АНУ-Д АСАР ХҮЧТЭЙ ХАР САЛХИ ДЭГДЭЭД БАЙНА


АНУ-ын Флорида муж улсад урьд өмнө нь тохиож байгаагүй асар хүчтэй “Майкл” хар салхи дэгдсэний улмаас далайн эргийн суурингуудад үерийн гамшиг үүсч, байшин барилгууд усанд автсаны зэрэгцээ хүчтэй салхины улмаас модод хугарч, булгаран унаж байгаа тухай “BBC” суваг мэдээлэв.

 

Одоогийн байдлаар гуравдугаар түвшний шуурга хэмээн тооцогдож байгаа “Майкл” хар салхи нь лхагва гарагт тус мужийн Панхандл бүс нутагт хөрсний гулгалт үүсгэсэн ба нэг хүн модонд даруулан амь насаа алдсан байна.

 

Уг шуурга нь цааш Алабама болон Жоржия муж улсыг чиглэн урагшлах төлөвтэй байгаа бөгөөд шуурганы эрч улам чангарч байгаа нь ажиглагдсан аж.

 

Мягмар гарагт уг шуурга нь хоёрдугаар түвшний шуурга байсан бол лхагва гарагийн өглөө тавдугаар түвшинд хүртлээ ширүүссэн бөгөөд Флорида муж улсын захирагч Рик Скотт энэхүү шуургыг 100 жилд тохиогоогүй хүчтэй шуурга гэж ард иргэдэд анхааруулж байсан юм. Флорида, Алабама, Жоржия болон Умард Каролина муж улсын бүх нутагт онцгой байдал зарласан байна.

 

“Майкл” хар салхи төв Америкийн орнуудад мөн гамшиг үүсгэсэн бөгөөд Хондураст 6, Никарагуад 4, Эл Салвадорт 3 буюу нийт 13 хүний аминд хүрсэн байна.

 

Хар салхи дэгдэхээс өмнө Флорида муж улсын 370 мянган хүнийг нүүлгэн шилжүүлэх шийдвэр гарсан юм. “Майкл” хар салхинаас үүдсэн хүчтэй салхи моддыг унагаасан нь цахилгааны сүлжээг тасалдуулсны улмаас олон сая өрхийн цахилгаан хангамж тасраад байгаа ажээ.

 

Түүхийн хуудас сөхөж үзвэл, 1851 онд дөрөвдүгээр түвшний шуурга Панхандл-д дэгдэж байжээ. Ройтерс агентлагийн мэдээлснээр, “Майкл” хар салхи нь АНУ-ын эх газарт хөрсний гулгалт үүсгэсэн гурав дахь хүчтэй шуурга бөгөөд өмнө нь Миссиссипид 1969 онд “Камилле” хар салхи, 1935 онд Флоридад хүчтэй хар салхи дэгдэж байсан аж.

 

Шуурга 4 метр хүртэлх өндөр далайн давлагаа үүсгэж, 30 сантиметр хур тунадас унах төлөвтэй байгаа тухай цаг уурын мэргэжилтнүүд мэдээлж байна. Түүнчлэн Флорида муж улсад 3500 цэргийн албан хаагч бэлэн байдалд ажиллаж байна.

 

“Хар салхи лхагва гарагийн шөнө АНУ-ын зүүн өмнөд нутгуудыг дайран өнгөрөх үедээ хүч нь аажмаар суларч пүрэв гарагийн өглөө гэхэд халуун орны шуурга болох төлөвтэй байгаа хэдий ч пүрэв гарагийн шөнө гэхэд хүч нь дахин чангарч, баасан гарагт АНУ-ын зүүн эргийн бүс нутгийн чиглэн урагшилна” гэж тус улсын Хар салхи судлалын үндэсний төвөөс мэдээлжээ

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.