“ӨВ СОЁЛОО ӨЛГИЙДЬЕ” АЯНЫ ХҮРЭЭНД 8888 НОМЫН БАРИНТАГ ХАНДИВЛАВ


JCI Капитал салбар байгууллага нь 2015 оноос Монгол Улсын Үндэсний номын сантай хамтран хэрэгжүүлсэн “Номын баринтаг” төслийн үр дүнг өнөөдөр танилцуулж, 8888 номын баринтагийг тус номын санд хандивлалаа.

Төслийн хүрээнд Үндэсний номын сангийн сан хөмрөгт буй 35 мянга орчим баринтаггүй болон хэт хуучирсан баринтаг нь хадгалалтын горимд нийцэхгүй болсон соёлын үнэт өв ном судруудыг баринтагжуулах “Өв соёлоо өлгийдье” аяныг зохион байгуулжээ.
Тус байгууллага нь 15 жилийн ойгоо угтан Завхан аймгийн Тамгын газар, Завхан аймаг дахь Боролдой номын дэлгүүр, Завхан аймгийн Утга зохиолын нэгдэлтэй хамтран аяныг аймгийн аж ахуйн нэгж, иргэн, төрийн болон төрийн бус байгууллагуудын дунд уриалж, баринтагийг цуглуулсан байна.

Нүүдэлчин монголчуудын түүх, соёлын тухай мэдлэг, мэдээллийг тээсэн үнэтэй ховор номыг баринтаглах нь хойч үе, судлаач, эрдэмтэн мэргэдэд уламжлалт байдлаар нь өвлүүлэн үлдээх буянтай үйлсийн нэг юм. Тиймээс эрт үеэсээ номтой мэргэдийн ном сударт баринтаг урлан, түүнийгээ өргөн барьдаг сайхан уламжлалтай.

JCI Капитал салбар байгууллагын 2018 оны ерөнхийлөгч Ж.Сандагсүрэн ярихдаа, “Бид номыг дээдлэн хүндэлж ирсэн монгол уламжлалыг сэргээн, нийгэмд эерэг сэтгэлгээ, давалгааг үүсгэх үйл ажиллагааг уриа болгон энэхүү төсөлдөө олон нийтийг оролцууллаа. Төсөлд 80 гаруй байгууллага, анги хамт олон, айл өрх, ам бүлээрээ, хувиараа идэвх санаачилгатай оролцож, баринтаг бүрт өөрийн ур ухаан, хөдөлмөр, чин сэтгэлээ шингээн 2017 онд 5203 баринтаг өгсөн. 2015-2017 онд нийт 15 мянга орчим баринтагийг ард иргэд хандивлаад байна. 2018 он гарсаар 7 сарын турш 3720 баринтаг хүлээлгэн өглөө” гэв.

Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо, “Номын баринтагласнаар хадгалалт хамгаалалтыг сайжруулж байна. Манай номын санд хураалттай ямар судар байгаа эсэх, хэдэн судар нэг баринтагнаас гарах нь мэдэгдэхгүй тохиолдол бий. Ном судрыг баринтаглахаас гадна каталогижуулах ажил хийж байна. Тухайлбал, хуучирсан баринтагаас соёмбо, түвд, монгол бичгийн дурсгал гардаг. Тиймээс энэ бүхнийг тус тусад нь баринтаглаж хадгалалт, хамгаалалт, бичиг соёлын дурсгалыг хамгийн зөв зохистойгоор авран хамгаалж байна. Сүүлийн хоёр жил энэхүү төсөл олон нийтийг хамарсан давалгаа болж өрнөлөө” хэмээн тодотгов.

Завхан аймгийн Утга зохиолын нэгдлийн тэргүүн Б.Баяржавхлан хэлэхдээ, “Оюунлаг Завханчууд “Өв соёлоо өлгийдье” хэмээх 10 мянган номын баринтаг цуглуулах аяны хүрээнд гурван сарын хугацаад 10046 баринтаг цуглуулж чадлаа. Номын баринтагийг Үндэсний номын санд хадгалагдаж буй бидний эцэг өвгөдийн оюуны үнэт бүтээл ном судрыг өлгийдөхөд зориулах юм. Аяны хугацаанд давхардсан тоогоор 15200 хүн гар бие оролцсон. Аяныг дэмжиж оролцсон Завхан аймгийн ард түмэндээ баярласнаа илэрхийлье” гэв.

JCI Капитал салбар байгууллагаас удахгүй монгол судлалын холбогдолтой англи хэлээр бичигдсэн 108 ном худалдан авч Үндэсний төв номын санд хандивлана гэдгийг энэ үеэр хэлж байлаа.

Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.