“ОХИДЫН МАНЛАЙЛАЛ” ЧУУЛГАН БОЛОВ


Ховд аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулиас санаачилж аймгийн ГБХЗХГ, “Дэлхийн Зөн Ховд” орон нутгийн хөгжлийн хөтөлбөртэй хамтран “Охидын манлайлал” чуулган зохион байгуулав.

Сургуулийн орчинд зөв нөлөөлөл, манлайллыг бий болгох, хүчирхэг өөртөө итгэлтэй, эерэг харилцаатай жинхэнэ манлайлагч охидыг бэлтгэх, охидын хүмүүжил төлөвшилд зөв нөлөө үзүүлэх зорилготой чуулганд VI-XII ангийн 250 сурагч охид оролцлоо.

Ховд аймгийн ГБХЗХГ-ын дарга Ц.Номинчимэг, Жаргалант сумын хоёрдугаар сургуулийн дунд ангийн сургалтын менежер Г.Мөнгөнсаран нар охидын чуулганд амжилт хүсч, үг хэлэв. Хүүхдийн оролцооны байгууллагыг төлөөлж аймгийн Хүүхдийн нэгдсэн зөвлөлийн тэргүүн Г.Намуун, “+300” клубын тэргүүн Э.Байгалмаа нар “Х1 зууны охидын хүмүүжил, төлөвшил”, “Ёсзүй ба харилцаа”, “Бидний манлайлал” сэдвээр сонирхолтой илтгэл хэлэлцүүлж хүүхдүүдтэй харилцан ярилцсан байна.

Мөн Жаргалант сумын хоёрдугаар сургуулийн багш Б.Нарангэрэл, Д.Отгонжаргал нар “Охид ертөнцийн чимэг”, багш Г.Саруулзаяа, Д.Ариунтунгалаг нар “10 жилийн дараах би эргэцүүлэмж” сэдвээр сонирхолтой илтгэлүүд тавьсан. Ахмад багш Ц.Отгонбаяр амьдралын бодит үнэн тэр дундаа эмэгтэй хүн болохын утга учир, өнөөгийн охидын тухай бодол санаа, үнэтэй сургамжаа хайрлаж, охидууддаа сайн сайхныг хүсэн ерөөв.

Чуулганы төгсгөлд сургууль анги тэнхимийн орчинд болон гэр бүлийн орчинд охидын өмнө тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцүүлэг өрнүүлж шийдвэрлэх арга замыг охидууд тодорхойлов.Тэд сургуулийн захиргаа, ГБХЗХГ, Эцэг эхчүүдийн холбоонд хүргүүлэхээр саналаа тусгасан байна.

Энэ үеэр нээлттэй сонгууль явуулж тус сургуулийн охидын зөвлөлийн даргаар Ж.Болор-эрдэнийг сонгов. Охидын чуулган эмэгтэйчүүдийн зөвлөл болон Сурагчдын Өөрөө Удирдах Зөвлөл, сургуулийн захиргаа, “Охидын зөвлөл”-тэй үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан хамтран ажиллахаар боллоо.

А.Бямбасүрэн

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.