Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дэлхийн худалдааны байгууллагаар зочилж, Монголд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн талаар ярилцав


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дэлхийн худалдааны байгууллагын  Ерөнхий захирал Р.Азеведотой уулзсаныхаа дараа /уулзалтын мэдээллийг унших бол энд дарна уу/ энэ байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, зарим төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилт, явцтай танилцсан юм.

 

Энэ үеэр Дэлхийн худалдааны байгууллагад ажиллаж буй Монгол ажилтан Дэлхийн худалдааны байгууллагын Стандарт, худалдааны хөгжлийн газрын  мэргэжилтэн С.Онон хүнсний аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдээс танилцуулсан юм.

Жишээ нь, Стандарт ба худалдааг хөгжүүлэх сангаас Монгол Улсын Архангай, Өвөрхангай аймгийн дөрвөн суманд 400 мянган ам.долларын санхүүжилттэй төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд эхний шатыг амжилттай хэрэгжүүлбэл, 21 сая ам.доллар авч, хөтөлбөрөө үргэлжлүүлэх боломжтой юм байна.

Энэ талаар Дэлхийн худалдааны байгууллагын Стандарт, худалдааны хөгжлийн газрын  мэргэжилтэн С.Онон:

“Стандарт ба худалдааг хөгжүүлэх санг 2004 онд Дэлхийн худалдааны байгууллага, Дэлхийн банк, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн малын эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран үүсгэн байгуулсан. Энэ сан хөгжиж байгаа орнуудад олон улсын стандартыг хэрэгжүүлэх замаар зах зээлийг тэлэх, олон улсын зах зээлд бүтээгдэхүүн гаргах замаар ядуурлыг бууруулах зорилготой ажилладаг.

Стандарт ба худалдааг хөгжүүлэх сан хүнсний баталгаат байдал, мал, ургамлын эрүүл мэндийг сайжруулахад чиглэсэн маш олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж буцалтгүй тусламж олгодог.

Монгол Улс 2017 онд төслийн баримт бичиг ирүүлж, энэ дагуу нь 400 мянган ам.долларын тусламжийн төсөл хэрэгжиж байгаа. Малын эрүүл мэндийг сайжруулж, махны экспортыг нэмэгдүүлэх энэ төсөл Архангай, Өвөрхангай аймгийн дөрвөн суманд хэрэгжиж эхэлсэн. Төслийн хүрээнд малын бүртгэлийн мэдээллийн санг шинэчилж, сайжруулах зорилго тавьсан. Энэ туршилтын төсөл үр дүнгээ өгөх юм бол Дэлхийн банкнаас 21 сая ам.долларын буцалтгүй тусламж олгож, төслийг үргэлжлүүлнэ гэдгээ илэрхийлсэн” гэсэн юм.

Гэхдээ төслийг үргэлжлүүлэхийн тулд төр, хувийн хэвшил сайтар хамтарч ажиллах ёстой гээд манай улс дотоодын стандартаа Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн малын эрүүл мэндийн байгууллагын стандарттай уялдуулах ёстойг онцлон хэллээ.

Уулзалт, ярилцлагын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүнсний стандартын асуудлаар баримталж буй бодлогоо товч танилцуулж, төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд төр, хувийн хэвшил нягт хамтарч ажиллах ёстойг онцгойлон сануулав.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.