Ерөнхийлөгчийн ядмагхан ПОПУЛИЗМ


Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр /2018.10.29/ улс төрийн сюрприз барив. УИХ-ыг тараах бичгийг  УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа.  Үүнээс өмнөх Ерөнхийлөгч нарын хувьд ийм алхам хийж байгаагүй болохоор ийм явдал Монголдоо анхных.  Гэхдээ үүнийг шинэ жишиг гэж эндүүрэх хэрэггүй бөгөөд зүгээр л шоу юм.

Ерөнхийлөгч УИХ-ыг тарахыг шаардаж албан бичгээр баталгаажуулан өргөн барьж байгааг  Монголын ардчиллын хувьд шинэ практик боллоо хэмээн дэврүүлж харах зүйл биш. 

Ерөнхийлөгч хуулийн дагуу УИХ-ыг тараах санаачлага гаргах эрхтэй ч улс төрийн нэг хүчин буюу МАН УИХ-ын үнэмлэхүй олонхийг хянаж байгаа ийм нөхцөлд парламентын дэмжлэгийг авч чадахгүй нь ойлгомжтой  асуудал юм. Өөрийнх нь шаардсанаар тарахгүй, дэмжихгүй гэдгийг нь мэдсээр байж ингэж “тоглох” нь зүгээр л үг хэлээр бус, үйлдлээрээ үзүүлж буй популизм  гэж харагдаж байна.  

Үндсэн хуулийн заалтаараа Ерөнхийлөгч үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч. Энэ утгаараа тараах бутраах, тарамдуулах тухай биш харин иргэдээ эв нэгдлийн зүг уриалж, улс орныхоо нэгдмэл байдлыг хамгаалж бататгах нь эн тэргүүнийх нь үүрэг зорилго баймаар. 

Үндсэн хуулийн заалтаараа Ерөнхийлөгч үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч. Энэ утгаараа тараах бутраах, тарамдуулах тухай биш харин иргэдээ эв нэгдлийн зүг уриалж, улс орныхоо нэгдмэл байдлыг хамгаалж бататгах нь эн тэргүүнийх нь үүрэг зорилго баймаар. Харамсалтай нь, Ерөнхийлөгч маань энэ үндсэн үүргээсээ хадуурч дөлөөд байна. Ерөнхийлөгчөөр сонгогдсоноосоо хойш парламентыг тараах тухай давтаж ярьсаар ирсэн нь үүний нэг жишээ. Түүний энэ санааг нь угшил гарвал нэгтэй АН-ын УИХ дахь 9 хүнтэй бүлэг дагаж уухайлдаг.  Мөрөөдөхөд мөнгө төлөхгүй гэдэг шиг үүгээрээ тэд попрох тун дуртай.

Хэдийгээр УИХ-ыг тараах тухай санал гаргах нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээний асуудал ч гэлээ УИХ-ын гишүүд бол иргэдээсээ сонгогдсон,  тэдний төлөөлөл мөн. Энэ утгаараа иргэдийнхээ  сонголтонд хүндэтгэлтэй хандах нь  бүх ард түмний мандат өвөртөлсөн Ерөнхийлөгчийн ёс зүйн хэм хэмжээний нэг асуудал, илэрхийлэл болох учиртай. УИХ-ын гишүүдтэй энгийн утгаараа жинхэнэ хариуцлага тооцдог хүмүүс бол сонгогчид нь.  Ерөөс ийм жишиг Ерөнхийлөгчийн тухай хуультай зэрэгцэн оршсоор ирсэн билээ. 

Ерөнхийлөгчийн шаардлага зүй ёсны, улс орны нэгмэл эрх ашгийг хангаж байх учиртай. Тухайлбал,  УИХ-ын үйл ажиллагааг төгөлдөржүүлэх,  гишүүдийн хариуцлага сахилгыг дээшлүүлэх ч гэдэг юм уу, эсвэл хууль тогтоомжийн оновчтой байдлыг хангах гэхчлэн. Харин түүнээс биш хэлэлцэгдэж батлагдаагүй байгаа төсвийн  хуулийн зарим нэг зохицуулалт  дээр дөрөөлж популизм хийж, үүгээрээ нийгмийн нэг хэсгийн цөсийг  хөөргөх нь зүйд хэр нийцэх вэ.  Хуулийг хэлэлцүүлгийн явцад сайжруулж болно, хориг тавих  эрх мэдэл  өөрт нь бий. Заавал угтуулан “шүгэл үлээх” хэрэг байгаа ч юм уу.

Тэгээд ч өнөөгийн Монголд тарж цугларсанаараа асуудал шийдэгдэхгүй гэж зарим иргэд цахим орчинд байр сууриа  илэрхийлж байгаатай санал нийлнэ.

УИХ-ыг тараах тухай Ерөнхийлөгчийн шаардлага хүйтний улирал ирж хөхүүрийн ам цаашилсан ийм эгзэгтэй цаг үеэр өргөн баригдаж  байгаа нь УИХ-ын “барцад”-ыг арилгахаасаа илүүтэй улс орныхоо амьдралын хэмнэлийг эргүүлж, нийгэмд улстөржих үүл мананг дэгдээж дэвэргэж  мэдэх юм.

Хэдийгээр УИХ-ыг тараах санал санаачлага нь бүтэх нигур үгүй ч өнөөгийн эрх баригч хүчнийг  нийгэмд  муухай харагдуулж, иргэдийг  төрийн эрх барих төлөөллийн дээд байгууллагынхаа эсрэг тухирах сэдэл болж мэдэх юм. Ингэвэл улс орны эв нэгдэлд цээлийн ус цалгиж, цэгээн чулуу хагарч байгаагаас юуны өөрц билээ.

Ерөнхийлөгч дээрх өргөх бичигтээ “Иргэдийн сонголтын үр дүнд байгуулагддаг төрийн эрх барих дээд байгууллага ард иргэдийнхээ итгэл, дэмжлэгийг илт алдсан ийм бодитой тохиолдолд бүрэн эрхээ цааш хэрэгжүүлж ажиллах боломжгүй юм” хэмээн дурджээ.  Энд дурдагдаж буй “төрийн эрх барих дээд байгууллага ард иргэдийнхээ итгэл, дэмжлэгийг илт алдсан” гэдгийг хэрхэн юугаар нотлох вэ?

Өнөөгийн парламент, Засгийн газрыг өөгүй,  өндөг шиг  гэж хэлэхгүй. Сайн, саар аль аль нь бий. Гэхдээ элгээрээ хэвтсэн эдийн засгаа сэргээж, бүр өсөлт авчирсан нь мэлзэх аргагүй үнэн. Эдийн засаг сэргэх хэрээр иргэд ажилтай орлоготой болж байгаа нь бодит төрх.  

 

Өнөөгийн парламент, Засгийн газрыг өөгүй,  өндөг шиг  гэж хэлэхгүй. Сайн, саар аль аль нь бий. Гэхдээ элгээрээ хэвтсэн эдийн засгаа сэргээж, бүр өсөлт авчирсан нь мэлзэх аргагүй үнэн. Эдийн засаг сэргэх хэрээр иргэд ажилтай орлоготой болж байгаа нь бодит төрх.  

Хэрэв Ерөнхийлөгчийн санаачилсанаар УИХ хугацаанаасаа өмнө тардаг юмаа гэж бодоход  монголчууд эндээс хожих уу, хожигдох уу гэдэг нь  хоржоонтой асуудал.  Эрх баригч хүчний сонгуулийн мөрийн хөтөлбөрийг маш хариуцлагатай үед нь гацааснаар хөгжлийн хөтөлбөрүүд гацаж,  хийж бүтээж байгаа бүхэн улс төржилт, талцлаар  солигдоно. 

“Монгол улс  ардчилсан хуультай орон. Энэхүү ардчилсан Үндсэн хууль болон дэлхий даяарх ардчиллын нийтлэг загварын дагуу “Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй” бодит нөхцөл байдал бий болсон бол УИХ өөрөө тарах шийдвэр гаргах үйл явцыг эхлүүлэх учиртай. Үүнд УИХ-д олонх бүрэлдэх боломжгүй болсон үеийг ойлгоно” хэмээн хуульчдын байр суурь, тайлбар байна.  

Ерөнхийлөгч УИХ-тай ноцолдож ноололдохоос илүүтэй үүрэг функцээрээ хүлээсэн олон үүрэг  хариуцлага  бий. Ингэхэд мал мэнд үү гэгчээр таны хариуцсан тэр салбаруудын шинэчлэл юу болж байгаа вэ. 

http://www.zaluu.com/read/2bef3cd84 Г.Хантулга

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.

БАГЦ МЭДЭЭ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.