В.Сүрэнгэрэл: Хүн хэт баяжсан, бардамнасан, шаналж зовсон ч өөрийгөө хэмжээндээ байлгах нь чухал гэж бодож “Өөрийгөө бүү гээ” гэж нэрлэсэн


Монголын Залуучуудын холбооны хөдөлмөрийн алдар алтан медальт, залуу орчуулагч, дуучин Ванчихүүгийн Сүрэнгэрэлтэй уулзаж, шинэ уран бүтээлийнх нь талаар ярилцлаа. Тэрээр 9 дүгээр сарын 15-ны өдөр шинэ CD, номны нээлтээ хийсэн юм.

-Дуучин Сүрэнгэрэлдээ “Өөрийгөө бүү гээ” нэртэй CD-ийгээ гаргаж, нээлтээ хийж байгаад баяр хүргэе.

-Их баярлалаа

-Герман Улсад олон жил ажиллаж, амьдарч яваа өөрийн тань хувьд Монголдоо энэ жил ямар хүсэл, зорилготой ирэв гэдгийг эхлээд сонирхмоор байна?

-Нэгд, Монголдоо амрах, хоёрт, дууныхаа шинэ CD-ийг, мөн өөрийн орчуулсан хүүхдийн номоо дахин хэвлэж гаргасан учир нээлтээ хийх зорилготой ирсэн. Өнөөдөр нээлтээ хийж байгаадаа баяртай байна.

-Hi Fi CD-ний дэлгүүрийг сонгож, дууны уран бүтээлийн CD-ний нээлтээ хийж байгаагийн гол онцлог нь юу вэ?

-Энэ бол миний гурав дахь дууны CD юм. Эхний хоёр уран бүтээлийн CD-нийхээ нээлт, өдөрлөгийг хийгээгүй, зөвхөн төрсөн өдрийн баяраараа хамт тэмдэглэж өнгөрүүлсэн. Харин гурав дахь удаагийн  уран бүтээлийн CD-ний баяраа олон нийтэд нээлттэй хийж үзье гэж бодсон юм.

Gerel Vanchin-н зураг.

Миний энэхүү баярын нээлтэнд хүрэлцэн ирсэн бүх хүмүүст CD-ийгээ таниулах зорилгоор үнэ төлбөргүй бэлэглэж байгаа минь онцлог гэж бодож байна. Ocean Grey студийн хамт олон миний уран бүтээлийн CD-ийг хийсэн.

- CD-ийгээ “Өөрийгөө бүү гээ” гэж яагаад нэрлэх болов?

-Уучлаарай, Миний хайртай нэг найз нас барсан юм. Тиймээс би нэг хэсэг сэтгэл санаагаар их унасан. Тэр үед “Өөрийгөө бүү гээ” нэртэй дууг олж сонсоод, их зоригжсон. Ингээд би бүх монгол хүмүүсээ, залуучуудаа энэ дуугаар зоригжуулж, уриалж байгаа юм. Хүнд ямар ч өвчин зовлон, шаналал, бэрхшээл учирсан ч өөрийгөө гээж болохгүй, улам зоригжуулж, харин ч тэр бэрхшээлийн өмнө сөрж давах ёстой юм шүү гэдгийг ойлгуулах зорилгоор энэ дууг дуулж, CD-дээ оруулсан. Жишээ нь, би энэ дууг дуулснаар өөрийгөө ч улам зоригжуулъя. Мөн аливаа хүнд зовлон, жаргал янз бүрийн явдал тохиолддог. Аав, ээж, ах, дүү нараас нь нас барах гэх мэт. Түүнчлэн жаргалдаа умбаад, хэт бардамнасан хүмүүс буруу зам руу ордог. Тэр утгаараа хүн хэт баяжсан, бардамнасан, шаналж зовсон ч өөрийгөө хэмжээндээ байлгах нь чухал гэж бодож, “Өөрийгөө бүү гээ” гэж нэрлэсэн.

-Хэдэн дуутай CD вэ?

-Нийт 9 дууг дуулж бичүүлсэн. Гурван дуу нь миний зохиосон, бусад нь Ocean Grey студийн болон Инээмсгэлэл хамтлагийн дуучин н.Цогдэлгэр ахын зохиосон “Совин билгийн дуу” зэргийг албан ёсны зөвшөөрөлтэй авч, дуулсан.

-Мөн өөрийнхөө орчуулсан “Ойд болсон хурим” нэртэй номоо дахин хэвлэсэн байна шүү дээ. Сайхан харагдаж байна?

-Тийм. Миний герман хэлнээс монгол хэл рүү орчуулсан ном хүүхэд, багачуудад үнэ төлбөргүй зориулагдсан. Энэхүү орчуулгын номоо гурав дахь удаагаа хэвлээд байгаа нь энэ. 2005-2017 оны хооронд нийтдээ 3000 ширхэг хэвлэсэн. Д.Нацагдоржийн шагналт хүүхдийн зохиолч Д.Давааням 2005 онд анхны хэвлэлтэнд энэхүү үлгэрийн номыг бүтээлцэхэд оролцсон.

-Ингэхэд яагаад энэ номыг сонгож, орчуулсан талаараа товч ойлголт өгнө үү?

-Герман Улсын алдартай зураач, жүжигчин Ёост Фобектийн аав нь дэлхийн хоёрдугаар дайн эхлэхийн өмнө 1936 онд “Ойд болсон хурим” гэдэг номыг хүүхдүүддээ зориулан зурж, үлгэр зохион бичиж байсан юм билээ. Дайны үеэр хүүхдүүдээ тайван байлгахын тулд их гоё шүлэглэж зохиож өгсөн байдаг.

Санаандгүй тохиолдлоор энэ номыг би олж уншаад, монгол хүүхдүүддээ зориулж орчуулвал их сайхан санаатай ном юм байна гэсэн бодол төрөөд, орчуулсан. Энэ номонд онцолсон хүүхдийн байгальтай харилцах, ан амьтныг хайрлах сэтгэл нь надад их сайхан санагдсан. Би өмнөх хоёр удаагийн болон гурав дахь удаагийн хэвлэлтээ номын дэлгүүрүүдэд зараагүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сургууль цэцэрлэгүүдэд, мөн асрамжийн газрын сургууль, цэцэрлэг, захын хорооллын цэцэрлэг, сургуулиудын хүүхдүүдэд тарааж, бэлэглэж байна.

-Нэг ёсондоо Сүрэнгэрэл буяны, хүмүүнлэг үйл ажиллагаа хийж яваа юм байна шүү дээ. Сайхан сэтгэлийн үйлсэд тань баяр хүргэе?

-Тиймээ, баярлалаа. Ерөнхийдөө буяны сэтгэлээр монгол хүүхэд, багачууд номонд хайртай болоосой, багаасаа номоо уншаад сурчихвал хүмүүжил нь ч гэсэн их өөр, зөв байх юм гэж бодож л орчуулж, бэлэглэж байгаа юм. Харин номыг хэвлэхэд санхүүжилтийг Герман Улсын байгууллага хариуцсан юм. Монголд үйл ажиллагаа явуулдаг миний байгуулсан Герман Улсын MARK хувцас, гутлын брэнд дэлгүүр, мөн Транс- Европ-Монголын илгээмж үйлчилгээ явуулдаг компани хоёр ивээн тэтгэсэн.

Gerel Vanchin-н зураг.

-Герман Улсад олон жил амьдарч, уран бүтээл, бизнес зэргээ зэрэг эрхэлж байхдаа герман хүүхдүүд, монгол хүүхдүүдийн ялгааг хэр ажигласан бэ?

-Германчуудыг ажиглаад байхад хүүхдийг багаас нь энхрийлээд байхгүй, хүүхэдтэй яг том хүн шиг харилцаж, ярьдаг юм билээ. Миний мэдэхийн манай хөрш герман айлуудын хүүхдүүд ээжтэйгээ хамаагүй, энгийн чөлөөтэй харилцдаг. Герман хүүхдэд энэ болно, тэгж болохгүй, энэ юмыг авахад бид хоёрын мөнгө хүрэлцэхгүй байна гэж аав, ээж нь хэлсэн л бол ёсоор нь зөвшөөрдөг.

Gerel Vanchin-н зураг.

Гэтэл манай монголын хүүхдүүд тэр юмыг авна гээд зүтгэдэг. Ажиглаад байхад аав, ээж нь эхлээд үгүй гэж хэлдэг. Дараа нь хүүхэддээ бууж өгөөд, боломжгүй байсан ч юм авч өгдөг. Ийм хандлага хүүхдийг буруу хүмүүжилд хүргэдэг юм шиг надад ажиглагдсан. Монгол ээж, аав нар минь орой болгон төрөл бүрийн номыг залхууралгүй хүүхэддээ уншиж өгч, багаас нь төлөвшүүлэх хэрэгтэй юм шүү гэж хэлмээр байна.

-Ярилцлага өгсөнд их баярлалаа.

www.ardchilal.mn Ярилцсан Б.Баярмаа

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.