Үндэсний урлагаа дэмжицгээе


Саяхандаа хүн бүхэн "Үндэсний үйлдвэрлэлээ дэмжицгээе" хэмээн ам нэгдэн ярьж байсансан. Түүнээс хойш чамгүй хугацаа өнгөрчээ. Бас чамлахааргүй их зүйлс өөрчлөгджээ. Хүн бүр хувь, хувьдаа өөр, өөрийнхөөрөө дэмжиж л яваа байх. Басхүү түүний дараахан хүмүүс бүгдээрээ үндэсний үйлдвэрээ дэмжие гэхээр арай л үнэтэй байна хэмээн ам уралдан ярилцаж байлаа. Одоо ч мэр, сэр хүмүүсийн амнаас сонсогдох нь гачлантай. Бид бүгд юм бүхнийг заавал хямд, төсөр байхыг хүсэх болжээ. Чухам хэзээнээс гэдгийг бүү мэд. Зарим нь бүр үнэгүй авахыг хүсэх болов. Фэйсбүүк, цахим хуудсаар харвал та бүхэн ямар нэгэн зүйлийг үнэгүй авахыг шэйр хийсэн олон посттой таарах болно. Гэтэл бид хэзээ "Үндэсний Урлагаа дэмжицгээе" гэж ам бардам хэлдэг болох вэ? Эргэлзээтэй асуулт. Олон хүнээс өнөөдөр Үндэсний урлаг гэж юу вэ гэж асуувал.. Монгол бүжиг, уртын дуу, магадгүй монголын уран зохиол, морин хуур өөр юу, юу нэрлэх вэ? Магадгүй бид бүгдийг нэрлэчихэж дөнгөх байх гэхдээ уртын дуун дээр л ярихад монголын хамгийн шилдэг уртын дуучин хэн бэ? Яагаад хамгийн шилдэг нь вэ? гэх мэтийг огтхон ч мэдэхгүй. Бүр цаашлаад яагаад уртын дуу монголын сонгодог өв бэ, юугаараа гайхамшигтай вэ? Хэлэх хүн тун цөөхөн. Уран зохиол дээр ярихад ч мөн ялгаагүй. Манайдаа томд орох зохиолчдын номын борлох хувь хэд бол, айл бүрд Д. Нацагдоржын ном эсвэл Монголын нууц товчоо байна уу? гэтэл монголд хэдэн приүс маркын авто машин байна? Харьцуулаад үзвэл маш инээдтэй тоо л гарах байх. Арван хоёр жилийн сургалтын хөтөлбөрт Уран зохиолын хичээл долоо хоногт нэг цаг л орно. Ес аравдугаар ангид дуу хөгжимийн хичээл нь хаагдчихна. Ингээд л хүүхдүүд ном унших ямар ч сэдэлгүй. Ирээдүйнхээ талаар ямар ч бодолгүй. Итгэл үнэмшил, үзэл бодлын тогтсон төлөвгүй өсч томорч байна. Ихэнхи Уран зохиол, монгол хэлний багш нар чанарын хувьд хангалттай биш. Гэтэл бас хажуугаар нь долоо хоногийн нэгхэн цагтаа тэд юу зааж амжих вэ. Тийм, тийм ном унш тэгээд л бараг тарна. Хүүхдүүд уншиж байгаа ч юм байхгүй цалгардах болно. Даалгаврыг нь шалгах ч цаг байхгүй. Эсрэгээр хүн болгон матаметикч, инженэр, эдийн засагч болохоор зүтгэж байна. Мөн уран илтгэгч, эсвэл бөх, спорт, улс төрч залуу манлайлагч болохыг хүсэн зорьж байна. Энэ бүхэн тийм ч буруу биш л дээ. Гэхдээ ардын урлаг, уран зохиол, хөгжим бүжгээрээ аливаад хандах уужуу ухаан, бусдыг хайрлах, хүндэтгэх сэтгэлийг суулгаж өгмөөр мэт санагдах юм. Хүн бүр урлаг сонирхож түүгээр хичээллэх хэрэггүй урлаг бол тодорхой хэмжээнд хүнийг өөрийгөө ойлгоход туслаж түлхэц үзүүлэх гол түлхүүр юм. "Үндэсний урлагаа дэмжицгээе" монголчуудаа. Тэр цагт бид гадна очиж амьдарсан ч, гадны их сургуулиудад сурсан ч монголынхоо талаар ярих зүйлтэй хэлэх үгтэй болсон байх болно. Сонгодог хөгжим сонсож өссөн хүүхдийн аливаад хандах хандлага бусдынхаас арай өөр байх болно. Сонгодог зохиол уншиж, ардын бүжиг бүжиглэдэг, морин хуур татдаг гэх мэт хүүхдүүдийн зан авир, ааш аягийг харахад л бусдынхаас арай өөр харагдана. Эрт цагт монголчууд бүгдээрээ хүүхдээ ардын сургааль, ур ухаанаараа сургадаг байжээ. Тэнүүн талд уртын дуугаа дуулан алхахдаа тэр хүний сэтгэл тал шиг ээ уудам цэлгэр болдог. Гэтэл бидний одоогийн байгаа байдал бол нэг л унтаа, нэг газар бөөнөөрөө шавааралдан амьдарч замын түгжрэл, олны хөл хөдлөгөөн дунд өөрсдийнхөө хэн болох оо, ямар хүмүүсээс үүсэлтэйгээ, ямар соёл ёс заншилтайгаа улам бүр мартсаар байна. Харин бидний зарим нь “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжицгээе” хэмээн том, том ярьж нэг л их монгол хувцас, дээл, бүс сугалдаргалсан монгол ахуй, үндэсний урлагийнхаа талаар огтхон ч гадарлахгүй. Аль болох бусдаас илүү гарах гэж хичээдэг зан авир маань биднийг улам доош татсаар заримдаа хүсэл зорилгоо мартахад хүргэж байна. Бид бүгд юуны төлөө амьдарч байна? Өөрийнхөө төлөө юу? Гэр бүлийнхээ төлөө юу? Улс орныхоо төлөө юу? Хүн бүр л өөр, өөр зорилготой байх. Гэхдээ хүн нэг бүрийн боловсрол, хүн тус бүрийн дотоод мэдлэгээр улс орны хөгжил хэмжигдэж байдаг юм шүү гэдгийг санаад “Үндэсний урлагаа дэмжицгээе” монголчуудаа.

Э.Золбоо

 

 

 

                      

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.