“Миний эх орон” гэрэл зургийн үзэсгэлэн Сүхбаатар аймагт нээгдлээ


Гэрэл зурагчин Х.Сэргэлэнбатын “Миний эх орон” бие даасан гэрэл зургийн үзэсгэлэн Сүхбаатар аймгийн угсаатны зүйн музейд боллоо. Монгол орны үзэсгэлэнт газар, зэрлэг ан амьтан, ховор ургамал, тусгай хамгаалалттай газар нутаг гээд түүний сүүлийн арван жилд авсан гэрэл зургийн түүврээс үзэсгэлэнд дэлгэгджээ.

Хүүхдүүдэд эх оронч үзэл төлөвшүүлэх, эх орноо хайрлан хамгаалах боловсрол олгох зорилго бүхий Миний эх орон гэрэл зургийн үзэсгэлэнг энэ онд багтан Монгол Улсын 21 аймагт дэлгэн танилцуулахаар төлөвлөжээ. Сүхбаатар аймгийн хувьд долоо дахь аймаг нь болжээ.

Гэрэл зурагчин Х.Сэргэлэнбат хэлэхдээ “Байгалиа хайрлая, хамгаалъя гэж хүн бүр ярьдаг. Гэтэл хүүхдүүд байгалиа бүрэн таниагүй, хаана ямар газар байдгийг ч мэдэхгүй, юуг хамгаалах ёстойгоо ойлгоогүй байдаг. Тэгвэл миний энэхүү үзэсгэлэнг үзэж, танилцсанаар хүүхдүүд өө би энэ баавгайг хамгаалах ёстой юм байна, би ийм газрыг хайрлах ёстой юм байна гээд мэдэж эхлэх юм. Иргэд ялангуяа хүүхдүүд маш сайхан хүлээж авч байна. Үзэсгэлэн нэг аймагт нэг л өдөр үргэлжилж байгаа. Тухайн аймгийн музейтэй хамтран, бүх насныханд үнэ төлбөргүй үзүүлж байна. Хэнтий, Дорнод аймагт гэхэд л 3000 гаруй хүүхэд үзэсгэлэнг маань үзсэн байна. Миний хувьд энэхүү үзэсгэлэнгээ өмнө нь БНСУ, ОХУ-ын хэд хэдэн том хотод гаргасан. Тэр орны хүүхдүүдийн хувьд үзэсгэлэнгээс Монгол орны гайхамшгийг хараад үнэхээр биширч байсан. Тэдний хувьд энэ бүхэн шинэ содон нөгөө талаар гайхамшиг байсан, Монгол орныг маш ихээр сонирхох болсон гэх мэдээллийг би сүүлд авсан. Энэ л миний ажлын үр дүн юм.”гэж ярилаа.

Мөн дэлхийд онгон дагшин байгалиа, түүний үзэсгэлэнт төрхийг хадгалж үлдсэн улс орны эгнээнд Монгол зүй ёсоор ордог. Гэтэл уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал, хүний буруутай үйл ажиллагаа зэрэг олон хүчин зүйлийн улмаас жилээс жилд өөрчлөгдөж буй байгаль дэлхийгээ хайрлах, хойч үедээ өвлүүлэн үлдээх ажлыг хүн бүр өөр өөрийн хэмжээнд хийх нь зүй ёсны хэрэг болоод буй. Энэ нь дээрх үзэсгэлэнг гаргах хамгийн гол хэрэгцээ, шаардлага ажээ.

Т.Одончимэг

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.