400 ЖИЛИЙН ӨМНӨХ "ДОРНЫН ЭЛЧИЙН ЗАМ"-ААР МАШИНТАЙ АЯЛЖЭЭ


400 жилийн өмнө Оросуудын Хятад руу гардаг байсан “Дорнын элчийн зам”-аар машинтай аялж буй 15 аялагчийг энэ сарын 16-ний өдөр Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан соёлын төвд угтан авлаа. Аялагчид Томск- Бээжин- Томск маршрутаар 10 орчим мянган км аялахдаа Монголын нутгаар дайран өнгөрч манай орны байгаль, түүх дурсгалын газруудыг үзэж сонирхож байгаа аж.

Өнгөрөгч сарын 24-ний өдөр Томск хотоос эхэлсэн уг аяллыг Томскийн казак Иван Петлины Хятад руу аялсны 400 жил, Томск мужийн Оросын газарзүйн нийгэмлэгийн 70 жилийн ойг тохиолдуулан Оросын Ерөнхийлөгчийн Буцалтгүй тусламжийн сан, Томск мужийн захиргаа, Монгол дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв, Россотрудничество, Томскийн улсын их сургууль зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байна.

Томск мужийн захиргааны Олон улсын харилцааны газрын зөвлөх Дмитрий Ядыкин “1618 онд Томскийн казак Иван Петлин Оросоос Хятад руу гарах хуурай замын маршрут тогтоох зорилготой эхэлсэн байдаг. Ингээд гурван улсын нутгаар дамжин Бээжин хүрч, Хятадын хаанаас худалдаа хийх бичиг аван, газарзүйн үнэт мэдээллийн хамт Оросын хаанд хүргэж өгснөөр энэ замаар Орос, Монгол, Хятадын худалдааны харилцаа эхэлсэн гэж үздэг. Тэр үед Орост хятад бичиг тайлж унших хүн байхгүй байсан учир тэр бичгийг 50 жилийн дараа л уншсан байдаг нь сонирхолтой. Манай аялагчид энэ түүхэн замаар аялахдаа дайран өнгөрч буй хот тосгоны иргэдэд энэхүү мэдээллийг дамжуулж, гурван улсын ард иргэдийн дипломат харилцааг бэхжүүлэх зорилготой юм” хэмээн онцлов.



Дорнын элчийн зам” авто аяллын удирдагч В.В.Аваненко “Бидний аялал гурван улсын нутаг дэвсгэр дээр нэг сарын хугацаанд үргэлжилж, өндөрлөх тийшээ хандаж байна. Бээжин хүртэл аялаад буцаж яваа нь энэ юм. Энэ хугацаанд үүссэн техникийн хүндрэл бэрхшээлийг тооцоолсон байсан учир бидэнд тийм ч хэцүү байсангүй. Харин Монголын нутгаар аялж байхад цаг агаарын таагүй нөхцөлтэй тулгарч маршрутаа бага зэрэг өөрчлөх шаардлага гарсан. Аяллын багийн бүх гишүүд маань өөр өөрийн зорилготой аялж байгаа. Нэг нь адал явдал эрэлхийлж байхад нөгөө нь шинжлэх ухааны зорилготой аялах жишээтэй. Харин аяллын ерөнхий зорилго бол энгийн ардын дипломат харилцааг бэхжүүлэх юм. Биднийг Улаангом, Улиастай, Алтайн нутагт их найрсаг дотно угтан авч, дайлж цайлсанд их талархаж байна. Дахин аялах боломж тохиовол аяллын багийнхан маань дуртайяа хүлээн авах байх” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.