Г.Наранбаатар: Сэтгэлзүйчид бурхан биш


Өнөөдөр Монголын нийгэмд хэчнээн бүл салж, хэчнээн амьдрал зэрэмдэг болж байгаа бол гэж бодохоор хааяа сэтгэл эмтэрмээр. Хүн бүр энэ сэдвийг хөндөхөөс, энэ сэдвээр ярилцахаас зайлсхийнэ. Гэхдээ хүн бүрийн зүрх сэтгэл шаналдаг энэ сэдвээр сэтгэлзүйч Г.Наранбаатартай ярилцлаа. 

-Судалгаанаас харахад 25-45 насандаа гэрлэлтээ цуцлуулах хандлагатай байгаа аж. Энэ бүхнээс манай улсад гэр бүлийн салалт онцгой анхаарах шаардлагатай сэдэв болсон нь харагдана.Бид өнөөдөр гэр бүлдээ хэр их анхаарал тавьж байна вэ?

-Гэр бүл гэдэг бол асар өргөн хүрээг хамрах том сэдэв. Эхнэр, нөхөр хоёр дэр нэгтгэж гэр бүл болсон цагаасаа эхлэн нэг бие болдог. Тиймээс хэрүүл маргаанд хэн нэгэн нь ялдаггүй. Сэтгэлзүйч хүний хувьд өдөр тутам гэр бүлийн харилцааны зөрчилтэй хүмүүстэй уулздаг. Нийгэмд хамгийн их хурцаар тавигдаж байгаа асуудал бол гэр бүл салалт, түүнийг дагасан хор уршиг. Бид өглөө, орой бүр тогтмол шүдээ угаадаг. Гэтэл амны хөндийн эрүүл мэндээсээ дорд бид гэр бүлийн харилцаагаа үздэг болжээ. Сар бүр үгүй юм гэхэд улиралд нэг удаа манай гэр бүлийн харилцаа ямар байна вэ, би хүүхдээ хэрхэн хүмүүжүүлж байна, эхнэр, нөхөр бид хоёрын харилцаа ямар байна вэ гэж ихэнх гэр бүл анхаарал хандуулахгүй байгаагийн улмаас өнөөдөр нийгэмд гэр бүлийн салалт ихээр бий болж байна.

-Бие биедээ хэчнээн хайртай байсан ч зарим гэрлэлтүүд салалтаар дуусдаг нь харамсалтай. Салалтыг та хэрхэн тодорхойлох вэ?

-Гэр бүл салалт гэдэг нь нас биед хүрсэн эхнэр, нөхөр хоёр хүүхдийнхээ ирээдүйн бүрэн бүтэн байдал, өөрөө өөртөө итгэх итгэл, аз жаргалыг нь няц гишгээд хэн нэгэн нь хувийнхаа аз жаргалыг хөөгөөд явах гэж тодорхойлсон байдаг. Энэ нь хүүхдийн сэтгэлзүйн эрүүл мэндэд маш их хор нөлөөг дагуулдаг. Ээж, аав нь салсны гол шалтгаан, буруутан нь хүүхэд өөрийгөө гэж буруутган хэлж байсан олон хүүхдүүдтэй би уулзаж байсан. Тэгвэл ээж, аавууд нь юу хэлдэг вэ гэхээр эхнэр бид хоёр хүүхдийнхээ дэргэд хэрэлдээд байгаа нь хүүхдэд маань буруу хүмүүжил өгч байгаа учраас бид салж байна гэж хэлэх тохиолдол ч бий. Энэ бол ердөө шалтаг төдий зүйл. Муудалцлаа гээд гэр бүл салаад байх нь утгагүй шүү дээ. Гэрлэлтийг байшин гэж зүйрлэвэл гэрлийн чийдэн нь ойр ойрхон шатлаа гэхэд та гэрлийн чийдэнгээ солих уу эсвэл байшингаа солих уу. Мэдээж та цахилгааны асуудлаа шийднэ. Үүнтэй агаар нэг эхнэр, нөхөр муудалцлаа гээд салах сонголтыг хийх нь зохисгүй. Аливаа асуудал тулгарахад эрт үе дээр нь шийдвэрлэх нь чухал юм. Хоорондоо аль болох буулт хийж сурч, аливаа зүйлсийг хамтдаа хийх нь гэр бүлийн харилцааг бат бөх болгодог. Яарч шийдвэр гаргахаасаа өмнө өөрөөс хамаарах бүх зүйлийг эхлээд хийх хэрэгтэй.

– Гэр бүл салалтын үндсэн шалтгаан нь юу вэ?

-Гэр бүл салалтын шалтгааныг олон янзаар тайлбарлаж болно. Жишээ нь гэр бүлийн хүчирхийлэл, архидалт, нууц амрагийн харилцаа, хадмуудын оролцоо, санхүүгийн асуудал, үзэл бодлын ялгаа сүүлийн үед шашин шүтлэг зэрэг энэ бүхэн гэр бүл салах шалтгаан болдог. Гэр бүл салалтын хамгийн том хохирогч нь хүүхэд байдаг. Эхнэр, нөхөр хоёр яагаад бие биенээ хуурдаг вэ гэдэгт үндсэн нэг шалтгаан бий. Үүнийг дэлхий дахинаа 80:20 хууль гэж нэрлэдэг. Хэн ч, хэзээ ч эхнэрийнхээ эсвэл нөхрийнхөө 100 хувь хүслийг биелүүлж чадахгүй гэсэн үг. Жишээ нь, эр нөхөр нь эхнэртээ байхгүй гоо сайхныг өөр эмэгтэйгээс хайх үед араар тавилт бий болдог. Өөрөөр хэлбэл, хамтдаа бий болгож бүтээсэн 80 хувиа хаяад 20 хувийг хөөгөөд явчихдаг. Энэ үеэс хууралт бий болно. Гэрлэлт бол мэдрэмж биш, гэрлэлт бол насан туршийн шийдвэр. Та эхнэрээсээ, эсвэл нөхрөөсөө үргэлж сайхан мэдрэмж авна гэдэг баталгааг хэн ч танд өгөхгүй. Та хоёрт ирээдүйд аз жаргалтай, хүнд хэцүү цаг үе ч зөндөө бий. Тэр бүхэнд хамтдаа байж асуудлын ард гарах ёстой гэдгийг байнга санах хэрэгтэй. Өнөөдрийн таны гаргаж байгаа хайр магадгүй тэвчээр ирээдүйн таны аз жаргалын үрийг усалж байгаа хэрэг юм шүү.

-Залуу гэр бүлүүд хамтран амьдраад удаагүй хэрнээ муудалцаж, нэгэнт эргэж эвлэрэхээргүй ан цавыг харилцаандаа үүсгэх нь олонтаа. Чухам юу хосын харилцаа сүйрүүлэхэд гол тулгуур болж хүчин зүйлс юу вэ?

-Зарим үйлчлүүлэгчид маань хэлдэг л дээ. “Анх нөхөр бид хоёр бие биедээ ухаангүй хайртай байсан. Харин одоо тэс өөр хүмүүс болсон. Бие биеэ хараад уур хүрч, үзэн ядах боллоо” гэж хэлдэг. Тэд гэр бүлийн харилцаандаа бий болсон асуудлыг шийдэхгүй явсаар хүндрүүлж энэ нь улмаар салалтад хүргэж байгааг эндээс харж болно. Ялангуяа 30-аас дээш насны гэр бүлүүд хоёр биедээ цаг гаргахаа больсон, хүүхэд, ажил, байрны зээл энэ бүхэндээ хэт ач холбогдол өгч явсаар бие биедээ өгөх хайр халамжаа орхигдуулснаа хэн хэн нь анзаардаггүй. Хоёр дахь шалтгаан нь гэр бүлийн боловсролгүйн улмаас салах тохиолдол бий. Гаднын өндөр хөгжилтэй орнуудад эцэг эхчүүд хүүхдээ багаас нь сэтгэлзүйчтэй уулзуулж үүгээр дамжуулж гэр бүлийн сэтгэлзүйн боловсролыг суулгаж өгдөг. Ингэж өссөн хүүхэд зөв хүн болж төлөвших, бусдын үгийг даадаг болох, бусдыг хайрлах, хүндлэх, өөртөө итгэлтэй, өөрийгөө илэрхийлэх чадварт суралцдаг. Гэтэл манайд гэр бүлийн боловсрол олгох цогц сургалт эсвэл мэдлэг олж авах боломж нь өнөөдөр манай өсвөр залуусын дунд алга. Гэр бүлийн салалтыг бид хамтдаа багасгая гэж бодож байгаа бол гэр бүлийн талаарх боловсролыг зөвхөн сэтгэлзүйчдээс дамжуулах бус төр, хувийн, бизнесийн байгууллагууд ажилчдадаа энэ чиглэлээр сургалт авч байх хэрэгтэй. Үнэхээр танай гэр бүлд үл ойлголцол гараад л байгаа бол та сайн сэтгэлзүйн төвд хандах хэрэгтэй. Бид шүдээ өвдөхөөр шүдний эмнэлэг дээр очдогтой адил сэтгэл санаа өвдөхөд та хаана очдог вэ. Найз нөхөдтэй уулздаг уу, эсвэл архи ууж асуудлаа түр зуур мартдаг уу.

-Хүн гэдэг сэтгэлийн амьтан гэж тодорхойлох нэгэн ч бий. Бид сэтгэл санаа гундуу эсвэл хэцүү шийдвэр гаргахад үедээ бусдын үгэнд автдаг нийтлэг зан монголчууд бидэнд бий. Магадгүй гэр бүл салалтад найз нөхдийн ятгалага нөлөөлөх тал бий биз. Бид ер нь бусдын амьдралд хошуу нэмэх эрхтэй хүмүүс мөн үү гэж хааяа бодох ёстой юм шиг тийм үү?

-Хүн болгонд үг өөр өөрөөр тусдаг. Дэлхий дээрх хамгийн гайхамшигтай хүч бол үг. Зарим хүн бусдын хэлсэн үгийг шууд хүлээн авч амьдрал дээрээ хэрэгжүүлдэг бол зарим нь шүүлтүүртэй ханддаг. Тэгэхээр та бусдад зөвлөгөө өгөхдөө тухайн хүний амьдралд асар их нөлөөллийг үзүүлдэг гэдгээ тунгааж бодож ярьж байгаасай гэж зөвлөмөөр байна. Хэрэв найздаа тус нэмэр болж чадахгүй л бол сайн сонсогч нь бай. Юу гэж зөвлөхөө мэдэхгүй байгаа бол сэтгэлзүйч дээр очихыг ятгаж чаддаг байх хэрэгтэй. Энэ нь найздаа өгөх таны хамгийн сайн зөвлөгөө юм шүү.

-Сэтгэлзүйн төв, сэтгэлзүйч гэдэг ойлголт манайд харьцангүй шинэ.Т аны хэлсэнчлэн, шүдээ өвдөхөд бид эмч дээр очдог шиг сэтгэлзүйчид хандсаны дараа ямар үр дүн гарах вэ. Тэд шидтэн биш шүү дээ?

-Сонирхолтой асуулт байна. Сэтгэлзүйчид бурхан биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Сэтгэлзүйч хүмүүс таны олж хараагүй өнцгийг танд харуулахыг оролддог. Бид хүний амьдралын утга учир, та хаана байв, одоо хаана байна, хаашаа явж байна вэ зэрэг бүх зүйлсийг тань тодорхой болгож өгөхөд тусалдаг. “Тодорхой байдал бол хүч чадал юм” гэж дэлхийд алдартай үг бий. Бид таныг битгий сал гэж таны гаргасан шийдвэрийг зааж өгөх хүмүүс биш. Ес суртахууны талаасаа авч үзсэн ч тэр бусдад ингэх ёстой, тэг гэж заадаг мэргэжил ч биш. Шийдвэрийг та л гаргана, таны л сонголт. Сэтгэлзүйчгүйгээр бид өнгөрсөн хугацаанд амьдраад болоод л ирсэн. Одоо гэнэт сэтгэлзүйчийн хэрэг болоо юу гэсэн нийтлэг хандлага залуусын дунд ажиглагддаг. Гэтэл өнөөдөр хүн төрөлхтний хөгжил асар хурдацтай явагдаж байна. Энэ хэрээр бидний сэтгэл зүйд асар их зүйл бий болчихсон.

-Хүүхэд гэр бүлийн тусгал гэдэг. Аз жаргалтай эсвэл зөрчил маргаантай гэр бүлд өссөн хүүхдийн хооронд ялгаа их гарна биз?

-Би хоёр хүүхдийн аав. Цэцэрлэгээс нь хүүхдүүдээ авах үе надад зөндөө бий. Тэр үед аав эсвэл ээжгүй хүүхдүүдийг хараад зүрх зүсэх мэт мэдрэмж төрдөг. Тэднээс гарах нийтлэг байдал нь аливаад өөрийгөө буруутгадаг, өөртөө итгэлгүй болж өсдөг. Мөн гутранги, түргэн ууртай, өөрийгөө бусадтай харьцуулдаг, сул тал дээр төвлөрдөг зэрэг нийтлэг шинжүүдийг дурдаж болно.

Эцэг эхчүүд хүүхдэдээ хэрцгийгээр гар хүрэх нь хүүхдийн сэтгэлзүйд маш хүнд тусдаг.Хэрцгийгээр гэдэг нь уур бухимдал дээрээ тулгуурлан хүүхдээ алгадах, хүүхэд рүүгээ өндөр дуугаар орилохыг хэлж байгаа юм. Энэ нь манай эцэг эхчүүд дунд түгээмэл үзэгдэл болсон мэт. Гэтэл үүнийгээ хэрцгий үйлдэл гэдгээ огт мэддэггүй. Жишээ нь танаас арав дахин том биетэй хүн таны биед хүрэхэд та өвдөлт мэдрэх нь тодорхой. Танаас 10 дахин том биетэй хүн тань руу орилж хашхирвал таны зүрх савлана биз дээ. Хоёрхон настай 10 кг жинтэй жоохон хүүхэд рүү 90кг жинтэй нас биед хүрсэн хүн орилж хашгиравал хүүхдийн сэтгэлзүйд хүнд тусах нь тодорхой. Гэтэл дараа нь би хүүхэддээ гар хүрээгүй зүгээр орилж, хашхирсан гэж хэлдэг. Хоёрдугаарт, хүүхэд байхдаа өөрөө хэрэглэж үзээгүй бүх зүйлээ үр хүүхдэдээ зарцуулах гэхээсээ илүүтэйгээр хүүхэд байхдаа аваагүй хайр, сургамж, хүмүүжлийг хүүхдүүддээ олгох нь хамгийн том хөрөнгө оруулалт.

Сэтгэлзүйч хүний гэр бүлийн харилцаа бусдад ихэд сонирхолтой байдаг болов уу. Танай гэр бүлд зөрчил гарахад та хэрхэн ханддаг вэ. 

-Хүний л амьдрал хойно асуудал гарахыг алийг тэр гэхэв. “Гэр бүлд бага хэмжээний зөрчил байх нь хэвийн үзэгдэл, гэр бүлд бага хэмжээний зөрчил байхгүй бол тэнд дарангуйлал бий” гэж үг бий. Өөрөөр хэлбэл, гэр бүлийн зөрчил байх ёстой үзэгдэл гэж би боддог. Хамгийн гол нь их, бага тунгийн асуудал энд яригдана. Харилцаандаа үүссэн зөрчил асуудалд хэрхэн хандах, түүнийг яаж шийдвэрлэх үү эсвэл ярилцахгүй хоёр талдаа хураасаар байх уу гэдэг нь асуудлын гол цөм гэдгийг залуу гэр бүлүүд ойлгох хэрэгтэй.

www.news.mn Ш. АДЪЯАМАА

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.