М.ОЮУНЧИМЭГ: ЭРЭЭНИЙ УУЛЗАЛТАНД ХУДАЛДАА, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛААР ТОДОРХОЙ САНАЛТАЙ ОРОЛЦОНО


Наймдугаар сарын 17-19-нд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотод болох гэж буй Монгол, ОХУ, БНХАУ-ын худалдаа, эдийн засгийн гурван талт уулзалтад Монголын тал хил орчмын худалдаа, аялал жуулчлалын талаар тодорхой саналтай оролцоно.
“Бүс ба замын боломжийг түшиглэн эдийн засгийн хамтын ажиллагааны коридорыг бий болгох нь” сэдвээр “Хятад, Монгол, Оросын эдийн засаг, арилжаа худалдааны хамтын ажиллагаа-2018 форум” болон “ЖДҮ эрхлэгч ААН-үүдийн хил дамнасан Цахим худалдааны дээд хэмжээний чуулга уулзалт” нэрийн дор Эрээн хотын Олон улсын хурлын ордонд болох гэж буй энэ удаагийн уулзалтын талаар МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг хэлэхдээ, “Бид уулзалт бүрээр нэг асуудлаа давтах бус, шинэ зүйлийг эрэлхийлж, ахиц гаргах явдал чухал юм.

Монгол Улсын хувьд Засгийн газрын бодлого чиглэлтэй уялдуулан чөлөөт бүсээ хөгжүүлэхэд хөрөнгө оруулалтыг татах, Монгол Улсад байгаа давуу талуудыг хоёр хөршийн бизнес эрхлэгчдэд танилцуулах нь чухал. 5 салбар хуралдаантай энэ удаагийн уулзалтаар худалдааг хөнгөвчлөх, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг өрнүүлэх чиглэлээр Худалдааг хөнгөвчлөх үндэсний зөвлөлөөс Монгол дахь худалдааны нөхцөл байдлыг сайжруулах талаар тодорхой саналтай оролцоно. Яам, агентлагийн төлөөлөгчид хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар Нийслэлийн аялал жуулчлалын газартай хамтран нэлээн санал дэвшүүлж оролцохоор бэлтгэж байна” гэв.Цаашлаад энэ удаагийн уулзалтаар Монгол, ОХУ, БНХАУ-ын худалдаа, эдийн засгийн гурван талт уулзалтыг 2 жилд нэг удаа зохион байгуулдаг болж, Монгол, Хятадын бизнес эрхлэгч, үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа ЭКСПО-г улам чанаржуулж, өмнөх үзэсэгэлэн-худалдаанд гарч байсан бэрхшээлийг арилгах, гаалийн татвар болон бусад хил, бүс нутгийн худалдаатай холбоотой горимуудыг тодорхой болгох талаар тусгай уулзалтыг зохион байгуулахаар ярилцаж байна гэв. Бизнес уулзалтын үеэр үүнчлэн 3 талын ХАҮТ-уудын уулзалт болно. Эдгээр арга хэмжээнд зөвхөн хувийн хэвшил бус төр, засгийнхны оролцоо чухал байгааг онцлов.

Б.Болд

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.