“K-BANK” БОЛОН “KT” КОРПОРАЦИ МОНГОЛД БАНКНЫ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛНЭ


Өмнөд Солонгосын цахим зээлдүүлэгч “K-Bank” тус улсын “KT” корпорацитай хамтран Монголд банкны зээлийн үйлчилгээ үзүүлэхээр болжээ.

Гадаадад үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгын хүрээнд “K-Bank” энэхүү алхмыг хийж байгаа ажээ. Тус банкны хамгийн их буюу 18.01 хувийн хувьцааг “KT” корпораци эзэмшдэг байна.

Өмнөд Солонгосын хамгийн том суурин холбооны оператортай хамтран Монголд цахим банкны технологийг нэвтрүүлж, үйлчилгээ үзүүлэх гэрээг тус улсын “MCS” групптэй байгууллаа гэж “K-Bank” мэдэгдэв.

Таван жилийн хугацаатай энэхүү гэрээний нийт үнэ 5.5 тэрбум вон буюу 4.92 сая доллар болж байгаагаас 2.3 тэрбум вон нь зөвлөх үйлчилгээний зардал ажээ.

Харилцаа холбоо, инженерчлэл, дэд бүтэц, үл хөдлөх хөрөнгө, уул уурхай, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний борлуулалт зэрэг олон салбарт үйл ажиллагаа явуулдаг “MCS” групп цахимаар зээл олгох үйлчилгээ нэвтрүүлэхээр өнгөрсөн оноос хойш бэлтгэж байгаа юм. Уг бизнест “K-Bank” болон “KT” корпораци хамтран ажиллахаар болжээ.

Талууд хороонд байгуулсан гэрээний дагуу Өмнөд Солонгосын хоёр компани бизнесийн загварыг хөгжүүлэх, зээлийн эрсдэлийн менежментийн системийн шинэ арга барилыг тодорхойлох, мэдээллийн технологийн системийг бий болгох зэргээр цахимаар зээл олгох “M Bank” төслийн томоохон хэсгийг хэрэгжүүлэх юм.

Үүний зэрэгцээ “КТ” корпораци монгол зээлдэгч нарт зээлийн онооны системээ бий болгоход нь туслах ажээ.

"Дэлхийн зах зээлд бизнесээ өргөжүүлэх анхны алхмаа хийж байгаад баяртай байна. Энэ бол бидний гол зорилгуудын нэг юм" гэж “K-Bank” банкны гүйцэтгэх захирал Шим Сонг-хун хэллээ.

Харин “KT” корпорацийн дэлхийн бизнесийн албаны дарга Юн Кун-лим, “K-Bank” банкны томоохон хувьцаа эзэмшигчийн хувьд манай корпораци өөрийн гэсэн зээлийн онооны систем бий болгосон бөгөөд энэ системийн арга барилын талаар багагүй туршлага хуримтлуулсан гэж хэлэв. Мөн тэрбээр, компанийн сайжруулсан технологидоо суурилан бизнесээ олон улсын зах зээлд өргөжүүлнэ. Үүний зэрэгцээ “MCS” групптэй түншлэлийн харилцаагаа бэхжүүлэн ажиллах болно гэж мэдэгдсэн байна.

Д.Нямтулга

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.