ОХУ ХӨЛБӨМБӨГЧИДДӨӨ ГАВЬЯАТ ЦОЛ ОЛГОСОН НЬ БУСАД ТАМИРЧДАД ТААЛАГДСАНГҮЙ



Өнгөрсөн Бямба гарагт ОХУ-ын хөлбөмбөгийн шигшээ баг Спортын яаманд зочилж, өдөр нь Ерөнхийлөгч В.Путиний хүлээн авалтад оролцлоо. Тэд өнгөрсөн хөлбөмбөгийн ДАШТ-д шилдэг 8-д шалгарсан билээ.

Спортын сайд П.Колобков бүх тоглогчдод “ОХУ-ын Гавьяат тамирчин” цол олгож, харин бүх дасгалжуулагч “Гавьяат дасгалжуулагч” цол хүртсэн юм.
ДАШТ-ий 8-д үлдсэн хөлбөмбөгчдөд Гавьяат тамирчин цол олгосон нь Оросын спортын ертөнцөд маргаан дэгдээж, олон нийтийн сүлжээгээр хэрүүл үүссэн.

Хамгийн түрүүнд Олимпийн хос мөнгөн медальт, дэлхийн хошой аварга, волейболчин Екатерина Гамова эхэлсэн. Волейболчид саяхан “Үндэсний лиг” том тэмцээнд түрүүлсэн ч хэн ч тоогоогүй тул тэд уурласан нь мэдээж.
Гамова “Манай улсад тамирчдад цол өгөхдөө ялгаварлан гадуурхдаг юм байна. Зарим нь гавьяат болохын тулд Олимпийн медаль авч, дэлхийн аварга болох ёстой байдаг бол нэг хэсэг нь эхний 8-д ороод л гавьяат болчих юм. “Гавьяат тамирчин” гэдэг цолын нэр хүндийг унагааж, үнэгүйдүүлж байгаа нь харамсалтай. 2010 онд манай шигшээ дэлхийн аварга болоход сэлгээний тамирчдад маань гавьяат цол өгөөгүй. Гэтэл хөлбөмбөгчдөд... би хөлбөмбөгчдөд хандаж үүнийг бичээгүй шүү. Оросын спортын удирдлагуудад хандаж байна” гэж инстаграм хуудсандаа бичсэн юм.

Зарим талаар Гамовагийн зөв гэдгийг хэлэх хэрэгтэй. ОХУ-ын спортын цол олгох хууль дүрмэнд:
а) Олимп, паралимп, сурдлимпийн наадмын 1-3-р байрыг ганцаарчилсан болон багийн төрөлд эзэлсэн бол.
б) ДАШТ, Дэлхийн Цом, Европын АШТ, Европын Цомын тэмцээнд түрүүлсэн бол ОХУ-ын Гавьяат тамирчин цол олгоно гэж хар дээр цагаанаар бичсэн байгаа аж.

Гэхдээ “ОХУ, Оросын спортын нэр хүндийг өргөхөд эр зориг, ур чадвараараа гайхуулан, үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан бол дээр дурдсан амжилт үзүүлээгүй байсан ч Гавьяат тамирчин цол олгож болно” гэж заажээ. Хөлбөмбөгчид 8-д шалгарсан нь үнэлж баршгүй хувь нэмэр байсан эсэхийг Оросын ард түмэн өөрөө шүүх буй заа. Харин миний хувьд Оросын алдарт тамирчдын энэ асуудлаар хэлсэн үгнүүдийг танилцуулья.

2000 оны олимпийн аварга, Австралийн нээлттэй тэмцээн, Ролан Гаррос тэмцээний аварга, теннисчин Евгений Кафельников “Манай хүндэт Ерөнхийлөгч хүссэн юмаа л хийх юм. Черчесов, Акинфеев, Игнашевич нарыг шагнамаар байвал түүний хүсэл л мэднэ. Ийм Ерөнхийлөгч сонгочихоод одоо гайхаад яалтай вэ. Би олимпийн аварга хүн, надад одон медаль юу ч байхгүй”

Олимпийн аварга, волейболчин Дмитрий Мусэрский “Дүрмэнд зааснаар олимпийн 1-3 байр, дэлхийн аварга болоход л гавьяат өгөх ёстой. Юун шилдэг 8 бэ? Хөлбөмбөгчид сайн тоголсон. Сайн байна. Гэхдээ бүх юманд хязгаар гэж байх ёстой. Гавьяат тамирчин цол амьдралд тус болоод байхгүй ч энэ бол Оросын спортын дээд цол. Тамирчин болгон гавьяат болохыг хүсдэг. 8-д ороод авна гэж байж болохгүй. Миний хувьд гавьяат тамирчин гэдэг цолны нэр хүнд уначихлаа”

ОХУ-ын шигшээ баг, “Спартак” багийн хөлбөмбөгч асан Александр Мостовой “8-р байр эзлээд Гавьяат болчихлоо. Би 20 жил хөлбөмбөг тоголж, 200 гоол оруулсан. Би яагаад гавьяат тамирчин биш байдаг билээ? Хөлбөмбөгт ямар нэг том тэмцээнд байр эзэлсэн бол өгөх ёстой”

ОХУ-ын шигшээ, “Манчестер Юнайтед” багийн тоглогч асан Андрей Канчельскис “Бид медаль авлуу? Хэсгээсээ шалгарсан яахав. 2 жилийн дотор Испаниас өөр олигтой баг ялаагүй байж”
ОХУ-ын волейболчин Алексей Спиридонов “Би хэдэн удаа Европын аварга болж, Аваргуудын лигэд ч хэд хэд түрүүлсэн. Миний Гавьяат тамирчны тэмдэг хаана байна? Харин хөлбөмбөгчид арабуудыг ялаад л гавьяат болчих юм “

“ОХУ-ын Гавьяат тамирчин” цол хүртэж байсан хөлбөмбөгчид

• Дмитрий Аленичев 2003 онд “Порту” багтай УЕФА-гийн Цомын аварга болсон.
• Виктор Онопко, Станислав Черчесов нарт 2003 онд хөлбөмбөгийн хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлж.
• 2005 онд УЕФА-гийн Цомын аварга болсон ЦСКА багийн 9 орос тамирчинд (Игорь Акинфеев, Евгений Алдонин, братья Березуцкие, Ролан Гусев, Юрий Жирков, Сергей Игнашевич, Дмитрий Кириченко, Сергей Семак);
• Испанийн “Севилья” багтай 2007 онд УЕФА-гийн Цомын аварга болсон Александр Кержаков.
• 2008 онд УЕФА-гийн Цомын аварга болсон “Зенит”-ийн 11 тоглогч (Александр Анюков, Андрей Аршавин, Александр Горшков, Игорь Денисов, Константин Зырянов, Вячеслав Малафеев, Павел Погребняк, Владислав Радимов, Анатолий Тимощук, Виктор Файзулин, Роман Широков);
• 2008 оны Европын аваргын хүрэл медальт ОХУ-ын шигшээ багийн 12 тоглогч (Роман Адамов, Динияр Билялетдинов, Владимир Габулов, Олег Иванов, Денис Колодин, Роман Павлюченко, Иван Саенко, Игорь Семшов, Дмитрий Сычев, Дмитрий Торбинский, Ренат Янбаев). Бусад нь өмнө нь ГТ болсон байв.
• Андрей Канчельскис 2011 онд “МЮ” багтай Европын Супер Цомын эзэн болсон.
• Эмэгтэйчүүдийн шигшээ багийн Елена Фоминад 2012 онд дүрмийн дагуу гэжээ.
• Валерий Карпинд 2012 онд хөлбөмбөгт оруулсан хувь нэмэр, өндөр амжилтын төлөө олгожээ.
“ОХУ-ын Гавьяат тамирчин” цолыг хөлбөмбөгчдөд хавтгайруулаад олгоод байдаггүйг бид харж байна. Бидний сайн таних олон хөлбөмбөгч энэ жагсаалтад алга.
Гавьяат тамирчин цолыг ОХУ-д ямар нэг мөнгөн шагнал дагалддаггүй, харин зодог тайлаад дасгалжуулагчийн ажилд ороход нь цалингийн 20 хувийн нэмэгдэл олгодог байна.

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.