С.БЕКЕТ: ЦЭНГЭЛ СУМ 110 МЯНГА ОРЧИМ ТОЛГОЙ МАЛ БОРЛУУЛАХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА


Баян-Өлгий аймагт энэ сарын нэгнээс хадлан бэлтгэх ажил явагдаж байгаа юм. Цэнгэл суманд хадлан бэлтгэх болон өвөлжилтийн бусад бэлтгэл ажлын явц ямар байгаа талаар тус сумын Засаг даргын орлогч С.Бекеттэй уулзаж зарим зүйлийг тодрууллаа.

- Энэ зун танай сумд зуншлага ямар байв?

- Зуны эхэн саруудад өвс ногоо гайгүй ургасан ч зарим нутгаар царцаа маш ихээр буусан. Үүнээс болж нэг, хоёр, гурав, тавдугаар багуудын малчдын бэлчээр хумигдан оторт гарч байна.

- Хадлан бэлтгэх ажил хэр зэрэг явагдаж байна?

- Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хуваарийн дагуу иргэд энэ сарын нэгнээс уулын хадлан, тавнаас голын хадлан, 15-наас Харгантын энгийн хадланд гарсан. Мөн Харгантын услалтын системийн хадланд энэ сарын 25-ны өдөөр буухаар төлөвлөж байна. Одоогоор уулын хадлан дуусах шатанд орсон. Мухар, Бор бургас зэрэг нутгуудаар царцааны улмаас хадлангийн гарц тааруу, малчид өвсөө бодсон хэмжээнд авч чадсангүй. Үүнээс болж манай сумд нэг машин өвсний үнэ 400-500 мянган төгрөгт хүрээд байгаа.

- Энэ жил хэчнээн тонн хадлан бэлтгэхээр төлөвлөсөн вэ?

- Энэ жилийн хувьд 6600 тонн хадлан бэлтгэх зорилт дэвшүүлсэн. Гэвч дээр дурдсан шалтгаануудын улмаас урьдчилсан байдлаар төлөвлөгөө маань 80 хувь биелэхээр байна.

- Үлдсэн 20 хувийг хаанаас яаж нөхөх вэ?

- Сумын Орон Нутгийн Хөгжлийн Сангаас холбогдох санхүүжилтийг шийдвэрлэж, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэх ажлыг зохион байгуулна. Ногооннуур сумтай гэрээ хийж өвс татахаар ажиллаж байна.

- Бусад байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл хэр зэрэг явагдаж байна?

- Сумын Засаг даргын захирамж гарч, бүх албан байгууллагуудын удирдлага, багийн Засаг дарга нарт үүрэг даалгавар өгөгдсөн. Одоогийн байдлаар сургууль, цэцэрлэг, сум дундын эмнэлгийн өвөлжилтийн бэлтгэл 80-85 хувьтай байна.

- Энэ жил зах зээлд хэчнээн толгой мал борлуулах тооцоо гарч байна?

- Өнгөрсөн оны сүүлээр тус сумын ард иргэд 298 мянган толгой мал тоолуулсан юм. Мөн хавар 106,9 мянган толгой төл бойжуулж, бойжилтын хувь 91,5 хувьтай гарсан. Гэвч тус сумын хувьд бэлчээрийн даац хэтэрчихээд байгаа. Тийм учраас энэ онд өвлийн идшийг нэмээд 110 мянган толгой малыг худалдан борлуулах, мах болгон бэлтгэх шаардлагатай гэж үзэж байна.

- Танай сумд өөр аймаг, сумын нутагт оторт гарах малчид байна уу?

- Зарим багийн малчид Улаанхус, Ногооннуур суманд отроор явна. 10 дугаар сарын эхнээс гарна гэж үзэж байгаа. Тодорхой судалгаа хараахан гараагүй байна.

- Малын вакцинжуулалтын ажил бүрэн хийгдэж дууссан уу?

- Мал эмнэлэг, үржлийн тасгаас мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх ажлуудыг зохион байгуулж дууссан. Нийтдээ 28 мянган толгой бод мал, 316 мянган толгой бог малд найман төрлийн вакцин тарьсан. Ирэх сарын 15-ныг хүртэл бруцеллёзын вакцин тарих юм.

- Мэдээлэл өгсөнд баярлалаа!

Ө.Нурболат

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.