнд бүгдэд нь хамаатай. Үндсэн хуулийг өөрчлөх хэмжээний кноп МАН-д байгаа гэж хэлмээр байна.

Гүйцэтгэх засаглалыг илүү хүчтэй, хариуцлагатай болгох чиглэлээр Үндсэн хууль болон бусад суурь хуулиудад зарим нэмэлт зохицуулалт, тодотгол хийх шаардлага байгаа ч бүх зүйл зуун хувь зөвхөн Үндсэн хуулиас болоод байна гэдэгтээ санал нийлдэггүй. Хууль  нийгмийн харилцааг зохицуулах ерөнхий хэм хэмжээ бөгөөд хуулийн зүйл, заалтыг зөв тайлбарлаж, ойлгож хэрэглэх чадвар гэдэг ойлголт байна. Улс төрийн намын дотоод зохион байгуулалт, эрх мэдлийн хуваарилалт, тоглоомын дүрмийг нэг бүрчлэн хуулиар тогтоох боломжгүй. Улс төрийн намуудын тухай хуулийн хүрээнд дотоод сахилга, хариуцлагаа журамлаж, дүрэм журам, заавар, аргачлалаа дотооддоо тодорхойлж, үйл ажиллагаагаа дүрэмжүүлэх нь намуудын үүрэг байх ёстой. Хүчгүй, сул байгаа нь Үндсэн хууль гэхээс илүү “дүрэмгүй” улс төрийн үр дагавар л гэж хэлэх гээд байна.

АН-д ч энэ зовлон байсан. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд бидний хийж байгаа намын шинэчлэл мөн ялгаагүй дүрэмтэй, журамтай, бодлоготой, хариуцлагатай нам болохын тулд хийгдэж байгаа ажил. Урдах ажилдаа түүртсэн хүнийг манай нутагт “дээлийн гол” гэж ёгтолдог юм. Үүнтэй зүйрлэн Ерөнхий сайдыгаа ажил, албан тушаалдаа эзэн шиг эзэн болж, намаа болон төр засгаа зоригтойхон, шийдэмгий, ухаан гаргаж удирдаа гэдгийг л би хатуухан сануулж хэлсэн. Үүнд эмзэглэхгүй биз ээ.

 

Үргэлжлэлийг эндээс

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.