БНХАУ-ЫН ДАРГА АНЭУ-Д АЙЛЧИЛЛАА


БНХАУ-ын дарга Си Жиньпин өчигдөр Арабын Нэгдсэн Эмират Улсад төрийн айлчлал хийснээр 29 жилд анх удаа тус улсад айлчилсан БНХАУ-ын төрийн тэргүүн болж байна.

БНХАУ-ын дарга Си Жиньпин болон түүний гэргий Пэн Лиюань нарыг Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд Шейх Мохаммед бин Рашид Аль Мактум болон Абу-Даби хотын Хунтайж Шейх Мухаммед бин Зайед Аль Нахайян нар халуун дотноор хүлээн авчээ.

Үүний зэрэгцээ Арабын Нэгдсэн Эмират Улсын дэд Ерөнхийлөгч Хятадын төрийн тэргүүнийг хүлээн авах арга хэмжээ зохион байгуулсан байна. Арга хэмжээний үеэр Си Жиньпин болон Пэн Лиюань нарыг хүндэт харуулын жагсаалтай танилцаж байх үед ёслолын буудлагыг 21 удаа гүйцэтгэжээ.

Хүлээн авалтын дараа Си Жиньпин АНЭУ-ын дэд Ерөнхийлөгч болон Хунтайжтай хэлэлцээ хийсэн байна. Тэрбээр БНХАУ-ын Засгийн газар, ард иргэдийн нэрийн өмнөөс АНЭУ-ын Засгийн газар, ард иргэдэд мэндчилгээ дэвшүүлээд, сайн сайхныг хүсэн ерөөсөн байна.

Мөн тэрбээр, "34 жилийн өмнө БНХАУ болон АНЭУ хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр улс үргэлж бие биенээ хүндэтгэж, тэгш харилцаатай байсаар ирсэн билээ. Салбар бүр дэх хамтын ажиллагааны ололт амжилт нь хоёр улсын харилцаанд гайхалтай дэвшлийг бий болгосон" гэж мэдэгджээ. Үүний зэрэгцээ БНХАУ-ын даргаар дахин сонгогдсоноос хойш хийж буй гадаад айлчлалын минь анхны зогсоол АНЭУ болж байна гэж тэрбээр мэдэгдээд, энэ нь хоёр улсын харилцаанд БНХАУ өндөр ач холбогдол өгч байгаагийн илрэл юм гэдгийг онцлон тэмдэглэв.

Тэрбээр цааш үг хэлэхдээ, Абу-Даби хотод ирмэгцээ АНЭУ-ын ард иргэдийн урам зориг, найрсаг харилцааг шууд мэдэрснээ дурдаад, хоёр улсын харилцааг бэхжүүлэх талаар тус улсын удирдагчидтай санал бодлоо солилцох хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.


Харин түүнийг халуун дотноор хүлээн авсан АНЭУ-ын дэд Ерөнхийлөгч болон Хунтайж нар БНХАУ-ын төрийн тэргүүнийг эртний анд нөхөр, АНЭУ-ын ард иргэдийн сайн найз юм гэдгийг дурдаад, гадаад айлчлалынхаа хамгийн түрүүнд АНЭУ-д ирсэн нь бидний хувьд маш том хүндэтгэл юм гэж мэдэгджээ.

Энэ айлчлалын дараа Си Жиньпин Сенегал, Руанда болон Өмнөд Африкт төрийн айлчлал хийхийн зэрэгцээ Өмнөд Африкийн Йоханнесбург хотод болох БРИКС-ын орнуудын 10 удаагийн дээд хэмжээний уулзалтад оролцох ажээ.

Д.Нямтулга

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.