Үерийн голомтоос 2500 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлээд байна


Баян-Өлгий аймгийн Өлгий суманд  энэ сарын 15-ны өдрийн 15:00-15:30 цагийн хооронд усархаг бороо орсны улмаас болсон уруйн үерт тус сумын нийт 275 айл өрхийн гэр, хашаа усанд автаад байна. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комиссын хуралдааныг дөрвөн удаа зохион байгуулж, нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсон, сумын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байгаа юм.

Түүнчлэн аймгийн нутаг дэвсгэрт болсон үерийн гамшгийн нөхцөл байдалтай танилцах, төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллага, гамшгаас хамгаалах албадын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, Улсын онцгой комиссыг мэдээллээр хангах зорилгоор  ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Д.Батсайханаар ахлуулсан шуурхай ажлын хэсэг тус аймагт ажиллаж байна.
 

Үерийн голомтоос 2500 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлээд байна


Шуурхай ажлын хэсгийн бүрэлдэхүүн аймгийн Онцгой комиссыг хуралдуулан, үүссэн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсож, гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэж байгаа бүрэлдэхүүнийг мэргэжлийн удирдлагаар хангах, үерт нэрвэгдсэн иргэдийн судалгааг гаргах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэн, удирдлага зохион байгуулалтаар ханган ажиллаж байна.


Үерийн голомтод Баян-Өлгий, Ховд, Увс, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газар, Зэвсэгт хүчний 331, 340 дүгээр анги, Хилийн 0165 дугаар анги, Цагдаагийн газар, Нийтийн аж ахуйн үйлчилгээний “СУАТ” ХХК,  Авто зам засвар, арчлал Үерийн голомтотын “Жол” ХХК, Цахилгаан шугам сүлжээний газар зэрэг нийт 18 байгууллагын  620 орчим хүн, 100 гаруй нэгж техниктэйгээр ажиллан, эрэн хайх, аврах, хойшлуулашгүй сэргээн босгох ажлыг тасралтгүй явуулж үерт өртсөн иргэдийг татан гаргаж түр хорогдох байранд  байрлуулан халуун хоол, цайгаар хангах, эд хөрөнгийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлэх, үерийн хамгаалалтын  далан босгох, хүчитгэх, шинээр шуудуу гаргаж хуримтлагдсан үерийн усыг зайлуулах, гамшигт нэрвэгдсэн айл өрхүүдийн судалгааг гаргах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.
 


Үерт нэрвэгдсэн 185 өрхийн 668 иргэнийг найман байрлал дахь түр хорогдох байр  /Өлгий сумын ерөнхий боловсролын 6 дугаар бүрэн дунд сургуулийн дотуур байр, 4 дүгээр сургууль, Ховд их сургуулийн салбар сургуулийн дотуур байр, 6, 7, 9, 10, 12 дугаар цэцэрлэг/-д байрлуулж, 345 өрхийн 1844 иргэнийг аюулгүй газарт, нийт 530 өрхийн  2500 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлсэн.   
 

 Мөн долдугаар сарын 14-17-ны өдрүүдэд хуримтлагдсан их хэмжээний үерийн усанд иргэдийн эд хөрөнгө өртөхөөс хамгаалах, үерийн усыг зайлуулах, дахин бороо орж үер буухаас урьдчилан сэргийлэх зорилгоор нийт 5,1 км шуудуу, далан босгоод байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.