Ёорг Ван Дайлэ: Монгол амар амгалан, эрх чөлөөний далавч бүтээлийн минь 10 дахь улс нь


Бельги улсын барималч Ёорг Ван Дайлэ (Jorg Van Daele) Монголд анх удаа уригдаж, Энхтайван, эрх чөлөөний далавч болох “Baatar for peace 2018” баримлаа бүтээжээ. Энэхүү бүтээлийг монголчуудын амар амгалан, энхтайвны төлөө зориулж байна. Тэрээр энхтайван, амар амгаланг бэлгэдсэн цуврал бүтээлээ дэлхийн улс орнуудаар аялахдаа зөвхөн тухайн орны чулуугаар бүтээдэг. Дэлхийн орчин үеийн уран барималын томоохон төлөөлөгчийн нэг нь Ёорг Ван Дайлэ юм. NewJorg Gallery http://www.newjorggallery.be/over-de-galerij/ нэртэй галерей нь Бельги улсад байдаг.

Ийнхүү  "энхтайван, амар амгалангийн чөлөөний далавчийг" дэлхийн олон улс орнуудад “тамгалж” яваа уран бүтээлч Ёорг Ван Дайлэтэй ярилцлаа.

-Сайн байна уу, та?

-Өдрийн мэнд

 -Ёорг тантай хийх ярилцлагаа эхлэх үү. Та Монголд анх удаа ирээд байна уу. Эхлээд Монгол орны талаар сэтгэгдлээ хуваалцаач?

-Би Бельги улсаас Монголд анх удаа ирээд байна. Монгол сэтгэл догдлуулсан их гоё орон юм. Өндөр сэтгэгдэлтэй байна.

-Өөрийнхөө тухай танилцуулна уу?

-Би барималч. 30 гаруй жил баримал хийж байгаа. Сүүлийн зургаан жил улс орнуудаар аялж, олон улсын симпозиум, аялалд оролцоод явж байна. Ингэж явахдаа олон төрлийн заншил, шашинтай улс орнуудаар аялж үзлээ. Жишээлбэл, Иран, Чили, Шинэ Зеланд зэрэг орнууд юм.

Миний хжвьд 1989 оноос Эмиэл Уютэрховенын удирдлага дор уран бүтээлийн гараагаа эхлэсэн. 2012 онд Австри улсад зохион байгуулагдсан олон улсын уран барималын симпозиумд тэргүүн байр, 2017 онд Чили улсад зохион байгуулагдан уран барималын симпозиумд дэд байрыг хүртсэн.

-Барималч хүний хувьд Монголын урлаг, уран бүтээл болон уран бүтээлчидтэй хэр танилцав. Ямар сэтгэгдэл танд төрж байгаа вэ?

-Монголд ирээд 12 өдөр баримлаа хийж, их завгүй байлаа. Уран бүтээлээ хийж дууссаны дараа олон үзэсгэлэнгүүдэд очиж үзсэн. Миний төсөөлж байснаас Монголд олон үзэсгэлэн гардаг юм шиг санагдсан. Монголын уран бүтээлчдийн бүтээлийн чанар нь намайг гайхшруулсан. Залуу болон ахмад үеийн уран бүтээлчдийн ялгаа бараг алга. Ахмадууд нь ч гэсэн их гоёоор сэтгэж, бүтээж байхад залуу уран бүтээлчид нь шинэ технологиор бүтээлээ хийсэн зэрэг нь их өнгөлөг харагдлаа.

Би чулуугаар баримал бүтээдэг. Гэхдээ монголчуудад чулуугаар бүтээл хийдэг хүмүүс ховор харагдсан. Ийм бүтээл өртөг өндөртэй байдаг учир залуу уран бүтээлчдийн хувьд эхлэх боломж бага юм гэж бодож байна. Гэвч ирээдүйтэй залуу уран бүтээлчид хэд хэд харагдлаа.

Би амар амгаланг бүх улс орон даяар давлагаалуулахыг хүссэн учир эрх чөлөөний далавчийг бүтээдэг юм

-Та ямар чулуугаар баримал бүтээдэг юм бэ?

-Ерөнхийдөө бүх төрлийн чулуугаар бүтээл хийдэг. Гэхдээ очсон оронд ямар чулуу түгээмэл байна, тэр чулуугаар нь тохируулж бүтээл хийдэг юм. Харин Монгол оронд ирээд, гранат (анар) чулуугаар бүтээл хийж дуусаад байна. Монголд ийм төрлийн чулуу их элбэг юм байна. Ийм чулуу бүтээл хийхэд хувирал сайтай юм. Зарим чулуу хүнд, хувирахад хэцүү, олон ажиллагаа шаарддаг бол гранат чулуугаар бүтээл хийхэд надад амархан байсан.

-Баримлын тань сэдэв юу вэ. Хүний дүрс үү, амьтад, байгаль юм уу, эсвэл архитектор маягийн стилиэр баримлаа хийдэг юм уу?

-Миний бүтээл бодит бус хийсвэр сэтгэлгээний орчин үеийн урлаг. Ерөнхийдөө абстракт чиглэлээр бүтээлээ хийдэг. Монголд ирээд "Baatar for peace 2018" буюу  “Баатар энх тайвны төлөө 2018" нэртэй баримал хийлээ. Энэ бол хийсвэр сэтгэлгээнээс гарсан бүтээл. Би амар амгаланг бүх улс орон даяар давлагаалуулахыг хүссэн учир эрх чөлөөний далавчийг бүтээдэг юм. Сүүлийн жилүүдэд улс орнуудад эрх чөлөө их хэрэгтэй байгааг би мэдэрсэн.

-Энх тайвны далавч баримлаа ямар байгууллагын урилгаар, хаана хийж байгаа юм бэ?

-Бээжин хотод болсон олон улсын симпозиумд оролцож байхдаа уран бүтээлч Л.Мянганцэцэгтэй танилцаж, эрх чөлөөний баримал болон урлагийн талаар ярилцсан. Л.Мянганцэцэг “Та Монголын талаар сонирхож байгаа бол аплекшейнээ бөглөөд өгөөрэй. Бид таныг урья. Монголд ирж бүтээлээ хийж болно” гэж хэлсэн. Тэр ёсоор надад урилга явуулж, Монголд ирсэн. Монголд ирээд, Монголын Урчуудын Эвлэлийн Хорооны дэргэдэх Залуу Уран Бүтээлчдийн Нэгдлитйн дэмжлэгтэй Урчуудын эвлэлийн хорооны уран бүтээлчдийн 100 айл дахь урланд энхтайвны далавч баримлаа хийсэн. Чулуу, материалаа зөөхөд хүндрэлтэй байлаа. Ингээд бүтээлээ хийж, их биеийг нь босгоод ажил гайгүй болоод байна.

-Энэ бүтээлийг хийхэд хэр их хугацаа зарцуулав?

-12 өдөр зарцуулсан.

Монголд эрх чөлөө, амар амгалан, энх тайвны төлөөх далавч баримлаа бүтээж буй нь

-Ингэхэд та Бельги улсдаа ямар сургууль төгссөн юм бэ. Хэчнээн жил уран бүтээлээ хийж байна вэ?

-Бельги улсдаа хувийн дээд сургуульд дүрслэх урлагийн чиглэлээр гурван жил сурч, төгссөн. Гэхдээ манай сургууль улсын академик сургуультай адилхан түвшний хичээлийн хөтөлбөрийн дагуу баримал хийлгэж, сургасан. Би биеэ дааж 20 гаруй жил баримал хийж байгаа.

-Нийтдээ хэчнээн баримлын бүтээл хийсэн бэ?

-Энэ хугацаанд хэдэн арван мянган бүтээл хийсэн. Харин би энхтайвны төлөөх далавч баримлан бүтээлээ гадаадын 25 оронд  хийж, байршуулсан.

-Энхтайвны далавч бүтээлээ ямар улс орнуудад босгосон тухайгаа сонирхуулаач?

-Энэхүү бүтээлээ цуврлаар гадаадын улс орнуудад очиж, бүтээн босгож байгаа. Монгол амар амгалан, эрх чөлөөний далавч бүтээлийн минь 10 дахь улс нь. Монголоос гадна Италийн Венец хотод, Сири, Шинэ Зеланд, Испани, Герман, Иран, Чили зэрэг орнуудад очиж, бүтээсэн.

Иранд “Энхтайвны Төлөөх Мөргөл”, Австрид “Энхтайвны жигүүр”, Чилид “Энхтайвны тархи”, Шинэ Зеланд болон Румин улсад “Энхтайвны Жигүүр”, Бельги улсад “Энхтайвны Төлөөх Зүтгэл” нэртэй уран баримлуудыг барьсан байдаг.

Дани улсад их чухал ногоон гранат чулуугаар энэ баримлаа бүтээлээ. Мөн Австри улсын Хатан хааны цэцэрлэгт хүрээлэнд энхтайвны далавч баримлаа байршуулсан.

-Улс орнуудад байршуулсан энэхүү бүтээлийн загвар бүгд адилхан уу?

-Гадаадын улс орнуудад байршуулсан энхтайвны төлөөх далавч бүтээлийн загварууд хоорондоо өөр. Харин утга санаа нь бүгд адилхан.

-Таны алдартай бөгөөд үнэ цэнэтэй ямар бүтээл байдаг вэ?

-Хамгийн том бүтээл минь гурван метр өндөр, гурван метр өргөнтэй энхтайвны төлөөх далавч баримал юм. Киберийн арал хоёр хуваагдсан даа. Грекийн талын эзэмшилд буй газар нутагт энэ бүтээлийг байршуулсан. Энэхүү баримлынхаа хажууд би их жижигхэн харагддаг. Мөн дөрвөн метр өндөр "Энхтайвны төлөөх мөргөл" баримал Иран улсын Таблиц хотод бий.

-Ямар чулуугаар бүтээв ээ?

-Цагаан чулуугаар бүтээсэн. Ийм чулуугаар баримлаа хийхэд арай зөөлхөн байсан.

- Та энхтайвны төлөөх далавч бүтээлээ аль улсаас эхлүүлсэн юм бэ?

-Энхтайвны далавч бүтээлийн аялалын эхнийх нь Шинэ Зеланд орон юм.

-Яагаад Шинэ Зеланд гэж. Бельги орноосоо эхлүүлээгүй юм уу?

-Хамгийн гол нь Шинэ Зеланд улсаас намайг урьж, бүтээл хийхэд минь дэмжсэн. Гэхдээ Бельги улсдаа би олон төрлийн бүтээл хийсэн л дээ. Бельги улсад “Энхтайвны Төлөөх Зүтгэл” нэртэй бүтээл байршуулсан.

-Та дэлхийн хэмжээнд сэтгэж, энхтайван, амар амгаланг бэлгэдсэн сайхан бүтээл бүтээж яваа юм байна. Танд баяр хүргэе. Дэлхийн зарим оронд байгалийн гамшиг, үймээн дажин болж байгаа. Ийм цаг үед таны амар амгалангийн далавч бүтээл дэлхийн ард түмэнд их сайхан бэлгэдэлтэй цаг үеийг авчрах юм байна гэж хэлье?

-Маш их баярлалаа. (Сэтгэл нь догдлов)

-Цаашид энэ цуврал бүтээлээ дэлхийг тойрч бүтээх үү?

-Монголоос цааш Азербайджин улс руу очно. Тэгээд цаашаагаа энэ бүтээлээрээ аялаад явна. Миний бодлоор амар амгалан, энхтайванг бэлгэдсэн энэхүү бүтээлээ дуусгахыг бодохгүй байна. Сонин, хэвлэлээр ч гэсэн би гоё, сайхан мэсэж тараахыг хүсэж байгаа. Яагаад гэхээр өдөр бүр хүн бүхэн муу, муухай үйл явдал сонсож байдаг. Тиймээс тэр муу мэдээний нэгээхэн хэсэгт гэрэл гэгээтэй мэдээ байгаасай гэж хүсдэг. Нэг өдөр Бельги улсдаа би сонин уншиж сууж байхдаа Хойд Солонгост тийм явдал боллоо гэсэн гарчигтай хар мэдээ байхыг харсан. Гэтэл тэр мэдээний доор миний тухай энхтайван, эрх чөлөөг мэдрүүлэхээр Монгол орон руу нисэх гэж байна гэсэн ганц мөртэй мэдээ байсан нь надад их гоё санагдсан. Гэгээтэй мэдээллийг олон түмэнд хүргэх нь хамгийн чухал юм.

Өөрөөр хэлбэл, би бодит байдлыг л хардаг

-Баярлалаа,Танд. Дахиад асуух зүйл байна.

-За, сонсъё. Асуу.

-Таны эхнэр, хүүхэд бас уран бүтээлч үү. Яагаад ингэж асууж байна вэ гэвэл Монголд нөхөр нь юм уу, эхнэр нь зураач, барималч бол үр хүүхэд нь мөн адил, ингээд гэр бүлээрээ уран бүтээлч болсон тохиолдол олон байдаг. Харин танай гэр бүлийн хувьд?

-Миний хувьд өөр бодолтой байдаг. Гэр бүлийн хүмүүс тус тусдаа, өөр мэргэжилтэй байгаасай гэж хүсдэг. Гэвч дэлхийд гэр бүлээрээ, хоёулаа ч юм уу уран бүтээлч байх тохиолдол зөндөө байдаг. Манай эхнэр геометрын багш. Ээж маань зураач, аав уран бүтээлч биш.

-Бельги улсад уран бүтээлчид нь үзэсгэлэн хэр зэрэг зохион байгуулдаг юм бол?

-Бельги улсад уран бүтээлчид үзэсгэлэн зохион байгуулахад тийм ч нээлттэй биш. Яагаад гэхээр ийм үйл ажиллагаа явуулахад мөнгөтэй холбоотой байдаг. Жишээлбэл, уран бүтээлчийн бүтээлийн үзэсгэлэнг зөвхөн сонирхож байгаа хүрээний хүмүүсийн дунд зохион байгуулж, бүтээл худалдаж авах хүмүүс нь ирээд, худалдаж аваад дуусдаг. Харин миний хувьд голдуу гадаадын уран бүтээлчидтэй хамтарч ажилладаг юм.

-Уучлаарай, уран бүтээлч хүмүүс бүтээлээрээ тогтмол орлого олдоггүй. Ихэнх нь биеэ даасан байдлаар ажилладаг. Танай Бельги улсад уран бүтээлчид бүтээлээ зарж ажиллаж, амьдрахад ямар нэгэн бэрхшээл учирдаг уу. Монголын уран бүтээлчид бүтээлээ зарж чадахгүй байх, эсвэл их хүндрэлтэй байдаг тухай ярьдаг. Тиймээс та бүхэн хэрхэн амьдарч байна вэ. Санал, бодлоо хуваалцаач?

-Дэлхий даяар уран бүтээлчдийн өмнө тулгардаг ганц хэцүү асуудал нь энэ байх гэж боддог. Бельги улсад 10 уран бүтээлчийн нэг нь л үзэсгэлэн гаргаж, бүтээлээ зарж, амжилтай байх тохиолдол байх жишээтэй. Харин залуу уран бүтээлчид тасралтгүй уран бүтээл хийж, уран бүтээлийг минь ивээн тэтгээч гэж уйгагүй өөрийгөө танилцуулан явж байж, эцсийн бүлэгт 10 хүнээс нэг нь шалгарч гайгүй болдог. Манай улсын зарим хүмүүс Америк, Европт очоод чиний бүтээл хурдан зарагдана гэж хэлдэг. Гэвч хаана ч очсон адилхан л байдаг.

-Дэлхийд олон шашин байна. Зөн совин, үйлийн үр гээд шашны талаар ямар бодол, ертөнцтэй уран бүтээлч вэ, та?

-Дэлхийд олон шашин байдаг учир янз бүрийн шашин шүтдэг уран бүтээлчид байдаг. Миний хувьд шашинд итгэхээс илүү зөвхөн хүмүүст итгэдэг. Өөрөөр хэлбэл, би бодит байдлыг л хардаг юм.

-Төгсгөлд нь та уран бүтээлчийн хувьд монголчуудад хандаж юу хэлмээр байна вэ?

-Монголд анх удаа ирсэндээ их баяртай байна. Миний энхтайван, эрх чөлөөг эрхэмлэн, бүтээж байгаа бүтээлийг Монголын залуу уран бүтээлчид шинэ төрлийн бүтээл байна гэж сонирхон хараад, бүтээлээс минь гоё мэдрэмж авч байна. Ингэж харилцан бие биендээ харилцаа холбоог үүсгэж байгаа хандлага нь цаашдаа тэдний нэгэн нь надтай хамтрах, эсвэл би тэдний хэн нэгнийг урьж хамтарч бүтээлээ хийх ч юм уу, ер нь хамтын суурь тавигдаж байгаад баяртай байна.

-Уран бүтээлийнхээ талаар сонирхолтой мэдээлэл өгч, монголчуудад өөрийгөө танилцуулж байгаа танд их баярлалаа. Эрх чөлөөний далавчаа олон оронд нисгээрэй. Амжилт хүсье.

-Гэгээтэй ярилцлага авч, олон түмэнд хүргэж байгаа танд ч бас баярлалаа.

Ярилцсан Б.Баярмаа

 

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.