Ё.ЭНХТӨР: НООСНЫ САЛБАРЫНХАНД 120 ТЭРБУМЫГ 600 ТЭРБУМ БОЛГОХ БОЛОМЖ БАЙНА


Монголын Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо, “Эрдэнэт хивс”, “Улаанбаатар хивс”, “Могул ноос”, “Сор кашемир” зэрэг гишүүн ХХК-иуд болон ХАА-н биржээс өнөөдөр ХХААХҮЯ-нд хэвлэлийн бага хурал хийж ХАА-н биржийн шимтгэлийг нэмэх санал тавьж, шийдүүлсэн талаар мэдээллээ.
Ноос боловсруулагч, үйлдвэрлэгчдийн үзэж буйгаар өнөөдөр бирж болон зах зээл дээр нэг кг ноос 4 мянган төгрөгийн үнэд хүрч, бэлтгэсэн бохир ноосны 90 хувь ченжүүдийн гарт ороод байгаа аж. Дээрх байдал нь энэ салбарын үндэсний үйлдвэрлэгчдэд ноос боловсруулж эцсийн бүтээгдэхүүн хийхэд түүхий эдгүй болох, үнэтэй тусах зэрэг хүндрэлд хүрч буйг шийдэх үүднээс биржийн шимтгэлийг нэмжээ.

Энэ талаар Монголын Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, “Улаанбаатар хивс” ХХК-ийн зөвлөх Ё.Энхтөрөөс тодруулахад, “ХАА-н биржээр гарч байгаа угаасан ноосон дээр 15 хувийн шимтгэл тавьсан. Энэ нь өнгөрсөн оны байдлаар 4760 төгрөг байгаа кг угаасан ноосны биржийн ханш дээр 15 хувийн шимтгэл нэмэгдэж, ноосоо угаагаад экспортолж буй хүмүүс татвар төлж байна гэсэн үг. Харин самнасан ноосны шимтгэлийг 0.2 хуиар бууруулахаар болж, эцсийн бүтээгдэхүүн хийгээд гаргахад татваргүй, НӨАТ-аас чөлөөлсөн зэргээр экспортыг дэмжсэн. Энэ бол ноосыг угаагаад хилээр гаргаж байгаа байдлыг зогсоож үндэсний үйлдвэрлэгчдэдээ үлдээж тэд цааш нь самнаж, бүрэн боловсруулж утаснаас аваад бэлэн бүтээгдэхүүн хийж экспортлоё гэсэн зорилгын үүднээс тавьсан санал, гарсан шийдвэр юм. Бусдаар ноосны өнөөдрийн өндөр үнэ ханштай шууд бас холбоотой арга хэмжээ биш юм. Шимтгэлийг нэмлээ гээд үнэ буурах шалтгаан байхгүй. Мөн МАА-н түүхий эд маань хууль бусаар гараад байна гэсэн талаас биш. Манай бүх түүхий эд ХАА-н бирж болон гаалиар дамжин хяналттай гарч байгаа. Дахин хэлэхэд энэ бол гарч буй ноосоо тодорхой хэмжээгээр хязгаарлаж буй хэрэг юм. Мөн нөгөө талаар өнөөдөр 4 мянгад хүрээд байгаа үнэ ханшийн хий хөөс бууна гэж найдаж байна” гэв.
“Шийдвэрийг Засгийн газраас гаргасан уу?” гэсэн асуултанд, “ХАА-н бараа, түүхий эдийн бирж өөрийн хууль эрхийн хүрээнд шийдэж гарсан” гэв. Тэрээр, өнөөдөр манай улсын хэмжээнд 30 гаруй мянган тонн бохир ноос бэлтгэж байгаагаас угааж ялгахаар 15 мянган тонн угаасан ноос болдог. Үүнийг хилээр шууд гаргахад 120 тэрбум төгрөг улсад үлдэнэ. Тэгвэл дээрх хэмжээний ноосыг дотооддоо боловсруулж эцсийн бүтээгдэхүүн хийхэд 600 тэрбум төгрөг болж, 120 тэрбум нь зөвхөн цалингийн зардал болон хувирч 15 мянган ажлын байр бий болно гэж үйлдвэрлэгчид тооцоолсон гэв.
Монголын Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны Гүйцэтгэх захирал Ч.Эрдэнэбат хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, “Хонь, тэмээний ноосыг 2016 оны үнэтэй харьцуулахад үнэ нь дөрөв дахин өссөн. Энэ нь дэлхийн жишгийн сайн төрлийн ноостой харьцуулахад хэт хөөрөгдсөн үнэ. Үүнээс болж дотоодын үндэсний үйлдвэрүүд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн учраас шимтгэлийг нэмсэн шийдвэрийг дэмжиж байгаа. 2011 онд төрөөс үндэсний үйлдвэрээ хөгжүүлэх чиглэлээр тогтоол гаргаж, үндэсний үйлдвэрлэлд ноосоо тушаавал малчдад 2000 төгрөгийн урамшуулал өгдөг системийг бий болгосноор үндэсний үйлдвэрүүд түүхий эдээр тасралтгүй хангагдсан. Мөн үндэсний үйлдвэрүүдэд жилийн 7 хувийн хүүтэй зээл олгосон. Ингэснээр дэлхий дэвшилтэт тоног төхөөрөмжийг оруулж ирж, Монгол хонины ноосноос ноолуурыг нь ялгаж даавуу хийхээс гадна ноос, ноолуур хольсон бараа бүтээгдэхүүн гээд манай үйлдвэрлэгчид төрөл бүрийн бараа хийж экспортолж байгаа. Тиймээс одоо төр, засаг малчдад олгож буй урамшуулалд анхаарах цаг болсон. 2011 оноос хойш ноосны урамшуулалд нийт 158.5 тэрбум төгрөгийг малчдад олгосон. 2017 онд нийт хонины ноосны 67 хувийг угааж экспортолсон. Малчид ч гэсэн үндэсний үйлдвэрээ хөгжүүлэхийн төлөө явах хэрэгтэй гэсэн юм.
Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны зүгээс үзэж буйгаар манай улс бэлтгэж буй ноосныхоо 26 мянган тонныг нь дотооддоо боловсруулах боломжтой хэмээн онцолж байв.
Б.Болд

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.