Нийслэлийн ИТХ: Зөвшөөрөлгүй ТҮЦ, ил задгай худалдаа эрхлэлтийг зохицуулна


НИТХ, Нийслэлийн Захирагчийн ажлын албадаас “Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам”-ыг шинэчлэн боловсруулж батлуулахтай холбоотойгоор иргэд, аж ахуй нэгж, худалдаа эрхлэгчдийн саналыг тусгахаар хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт 280 гаруй хүн оролцсоны 60 орчим хувь нь иргэд, худалдаа эрхлэгчид, 40 орчим хувь нь төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл байлаа.

Төр захиргааны байгууллага, иргэд, худалдаачдын дунд зөрчил маргаан үүсгэдэг нийтийн эзэмшлийн гудамж, талбай, автобусны буудал дээр зөвшөөрөлгүй байршуулан үйл ажиллагаа явуулж байгаа ТҮЦ, гудамж, талбайд ил задгай худалдаа эрхэлж байгаа иргэдийн асуудлыг шийдвэрлэхээр зорьж байна. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Журмыг шинэчилснээр эрхзүйн харилцаанд оролцогч талуудын эрх ашиг, хуулийн хэрэгжилтийг хангаж, худалдаа үйлчилгээ эрхлэх нөхцөл тодорхой болгохыг зорьжээ.

Хэлэлцүүлгийн үеэр НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба “Бид сүүлийн хоёр сарын хугацаанд иргэдийг бухимдуулах асуудлын нэг болсон ил задгай хоол хүнс борлуулах, ТҮЦ-ийн асуудлыг шийдвэрлэхэд гарц гаргалгаа хайлаа. Энэ хэлэлцүүлэгт төр, иргэдийн саналыг сонсох зайлшгүй шаардлагатай юм. Түргэн үйлчилгээний цэг эрхлэгчдийн бизнесийг хааж боож, өөр хэн нэгний бизнесийг дэмжээгүй. Одоо мөрдөгдөж буй журмын зарим зүйл заалт захиргааны хуультай зөрчилдөж байгаа тул эрхзүйн хэм хэмжээг илүү боловсронгуй болгох шаардлага бий болсон” хэмээн тайлбарлав.

Тэрээр “Холбогдох хуулийн дагуу  манай газраас 17 удаа хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулсан. Илэрсэн зөрчлөөс дурьдвал ТҮЦ дээр хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдхүүн болон тамхи ширхэглэж зарах зөрчил бүртгэгдсэн. Хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг шаардах хуудас хүргүүлсэн. Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг ТҮЦ стандартын шаардлага хангадаггүй. 10-15 м2 талбайтай жижигхэн талбайд бүтээгдхүүний чанар, аюулгүй байдал алдагддаг. Мөн үйл ажиллагаа эрхлэхдээ харьяа дүүргийн мэргэжлийн хяналтын байгууллагад бүртгүүлдэггүй. Өндөг чанах, түргэн муудах бүтээгдэхүүн зардаг гэх мэтчилэн зөрчил гаргасаар байна. Мөн тамхины тухай хуулийг зөрчин тамхи зарахыг хориглосон зайд тамхи ширхэглэн зардаг. Ил задгай худалдаа 32 цэгт байдаг. Хяналт шалгалтын хүрээнд таслан зогсоох арга хэмжээ авч ажиллаж байна” гэлээ.

Ил задгай болон ТҮЦ-ийн худалдаа үйлчилгээ хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд хэрхэн нөлөөлж байгаа талаар Нийслэлийн хүүхэд гэр бүл хөгжлийн газрын Гэр бүл, хүүхэд хамгаалалын хэлтсийн мэргэжилтэн Х.Одонтуяа тайлбар хийв. 

Тэрбээр, “Хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах нь бидний үүрэг. Худалдаа үйлчилгээ болон жагсаал цуглааны явцад хүүхдийг хамгаалах тухай хуульчилсан байдаг. Чанартай хоол хүнсээр хангагдаж өссөн хүүхэд өв тэгш хөгждөг. Манай орны хувьд хүүхдийн таргалалтын асуудал тулгарч байна. Таван хүүхдийн нэг нь таргалалттай гэсэн судалгаа бий. Таргалалтаас үүдэлтэй олон сөрөг нөлөө бий болдог. Ерөнхий боловсролын сургуулийн орчинд ундаа, чипс, пирошки борлуулагддаг. Сурагчдын өвчлөлийн гол үндэс нь хоолны хордлого болж байна. Хүүхдүүдэд эрүүл чанартай хүнс худалдаалах хэрэгтэй” гэв.

Харин Оршин суугчдын ая тух, аюулгүй байдлын талаар Монголын СӨХ-ны дээд зөвлөлийн гүйцэтгэх захирал М.Галбаатар “Сууц өмчлөгчдийн холбоонд иргэдээс ирсэн өргөдлийн ТҮЦ-тэй холбоотой өргөдөл 20 хувийг эзэлдэг. Бид оршин суугчдын эрх ашгийг хамгаалах байгууллага учраас иргэдийн тав тухыг алдагдуулдаг байрны нэг давхарт өргөтгөл хийн үйл ажиллагаа эрхэлж байгаа газрууд болон нийтийн эзэмшлийн талбайд тавигдсан ТҮЦ,  хоолны газруудыг цэгцлэх шаардлагатай гэж үзэж байна. Мөн байрны нэг давхарт шөнийн клуб, караоке, зочид буудлууд үйл ажиллагаа явуулдаг нь иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж, гэмт хэрэг үүсэх үүр болж байна” гэлээ.

Хэлэлцүүлгийн төгсгөлд оролцогчдын тавьсан асуултанд холбогдох албан тушаалтнууд хариулт өгсний дараа иргэдийн зүгээс “Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам”-д оруулах тодорхой саналуудыг илэрхийлж байлаа. Тухайлбал, ТҮЦ нэрийн дор Сонин борлуулах цэгийг хамруулдаг байдлыг болиулах, жижиглэн худалдааны зөвшөөрлийг олгохдоо тухай орчины СӨХ-ийн саналыг авдаг болох, ТҮЦ-д олгодог зөвшөөрлийн хугацааг уртасгах, ТҮЦ, мухлаг, аутлет, бутик гэх зэрэг нэршлийн ялгааг заагийг тодорхой болгох, шинээр шилэн болон буад хэлбэрээр "ТҮЦ" шахахгүй байх гэх зэрэг саналыг гаргалаа.

НИТХ-ын Ажлын албаны зүгээс иргэдээс ирүүлсэн эдгээр саналуудыг журамд тусгаж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дахин нийтэд мэдээлж, НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар оруулан батлуулахаа илэрхийллээ.

НИЙСЛЭЛИЙН ИТХ-ЫН ХМА

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.anews.mn/cache_footer.php on line 6