Б.Золзаяа: Хүүхдийг зэмлэхгүй, загнахгүй, шүүмжлэхгүй, шийтгэхгүй хүмүүжүүлэх шилдэг арга бий


Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнгээс “Хувь хүний хөгжил” сэтгэл зүйн лекц зохион байгуулсан юм. Энэ үеэр МУИС-ийн сэтгэл судлалын багш, Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнгийн захирал, Сэтгэл судлалын ухааны магистр Б.Золзаяа “Хүүхэд бүр өөр, өөрийн замаар гэрэлтдэг” сэдвээр эцэг эхчүүдэд уншсан лекцийг тоймлон хүргэж байна.

Хүний амьдралын хамгийн тод гэгээлэг бас хамгийн аймшигтай дурсамж бага насанд тохиодог. Бага нас гэдэг бол хүний амьдралын хамгийн хамгийн чухал нас. Энэ насандаа юуг яаж хэрхэн бүтээснээр, бий болгосноор ирээдүйд ямар бие хүн болохыг шууд утгаар бэлдэж байдаг.

Миний хувьд Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнг 2010 онд байгуулахаас өмнө практик сэтгэлзүйд зөвлөгөө өгсөн туршлага маань 10 гаруй жил байгаа. Эцэг эхчүүд маань хүүхдийнхээ тухай асуух гэж ирэхдээ “Жаахан том болохоор нь, одоо юу ч мэдэхгүй” гэх үгийг их хэрэглэдэг. Энэ бол хамгийн том алдаа. Эхийн хэвлийд байхаас нь эхлээд хүүхдээ хайрлах, энхрийлэх, харилцах, ярилцах нь чухал. Тэр насанд л хүүхдийн хөгжил, төлөвшил тогтож байдаг.

Хүүхэд бүр өөр өөрийн замаар гэрэлтдэг. Хүүхэд бүрт өөр өөрийн гэсэн нууц авьяас, чадамж, оюун ухаан байдаг. Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэн 3500-4000 орчим хүүхдийн дунд судалгаа хийсэн. Монгол хүүхдүүд оюун ухааны чадамжаараа дэндүү гайхамшигтай гэсэн дүгнэлт хийсэн. Гэтэл өнөөдөр бид хүүхдүүдээ ойлгохоо байчихлаа, тэдэнтэй харилцахад хүндрэл учраад байна гэдэг. Хүүхэд бүр хувийн зан араншин, характеритай, хувийн орон зайтай байдаг.

Бага насны хүүхдээс бүх зүйл цацарч гэрэлтэж байдаг.Тэд эвдэлдэг, сүйтгэдэг, зөрүүдэлдэг. Гэхдээ л тэд гэрэлтэж байдаг. Бүх зүйлийн хөгжлийн төлөвшлийн суурь нь бага насанд явагдаж байдаг. 0-3 насандаа ирээдүйд 20 настай ямар эмэгтэй, 20 настай ямар залуу болох нь тодорхойлогддог. Бүх зүйл шалтгаантай. Бүх зүйлийн шалтгаан нь бага насанд нь та хүүхэдтэйгээ яаж харилцсан, ямар хандлага үзүүлсэн бэ гэдэгтэй шууд хамааралтай.

Хүүхдээ хариуцлагатай, биеэ даасан, өөрийнхөө сэтгэл хөдлөлийг хянаж чаддаг, өөрийгөө илэрхийлдэг хүн болгохыг дийлэнх эцэг эхчүүд хүсдэг. Тэгвэл яаж?

Хүүхэд бүр ялгаатай гэдгийг маш сайн ойлгох ёстой. Хүүхэдтэйгээ харилцахад зөрчил байна уу. Тэр зөрчлийг арилгах ганцхан зүйл бий. Тэр нь эцэг эх хоёрын хүүхэдтэй харилцах харилцааны хандлага байгаа юм. Харилцаа хандлагаа өөрчлөх ёстой.

Том хүнтэй, иргэн хүнтэй, хувь хүнтэй харилцаж байгаа мэтээр хүүхэдтэй харилцах ёстой. Эцэг эхчүүд хүүхдээ өмчилдөг нь маш том алдаа. Мэдээж тэр хүүхэд таны хүүхэд мөн. Гэхдээ бас хувь хүн, иргэн хүн. Бага наснаас нь хүүхэдтэйгээ яг л том хүн шиг харилцах нь чухал. Эргэлзэхгүйгээр итгэж даатгах хэрэгтэй. Юуг ч байсан хамаагүй. Энэ нь хүүхдийн ирээдүйн бие даасан байдалд нь хамгийн чухал. Та хүүхдээ хүмүүжүүлж байгаа арга барилдаа эргэлздэг бол өөрөө, өөртөө эргэлздэг, итгэлгүй хүүхдийг төрүүлэн гаргана. Хүүхдээ төлөвшүүлнэ гэдэг та өөрөө төлөвшсөн байхыг хэлж байгаа юм. Тэр төлөвшлийн цаанаас хүүхдийн биеэ даасан байдал гэдэг зүйл бий болох юм. Хүүхдэдээ хэзээ ч битгий эргэлз. Хэзээ ч битгий үл итгэ. Энэ хамгийн чухал харилцаа, хандлага. Тэд буруутаг, сүйтгэг, алдаг. Гэхдээ энэ нь ирээдүйд биеэ даасан хүчирхэг бие хүн болоход нь тусалж чадна.

Эцэг эхчүүд өөрийнхөө өнгөрснөөр, хүүхдийнхээ ирээдүйгээр амьдрах үед маш том алдаа гаргадаг

Хүүхдийн дахин давтагдашгүй онцлог гэдэг зүйл бий. Таны хүүхэд шиг хүүхэд өөр хаана ч байхгүй. Таны хүүхэд шиг үзэл бодолтой, таны хүүхэд шиг сэтгэх хүүхэд хаана ч байхгүй. Загнах, чанга дуугаар хашгирах, шийтгэх, шүүмжлэх гэсэн үгүүдийг эцэг эхчүүд үгийн сангаасаа авч хаях хэрэгтэй. Хэзээ ч битгий загна, хэзээ ч битгий зод. Яагаад гэж үү?

Яагаад гэвэл энэ арга бол өнөө цагийн хүүхдэд хэрэггүй юм. Сүүлийн 10,20 жилд дэвшилтэт техник технологи бүхнийг өөрчилсөн. Таны хандлага загнах, шүүмжлэх, яг өөрийнхөө хүссэн шиг амьдруулахыг хүсэж байгаа зүйл рүү биш. Бүх зүйл нь эерэг зүйл рүү таны хандлага байх ёстой. Та бүхэн өөрийнхөө хүүхэд насыг дурсаад үзээрэй. Хамгийн сайхан дурсамжтай, аз жаргалтай үе хэзээ байсан вэ. Аав, ээж байх үе шүү дээ. Аавтайгаа, ээжтэйгээ тоглож байсан, ямар нэг зүйлийг хийж байсан дурсамж та бүхний сэтгэлд хамгийн тод шигдээстэй байдаг. Өнөөдрийн таны хүүхдэдээ өгсөн баяр хөөр насан туршийнх нь баяр хөөр байдаг юм шүү. Хэзээ ч битгий шүүмжил, хэзээ ч битгий зэмлэ, загна.

Хүүхдийн дахин давтагдашгүй онцлог бол таны хүүхдийн дэндүү том үнэ цэнэ. Бусдаас удаан эсвэл хурдан байж болно. Аав ээжүүд “Би багадаа арай ийм байгаагүй, дүү нь ийм байхад, ах нь нэг л өөр” гээд байдаг. Энэ бол таны маш том алдаа.

Хүүхэд өөртөө эргэлзэхгүйгээр ямар нэг зүйлийг хийгээд тэр зүйл нь таны хувьд алдаатай байж болно. Гэхдээ тэр нь тухай хүүхдийн хувьд баяр хөөр болж үлддэг. Ялангуяа 0-2 насны хүүхдэдээ дээд зэргээр итгэх ёстой. Дэндүү жаахан нас биш. 0 насанд нь хүүхдийн хөгжлийн үзүүлэлтийг тодорхойлох, харах ч боломжтой байдаг.

Бие даахгүй байдлаас хүүхэд ичсэн, эргэлзсэн болж төлөвшдөг. Бүх шатанд биеийг нь даалга. Эхлээд төлөвшүүлээд биеийг нь даалгах. Санаачилгатай байдлыг дэмжихгүй бол итгэлгүй хүүхэд болно. Таны мөрөөдөл бол таны л мөрөөдөл. Харин охиндоо, хүүхдэдээ мөрөөдлийг нь үлдээ.

Би өмнө нь тийм байгаагүй, миний үед ийм байгаагүй гэж дийлэнх эцэг эхчүүд хэлдэг. Өөрийнхөө хүүхдийг тархидаа төсөөлдөг. Өөрийнх бага насанд ямар дурсамж үлдсэн түүнтэй холбож хүүхдээ хүмүүжүүлэх гээд байдаг. Энэ бол таны л өнгөрсөн дурсамж, бодол. Нөгөө нэг зүйл нь ирээдүйн нийгмийн сэтгэлзүй аймшигтай байна гэдэг үгээс үүдэлтэйгээр хүүхдэдээ итгэхгүй байгаа юм. Хүүхдийнхээ ирээдүйд санаа зовоод байдаг. Эцэг эхчүүд өөрийнхөө өнгөрснөөр, хүүхдийнхээ ирээдүйгээр амьдраад байдаг. Энэ бол маш том алдаа. Яг одоо байгаа яг одоо таны өмнө амьсгалж байгаа хүү, охин руугаа хар. Яг одоо цохилж байгаа тэр бяцхан зүрхийг ойлго. Тэр л хамгийн чухал. Одоод төвлөр.

Эцэг эхчүүд хүүхдийнхээ хөгжлийг дэмждэг, бас саад болдог. Шүүмжилснээр, үгүйсгэснээр, зэмлэснээр, сонсож чадахгүй байснаар хүүхдийнхээ хөгжилд саад болж байдаг. Өдөрт 20 минут гаргаад хүүхдээ сонсоод үзээрэй. Тэгж чадвал ирээдүйн гайхамшигтай хүчирхэг биеэ даасан, хариуцлагатай, өөрийнхөө сэтгэл хөдлөлийг бүх төвшинд удирдаж чадах тийм хүүхдийг бий болгож чадна.

Шийтгэл гэдэг үг эцэг эхийн үгийн санд хэзээ ч байх ёстой. Шийтгэхгүйгээр хүмүүжүүлж болно. Аймшигтай дурсамжийг битгий үлдээгээрэй.

Мөстэй уул руу очих мөрөөдөлд нь битгий саад бол. Тэд тэнд очиг, даарах байсан ч аюултай байсан ч очиг...

Мөстэй уул руу гарахад хүүхдээ болохгүй гэдэг. Яагаад гэж асуухад нь тэнд хүйтэн, аюултай, аймшигтай, чи чадахгүй гэж хэлдэг. Энэ хандлагаа өөрчил. Мөстэй уул руу очих мөрөөдөлд нь битгий саад бол. Бүгдээрээ тэнд очиг, даарах байсан ч аюултай байсан ч очиг. Харин та уул руу гарах хүсэлд нь битгий хориг тавь. Тийшээ юугаар очихыг нь ч битгий заа. Автобусаар уу, алхаад уу, онгоцоор уу. Тэд өөрөө шийдэх ёстой. Хэрвээ юугаар явахыг нь заавал тэр хүүхэд тэнд очсон хойноо уйлна, эсвэл гарахыг хүсэхгүй. Гарлаа ч аймшигтай зүйл рүү гарч байна гэсэн мэдрэмжээр л гарна. Харин таны хийх ёстой зүйл юу вэ. Та зөвхөн дэмжих л ёстой. Чи чадна гэх итгэлээр дэмжих ёстой. Хүүхдээ хариуцлагатай байлгах ганцхан зүйл бол зүгээр л итгэ. Хүн гэж хар, харьц.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.