ЭЦЭГ, ЭХИЙН ЗӨВШӨӨРЛИЙГ ҮНДЭСЛЭЖ УНААЧ ХҮҮХДИЙГ ХУРДАН МОРИНЫ УРАЛДААНД ОРОЛЦУУЛНА


Монголын үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 97 жилийн ой болох гэж буйтай холбогдуулан “Хурдан морины салбар хороо”-ны удирдлагууд өнөөдөр уралдааныг зохион байгуулах, унаач хүүхдийн гэнэтийн ослын даатгалын шинэ нөхцөл болон хамгаалалтын хувцасны талаар мэдээлэл хийв.

Уг хэвлэлийн хуралд “Хурдан морины салбар хороо”-ны орлогч дарга, хурандаа Ж.Болдбаатар, тус хорооны нарийн бичгийн дарга Ц.Галбадрах, “Нийслэлийн мал эмнэлгийн газар”-ын дарга М.Адилбиш, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын хууль эрх зүйн хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатар нар оролцсон юм.

“Хурдан морины салбар хороо”-ноос Хүй долоон худагт ирэх сарын  09-нөөс эхлэн ажиллах бөгөөд нийт 2500-3000 төрийн албан хаагч хурдан морь уралдуулах ажлыг зохион байгуулна. Мөн энэ үеэр наадамчин олны анхаарлыг татахуйц “Морьтон монгол” үзүүлбэр тоглолтыг 7 сарын 10,12-нд морьд эргэх хугацаанд үзүүлнэ. Түүнчлэн “Монголын морин спорт уяачдын холбоо”-ноос жороо морьдын уралдааныг зохион байгуулах болсон нь энэ жилийн онцлог гэдгийг тус хорооны орлогч дарга, хурандаа Ж.Болдбаатар хэллээ.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас энэ жил 21 аймгийн хэмжээнд уралдаанч хүүхдүүдийг хурууны хээгээр бүртгэн цахим карт олгох юм. Цахим картын тусламжтай уралдаанд гарахаас өмнө бүртгэл давхацсан эсэхэд хяналт тавьж ажиллана. Мөн бүх уралдаанч хүүхдийн эцэг эхийн зөвшөөрлийг зайлшгүй бичгээр шаардах бөгөөд уг зөвшөөрлийн бичигтэй хүүхдийг л хурдан морины уралдаанд оролцуулах аж.

Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Хууль эрх зүйн хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатар “Унаач хүүхдийн гэнэтийн ослын даатгалын нөхөн олговрыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай төдийгүй даатгалын хураамж 100 мянган төгрөг болоход нөхөн олговор 20 сая төгрөг хүрнэ гэх мэдээллийг даатгалын компаниуд өгсөн. Тиймээс энэ жил хариуцлагатай нөхөн олговор гаргаж чадах даатгалын газруудтай хамтарч ажиллахаар төлөвлөсөн” гэв.

Түүнчлэн “Статистикийн үндэсний газар”-аас унаач хүүхдүүдийн хамгаалалтын хувцасны стандартыг шинэчилсэн учир энэ жил унаачдын хувцсыг уг стандартыг мөрдөж хийнэ. “Хурдан морины салбар хороо”-ноос нэн түрүүнд хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдалд анхаарч ажиллахаа тус хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн юм.

Хурдан морины уралдааны хуваарь:

7 сарын 10-нд хязаалан, шүдлэн насны морьд
7 сарын 11-нд азарга, их насны морьд
7 сарын 12-нд соёолон, даага насны морьд
7 сарын 13-нд жороо морьдын уралдаан

Энэ жилийн хурдан морины уралдааныг “Монгол HD”, “ETV”, “TV9” телевизээр шууд дамжуулан үзүүлнэ. Мөн уралдаан дагаж хэвлэл мэдээллийн 4, цагдаагийн, мал эмнэлэг, эмнэлэг, чиглүүлэгч зэрэг нийт 8 машин явах юм.

Морьдын уралдах зай: 

Азарга, соёолон нас- 23 км
Их нас- 25 км
Хязаалан- 17 км
Шүдлэн- 14 км
Даага- 12 км тус тус уралдуулна.

 

Э.Энхсаруул

Гэрэл зургийг Н.Батбаяр
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.