Л.Оюундэлгэр: Хятад, Өвөр монголын зохиолчдын бичсэн хүүхдийн ийм сайхан номтой боллоо


Монгол Улс, БНХАУ-ын соёлын салбарын хамтын ажиллагааны хүрээнд хүүхдэд зориулсан ном солилцооны “Нахиа” хөтөлбөр 2016 оноос хэрэгжиж байна.
Хөтөлбөрийн зорилго нь хоёр улсын хүүхдийн уран бүтээлчдийн хамтын ажиллагааг бэхжүүлж, уран бүтээлийг дэмжих, туршлага солилцох, харилцан хүүхдийн зохиол бүтээлийг хэвлүүлэх, мөн хүүхэд багачуудыг номтой нөхөрлүүлэх, тэдний танин мэдэхүйг хөгжүүлэх зэрэг төрөл бүрийн арга хэмжээг хамтран зохион байгуулах аж.

Энэ жилийн хувьд 9 дүгээр сарын 4-8–ны өдрүүдэд манай улсад болж буй “Хятад орныг танин мэдэх” Хятадын Өвөрмонголын соёл, аялал жуулчлалын өдрүүдийн хүрээнд “Нахиа хөтөлбөр”-ийг зохион байгуулж байгаагаараа онцлог болж байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд есдүгээр сарын 5-ны өдөр Хүүхдийн төв номын санд Хятад, Монголын ном хэвлэлийн солилцоо, хамтын ажиллагааны  номын үзэсгэлэн, ном бэлэглэх ёслол боллоо.

Ном бэлэглэх үйл ажиллагаанд БНХАУ-ын ӨМӨЗО-ноос маш олон хүмүүс уригдаж оролцлоо. Энэхүү ном бэлгэлэх ёслолыг ӨМӨЗО-ны Ардын засгийн Хэвлэл мэдээллийн алба, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг соёл, урлагийн газар, БНХАУ-ын ӨМӨЗО-ны сонин мэдээ, радио телевиз, киноны урлагийн газар, Улаанбаатар хот дахь Хятадын соёлын төв, Монгол улсын Хүүхдийн төв номын сан, БНХАУ-ын Өвөр монголын ном хэвлэлийн групп, Өвөр монголын багачууд хүүхдийн хэвлэлийн хороо хамтарч зохион байгуулав.

Энэ үеэр Сонгинохайрхан дүүргийн Номын сангийн эрхлэгч Л.Оюундэлгэртэй цөөн хором ярилцлаа.

-Хятад, Өвөр монголын соёл, аялал жуулчлалыг таниж мэдэх соёлын өдрүүд Монголд ойрын өдрүүдэд болж байна. Хөрш орны соёлын өдрүүдийн хүрээнд Монголын Хүүхдийн төв номын санд ном бэлэглэх ёслол ч боллоо. Та оролцогчийн хувьд сэтгэгдлээ хуваалцана уу?

-Хятад улс болон Өвөр монголын төлөөлөгчид манай улсын Хүүхдийн төв номын санд ном бэлэглэх ёслол сайхан боллоо. Энэхүү соёлын өдрүүд Монгол улс, БНХАУ хоёр орны найрамдалт харилцааны хүрээнд жил болгон уламжлал ёсоор зохион байгуулагдаж байна. Хятад орныг танин мэдэх соёлын өдрүүд 2015 оноос зохион байгуулагдсан. Миний хувьд энэхүү соёлын үйл ажиллагаанд гурав дахь жилдээ оролцож байгаа юм.

Би Сонгинохайрхан дүүргийн номын сангаа төлөөлж хоёр орны ном солилцоо, ном бэлэглэх ёслолд оролцлоо. Монгол улсын 21 аймаг, бүх сум, дүүргүүдийн номын сангуудад ӨМӨЗО-ны ном хэвлэлийн групп болон бусад байгууллагууд хамтарч хүүхэд, багачуудад зориулсан үлгэр, туульс зэрэг 15 000 гаруй ном хандив өгч, бэлэглэж байна.

“Бэлэг бэлгийн дээд ном гэдэг. Номын цагаан буян дэлгэрэх болтугай” гэж Хятад, Өвөрмонгол, Монголын талын төлөөлөгчид хэлээд номын сангийн эрхлэгч нарт номын дээжээс бэлэглэсэн. Цаашид ном солилцох, ном бэлэглэх ёслол жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байгаа талаар ярьсан.

Энэхүү номын цагаан буян дэлгэрсэн ёслолын арга хэмжээнд БНХАУ-ын ӨМӨЗО-ноос олон хүмүүс уригдаж, манай улсын бүх аймаг сумдын номын сангийн төлөөлөл, багш, сурагчид хүрэлцэн ирж, оролцсон. Мөн соёлын өдрүүдийн хүрээнд урлаг, соёлын олон сайхан арга хэмжээ зохион байгуулагдах юм байна. Энэ нь хоёр улсын хамтын ажиллагаа өргөжин, соёлын харицлаа хөгжиж байгааг харуулсан сайхан арга хэмжээ гэж ойлгож байна.

-Хүүхдийн номын сангуудад ямар сэдэв, чиглэлтэй ном бэлэглэсэн бэ?

-Бидэнд хүүхдийн үлгэрийн номууд бэлгэлэсэн байна. Манай номны санд Хятадын зохиолчдын дээр үеийн номууд байдаг. Сүүлийн үеийн Хятадын ном, зохиол байхгүй. Одоо Хятад, Өвөр монгол орны зохиолчдын бичсэн хүүхдийн ийм сайхан номтой боллоо. Ер нь хүүхдүүд аль ч орны номыг унших сонирхолтой байдаг. Хүүхдийн танин мэдэхүйд зориулсан ном хандивлаж байгаа явдал нь цаашид хүүхэд сурч боловсрох, амьдралдаа аливаа юмыг таниж мэдэж, ухаарахад нь энэхүү ном ач тустай юм.

-Энэхүү бэлгийн номууд монгол бичгээр бичигдсэн үү, эсвэл крилл хэл дээр үү?

-Монгол хэл дээр хөрвүүлсэн, уйгаржин монгол бичгээр бичсэн номууд ч байна.

Б.Баярмаа

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.