Б.БАТЗОРИГ САЙДЫН ШИЙДВЭР ИРГЭДИЙН ХАЛААСЫГ ТЭМТРЭХ НЬ


-ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг тариалан эрхлэгчдийг дэмжих зорилгоор тонн улаанбуудайг 560 мянгаас 600 мянган төгрөг болгон нэмэгдүүллээ хэмээн зарлаж суугааг ойлгосонгүй-

Дэлхийн банкнаас Монгол Улсын эдийн засгийг 2018 оны эцэст 5.9 хувьтай гарч, ирэх онд 6.6 хувиар өсөх таамаглал дэвшүүлээд байгаа билээ. Харин дотоодын шинжээчдийн дүгнэлтээр, эдийн засагт хэдийгээр өсөлт ирэх ч иргэдийн нуруунд ачаа ирэх вий гэсэн болгоомжлол бүхий эргэлзээ хөвөрч байгаа юм.

Нийт эдийн засагт үлэмж нөлөөтэй уул уурхайн түүхий эд болох зэс, алт, нүүрсний үнэ харьцангуй өсөлттэй байгаа ч шатахуун, ам.доллар, валютын ханшийн өсөлт жирийн иргэдийн нуруунд ачаа нэмсээр ирсэн. Энэ утгаараа Дэлхийн банк  Монгол Улс богино хугацаанд үүсч болзошгүй эрсдлээс сэргийлэх бодлогын арга хэмжээ авах, ханшийн хөдөлгөөнд мэдрэг байж мөнгөний бодлогыг зөв удирдах, зорилтот бүлэгт нийгмийн хангамжийг жигд сайжруулах хөтөлбөрүүдийг тууштай хэрэгжүүлэхийг сануулсан.

Эдийн засаг хэврэг байгаа Монгол Улсын хувьд авч буй бодлогын  арга хэмжээндээ анхаарахыг тэд сануулсан ч иргэддээ ээлгүй “үнэ нэмэх” шийдвэрүүдийг төр, засгийн зарим түшээд, эрх мэдэлтний зүгээс гаргаж эхэллээ. Үнэ нэмэх асуудлыг зөвхөн нэг талыг барьж шийдэх бус олон талаас нь судалж эцсийн шийдвэр гаргах жишиг манайд байхгүйгээс болж иргэд хохирсоор ирсэн нь нууц биш юм. Үүний нэг тод жишээ нь иргэнд очих дарамтыг үл тооцон нэг тонн улаан буудайны үнийг 40.000 төгрөгөөр нэмсэн явдал болоод байна. 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг тариалан эрхлэгчдийг дэмжих зорилгоор нэг тонн улаанбуудайг 560 мянган төгрөгөөс 600 мянган төгрөг болгон нэмэгдүүллээ хэмээн жишимгүй зарлаж суусныг ойлгосонгүй. Тэрээр, байгаль цаг уурын нөхцөл байдлаас гадна санхүүгийн дутагдал тариалан эрхлэгчдэд багагүй дарамт болж, ялангуяа сүүлийн саруудад манай улсад нэмэгдсээр байгаа шатахууны үнийн өсөлт тариаланчдад хүнд тусч байгаа.

Тиймээс 50 хувийн урьдчилгааг тэдэнд өгч шатахуун олгосон. “Буцаан авах төлбөрийг үр тариагаар хийнэ” хэмээн мэдэгдсэн. Төр, засгийн аливаа шийдвэр нь иргэндээ ээлтэй байх ёстой атал цөөнх буюу ашигтай ажилладаг бүлэг хүмүүсийг дэмжиж, иргэдээ дэмжлэгийнхээ гадна орхидог жишиг Монголоос өөр хаана ч байхгүй биз ээ. Үнэндээ тариалан эрхлэгчдийг дэмжсэн энэхүү шийдвэр 3.2 сая иргэний халаасыг тэмтрэхэд хүрээд байна. Өөр юу б иш. Учир нь хүнсний салбарын гол түүхий эд болох үр тарианы үнийн өсөлтийг дагаад гурил, гурилан бүтээгдэхүүн, талх тарианы үнэ өсч жирийн иргэдийн идэх хүнс үнэд орно гэдгийг  салбарын сайд яагаад тооцоолсонгүй вэ гэмээр. Гадныхан аливаа бүтээгдэхүүний үнийг нэмэхдээ маш болгоомжтой, тооцоотой хандаж эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөө, иргэнд очих үр дагаварыг судалж байж шийддэг. Гэтэл нэг л өглөө сэрэхэд үнээ өсгөдөг Монгол жишиг эдийн засгийг хүчгүйдүүлж, иргэдийг туйлдуулсаар удлаа.

Үнэндээ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригийн үнэ өсгөсөн дээрх шийдвэр зөвхөн тариалан эрхэлдэг 36 мянган хүнд л өгөөжтэй, харин цаана нь үлдсэн гурван сая гаруй иргэнд хүрэх үр дүн нь “ҮНИЙН ӨСӨЛТ”-өөр илрэхээр болж байна. Ард иргэдийнхээ идэх талхны үнэтэй ярих эрхэм удирдлагууд цаашдаа эдийн засгийн тооцоолол хийж үнэ нэмэх асуудалд болгоомжтой хандахгүй бол тэдний гаргасан шийдвэрт жирийн иргэд ширвэгдсээр байх нь.

Угтаа өнөөдөр эцсийн бүтээгдэхүүн гаргадаг хүнсний үйлдвэрүүд төр, засгийн удирдлагуудаас илүүтэй үнэ нэмэх асуудалд болгоомжтой ханддаг болсон. Тэд давын өмнө үнээ нэмэхээс илүүтэй хэрэглэгчээ боддог соёл руу  дөтөлж буйг сайшаамаар. Тухайлбал статистик үзүүлэлтээс харвал сүүлийн хоёр жилд бидний өдөр тутмын хэрэглээ болох  талх, гурилын  үнэ өөрчлөлтгүй явж иржээ. Харин нэг тонн улаан буудайг 600 мянган төгрөгөөр борлуулж эхэлснээр нэг кг гурил 1000 төгрөг болж өдөр тутмын хэрэглээ болох талхны үнэ ширхэг нь даруй 1500 төгрөгт хүрэх нөхцөл үүсээд байна. Ийнхүү улаанбуудайны үнийг өсгөсөн салбарын сайд Б.Батзориг эцсийн хэрэглэгчдэд очих энэ ачааг  үүрэлцэж чадах болов уу? Энэ асуудлыг өнөөдөр газар тариалангийн бүс нутгаар явж ургацын байдалтай танилцаж буй Ерөнхий сайдад мөн иргэд уламжилж байна.

 

 

 

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.