Ж.САЙНЗАЯА: БҮХ НИЙТЭЭРЭЭ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГҮЙЦЭТГЭЛД ХЯНАЛТ ТАВЬДАГ БАЙХ НЬ ЧУХАЛ


Нээлттэй нийгэм хүрээлэнгээс “Монгол Улсын 2019 оны төсвийн зарлагын төлөвлөлт” уулзалт, хэлэлцүүлэг “Blue Sky” зочид буудалд 10 дугаар сарын 30-ны өдөр боллоо.

Хэлэлцүүлэгт Сангийн яамны Төсвийн зарлагын хэлтсийн дарга М.Санжаадорж “Монгол улсын 2019 оны нэгдсэн төсвийн зарлагын төлөвлөлт”, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга Д.Даваасамбуу “Монгол улсын 2019 оны төсөвт өгсөн санал, зөвлөмж, дүгнэлт”, Үнэн хатамж ТББ-ын гүйцэтгэх захирал, эдийн засагч, судлаач Ж.Сайнзаяа “Улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт: 2010-2014 онд эхэлсэн төслүүд”, судлаач А.Мөнхцог “Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн зарлага, 2019 оны зарлагын төлөвлөлтийн судалгаа”, судлаач Д.Баярмаа “Улсын төсвийн санхүүжилтээр 2019 онд  шинээр эхлэх хөрөнгө оруулалтын төлөвлөлтөд хийсэн судалгаа, судлаач Б.Энхбаяр “Улаанбаатар хотын агаарын бохирдол ба төсөв” зэрэг олон чиглэлээр илтгэл тавьж, судалгаагаа танилцуулахдаа зөвлөмж, асуудал дэвшүүлэв.

М.Санжаадоржоос 2019 оны нэгдсэн төсвийн зарлагын төлөвлөлтийн талаар тодрууллаа.  

Тэрээр “....Монгол улсын  нэгдсэн төсвийн алдагдлыг гадаадаас авах зээл, тусламжийн хэмжээнд буюу 1,3 их наяд төгрөгийн хэмжээнд байлгах зөвлөмж гаргаж байна. Үүний тулд цалин, тэтгэвэр нэмэхээс бусад урсгал зардлыг хорогдуулах, 2017 оны хэмжээнд царцаах, төсвийн зарлагын өсөлтийг багасгах чиглэл барьж, урсгал зардлыг бууруулах хэрэгтэй.

 

МУ-ын 2019 оны төсвийг дагалдуулан гарах шийдвэрийн талаар дараах санал, зөвлөмжийг оруулж байгаа юм. Үүнд, 1,5 тэрбум төгрөгөөс доош орлоготой аж ахуйн нэгжүүдийн төлсөн орлогын албан татврын 90 хувийн татврын хөнгөлөлт, чөлөөлөлтийг Улаанбаатар хотоос бусад аймагт хэрэгжүүлэх хэрэгтэй. Мөн 2019 оны төсөв бол ирээдүйг бодитой шийдвэрлэх маш чухал ажил байх ёстой. Жишээ нь, том төсөл болох Төмөрзамаа урагшуулах шаардлагатай. Хөдөө орон нутагт ажлын байр байхгүй, ажилгүй иргэд олон, хүнд байдалтай байгааг онцлон анхаарч ажиллах шаардлага тулгарч байна.” гэж ярив.

Мөн судлаач Ж.Сайнзаяа хэлэхдээ “2019 оны төсвийн төсөл нь 10 их наяд төгрөгт хүрч байгаагаар онцлогтой. ..Цаашид УИХ, ЗГ-ын гишүүд хэт ерөнхий, тодорхойгүй төсөл тусгахгүй байх, тойрогтоо сайн хүн болох гэж зүтгэхгүй байх, улсын төсвийг сонгуулийн бэлтгэл, сонгуулийн бялуу болгон ашиглахгүй байхыг сануулж байна. 

Түүнчлэн Сангийн яаманд төсвийн ерөнхийлөн захирагч нар хир үндэслэлтэй саналаа ирүүлж байгааг их хуралд өргөн барихаас өмнө хянах, УИХ-ын гишүүдийн төсвийн саналууд орон нутгийн төвлөрөлтэй уялдаж буй эсэх, эдийн засгийн үндэслэлтэй эсэхийг хянах шаардлагатай юм.

Улсын хөрөнгө оруулалтыг гүйцэтгэлээр хянадаг байгууллага байгаа эсэх нь мэдэгдэхгүй, тодорхойгүй байна. Ийм байгууллага байдаг гэдгийг ч би мэдэхгүй юм. Тэгэхээр бүх нийтээрээ хөрөнгө оруулалтын гүйцэтгэлд хяналт тавьдаг байх нь чухал гэсэн саналыг дэвшүүлж байна” гэв.

 

www.ardchilal.mn Б.БАЯРМАА

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.