Н.ЦЭРЭНБАТ: 54 ТЭРБУМТАЙ БОЛОХ ҮЛГЭРИЙН ТӨСӨЛ


Улаанбаатар хотын утааг ор мөргүй арилгана гэж ярьсаар дариу хориод жил өнгөрчээ. Тоон ухаанаар бага мэт боловч хүмүүний амьдралын мөчлөгөөр бол бараг л нэг амьдралын гуравны нэг гэхээр чамгүй хугацаа. Энэ хугацаанд утаанд хордсон ураг, өндөр настан, ямар нэгэн өвчин туссан эсвэл эд эрхтэн нь ямар нэгэн өөрчлөлтөнд орсон хүмүүсийг тогтоох аргагүй. Гэсэн хэдий ч төр засгийг ээлжлэн баригч бирдийн санаатай улстөрчид улам л худлыг ярьж, улам ихийг завшихыг санаархсаар. Хүний шунал хязгааргүй гэдэг ч ард түмнийхээ эрүүл мэнд, амь насаар наадаж суух нь даанч увайгүй.

Анх “Цэвэр агаар сан” гээчийг байгуулж төрийн мөнгийг хяналтгүй завшсан ч цөөн хэд нь л ял шийтгэл хүлээсэн. Сүүлдээ “Утаагүй зуух” гэх үлгэр зохиосон. Уг нь бол ямар ч зуухнаас утаа гарч л таарна. Тиймээс үлгэрийн зохиолчид маань гарчигнаасаа эхлээд энэхүү үлгэрээ буруу эхэлсэн гэсэн үг. Утаа огт гаргадаггүй зуухаа ард иргэддээ тараах нь тарааж дамлан зарах нь зарсан ч утаа огт багассангүй. Тиймээс албан тушаалтнууд сүүлдээ “Утааны хор багассан” гэх нэгэн гайхамшигт яриаг өгч олон түмнийхээ элэг доог ч болж л байлаа. Тэгвэл энэ удаагийн Байгаль орчны сайд нөхөр Цэрэнбат бүр ч сайхан үлгэр зохиох санаа олж. Тэр нь яндан бүрт утаа цэвэршүүлэгч хийх бөгөөд үүнийг хийхэд 54 тэрбум төгрөг шаардлагатай гэнэ. Бас л сайхан залж байгаа юм шүү. Байгаль орчны яамныхан айл бүрийн янданд өөрсдийн биеэр утаа шүүгч суурилуулж өгөх юм гэнэ. Сошиал ертөнцөд энэхүү шийдвэрийг эсэргүүцсэн мянга мянган коммент хөвөрч байна. Тэдэн дотор “Үүний оронд тэр мөнгөөр нь бөөнөөрөө нийлж архи ууя” ч гэх нь байна. За бараг л яндан бүрт шүүлтүүр суулгах гэж явахын оронд боломжийн санаа ч юм шиг. Утаа бүхий зургаан сарын хугацаанд өрх бүрт тодорхой тооны шил архийг өгч тогтмол хэрэглүүлснээр хорыг хороор гэгчээр утааны хордлогоос хамгаалах ч юм билүү?

Хэзээнээс Монголын ард түмэн “үлгэрийн төсөл” гэдгийг мэдсээр байж итгэж найдан хүлээсээр л ирсэн одоо ч бас итгэх биз. Яагаад болохгүй гэж, угаасаа л сүүлийн 30 жил үүнээс ч дор зохиолтой үлгэрүүдэд итгэсээр, хүлээсээр ирсэн. Иймэрхүү арга ядсан мөнгө угаах санал гаргадаг төрийн албанд шургалсан бизнесменүүдээ хэзээ Монголын төр цэгцэлнэ тэр цагт бид утаанаас салах биз.

Т.ДАРХАН 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.