Зүүн Хойд Азийн хотын дарга нар “хөгжлийн уяа”-гаа эмзэг хүмүүст чиглүүлээрэй


АСЕМ Вилла хотхоны "Их гэр" цогцолборт нарлаг сайхан байна. Гэвч бороо хур ороогүйн улмаас өвс ногоо гандуу, хуурайшилттай харагдаж байлаа. Энд Зүүн Хойд Азийн хотын дарга нарын форумыг байнгын ажиллагаатай болгох тухай  хэлэлцүүлэг, Форумын нарийн бичгийн дарга нарын газар байгуулах тухай, мөн дараагийн форумд оролцохоор санал ирүүлсэн хотыг шалгаруулах танилцуулга, санал хураалт явуулжээ. Энэхүү форум нь "Нүүрс төрөгч багатай хотуудын хөгжил: Агаарын чанарыг сайжруулж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах нь" сэдвийн хүрээнд "Шангри-Ла" зочид буудлын хурлын танхимд 3 дахь жилдээ зохион байгуулагдсан.

“Их гэр” цогцолборт болсон хэлэлцүүлгийн дараа форумаас гарсан шийдвэр, цаашид хийхээр төлөвлөсөн ажлуудын талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, БНСУ-ын Сөүл хотын Захиргааны асуудал хариуцсан дэд дарга Жун Бён Юн нар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн.

Сөүл хотын Засаг захиргааны асуудал хариуцсан дэд захирагч Yoon Joon Byeong сэтгүүлчдэд ярихдаа “Хоёр өдрийн турш Зүүн Хойд Азийн хотын дарга нарын форумд оролцож байна. Хотуудын дарга нартай тулгамдаж байгаа асуудлыг ярилцаж, тэдний дэвшүүлсэн шийдлүүдийг шийдэх олон сайхан хотын туршлагуудтай танилцан, санал солилцлоо. Бүс нутгуудын хотод тохиолдож байгаа асуудлуудыг гарц хайн дэмжиж ажиллах, хамтарч шийдвэл жижиг хот гэлтгүй бусад том хотуудын өмнө тулгарсан асуудлуудыг амжилттай шийднэ гэдгийг харлаа.

Бид 2020 онд Сөүл хотод энэхүү форумыг зохион байгуулах эрхийг олж авлаа. Баяртай байна. Бид зөвхөн агаарын бохирдлыг бууруулах, хүлэмжийн хийг багасгах асуудлаар ярилцах биш Зүүн Хойд Азийн хотуудын олон талт хамтын ажиллагаа, энхтайвнаар зэрэгцэн орших, бие биенийхээ асуудлыг дэмжиж бүтээн босгохын зэрэгцээ Сөүл хоттой хамтарч ажиллах боломжтой гэдгийг хэлмээр байна. Нэг жишээ хэлэхэд, Улаанбаатар хотод түүхий нүүрсийг оруулж, ашиглахгүй байх хэрэгтэй. Ингэснээр агаарын бохирдлыг арилгах том шийдвэр болно гэж ойлгож хэлж байгаа. Зүүн Хойд Азийн хотууд агаарын бохирдлоо сайжруулах, хүлэмжийн хийг бууруулах талд маш их зүтгэл гаргаж байна. Бид хамтдаа туршлагаа солилцож, шинэ ногоон шийдлүүдийг тавьж байгаа нь өндөр сэтгэгдэл төрүүллээ.” гэсэн юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд энэхүү форумын үр дүнг тодорхойлж хэлэхдээ “Энэ удаагийн форумын нэг онцлог нь форумыг байнгын үйл ажиллагаатай болгож, Улаанбаатар хотын нарийн бичгийн дарга нарын газрыг ажиллуулахаар хэлэлцлээ. Тус газар нь хотуудын ногоон хөгжил түүний өсөлт, нүүрстөрөгч багатай хотуудын хөгжил, байгаль орчиноо хамгаалах чиглэлээр хотуудын хийж буй ажлын талаар байнга мэдээлэл солилцож байх юм. Мөн форумыг дөрвөн жил тутамд заавал нэг удаа Улаанбаатар хотод зохион байгуулах, хоёр жил тутамд зохион байгуулагдах форумыг хотуудаас нууц санал хураалтаар сонгож байхаар тогтсон. 2020 оны форумыг БНСУ-ын Сөүл хотод зохион байгуулахаар боллоо. Ийм газрыг байгуулснаар тэргүүний инновациа солилцож байх механизм бүрднэ гэж үзэж байгаа. Манай Улаанбаатар хотын хувьд сүүлийн жилд дэлхийн цаг агаарын өөрчлөлтөд маш эмзэг тусч байгаа. Тиймээс форумын үеэр зөвхөн хотын агаарын бохирдолт биш нийт цөлжилтийг яаж бууруулах вэ, мөн ногоон хөгжлийн талаар хэлэлцсэн.

Дэлхийн Ногоон сангаас санхүүжилт босгож, тулгамдаж буй асуудлаа яаж шийдэх юм бэ, хөгжиж буй хотууд энэ асуудалд яаж анхаарлаа хандуулж, дэмжих тухай ч ярилцлаа. Бид УИХ-аар эхний төслөө танилцуулсан юм. Энэ нь Улаанбаатар хотод 10 000 айлын орон сууцны төсөл баригдах юм. Энэ төслийн 50 хувьд Дэлхийн Ногоон сангаас санхүүжилт босгох, үлдсэн 50 хувь нь Азийн хөгжлийн сангаас санхүүгийн дэмжлэг авах зорилготой байна. Гэхдээ 50 хувийн санхүүжилт нь хүүгүй, урт хугацааны зээл байх юм.

Энэхүү төслийн хүрээнд орон сууц барихдаа эко ногоон байгууламжтай, эндээс ажилгүй иргэдээ ажлын байраар хангах зорилттой байгаа. Бээжин, Сөүл хотууд Улаанбаатар хотыг дэмжиж ажиллах нь хурлаас гарсан гол үр дүн боллоо. Жишээ нь, манай улсад тулгамдаж байгаа агаар, хөрсний бохирдлыг бууруулах тэргүүн туршлага, инновацийг нэвтрүүлэх бололцоо танилцуулсан төслөөс харагдаж байна. Зөвхөн хотуудын түвшинд төдийгүй улсын хэмжээнд цаг агаарын өөрчлөлтэй асуудлыг өргөн хүрээнд авч, шийдэхээр төлөвлөж байна.” хэмээн ярьсан.

Чуулганы үеэр Улаанбаатар хотод хэрэгжиж байгаа ногоон төслүүд, эрчим хүчний хэмнэл, агаарын бохирдлыг бууруулах томоохон төслүүдийн талаар танилцууллаа. Азийн хөгжлийн сан, Азийн сан гэх зэрэг байгууллагууд төслөө танилцуулсан нь оролцогчдын сонирхолыг татжээ. Хөгжсөн том хотуудын туршлагаас мөн хуваалцсан бол агаарын бохирдлыг бууруулах Бээжин хотын туршлага их сонирхолтой шийдлийг хэрэгжүүлсэн тухай ч ярьж байна. Мөн цаг уурын хувьд манай оронтой ижил төстэй ОХУ-ын туршлага ч их чухал юм гэдгийг онцолж байсан. Энэ бүх төсөл, танилцуулгыг англи, монгол хэл дээр бэлтгэж, олны хүртээл болгох юм байна. Энэ удаагийн форумыг НЗДТГ, ИТХ, Байгаль орчны газрууд амжилттай зохион байгуулав.

Хоёр өдөр болсон Зүүн Хойд Азийн хотын дарга нарын форумаар хэлэлцсэн гол асуудлыг харахад Улаанбаатар хотод ард түмэндээ шинэ амьдрал, хөгжлийг бүтээн босгохыг зорьжээ. Нэг ёсондоо хотуудын хамтын хөгжил ард түмний амьдрлыг өөдөө татахад л орших хэрэгтэй.

Ер нь Азийн цээжинд орших Монгол улсын нийслэл Улаанбаатар бага ч болтугай хөгжиж байна. Гэхдээ хөгжил гэдэг зөвхөн агаарын бохирдлыг бууруулах, байгаль орчныг сайжруулах, нэг бол өндөр сайхан байшин, барилга баригдаж, уул уурхайн баялгаа олборлосноор хэмжигдэхгүй билээ.

Харин 3177 899 сая гаруй цөөхөн хүн амтай Монгол улсыг Ази байтугай Европтой дүйцэхүйц хэмжээнд хөгжүүлэх бүрэн боломж, гарц манай оронд байгаа. Хүн ард нь ядууралд нэрвэгдэж, өндөр өртөгтэй амьдралд сөхөрсөн, шударга бус нийгэм улстөрийн явуулга болон ихэнх иргэд нь сэтгэлийн хямралд талхилуулсан дүр төрх Монголд бий. Иймэрхүү нийгмийн амьдралыг шинэчлэх цаг болсон. Үүний тулд хамгийн түрүүнд ард иргэдийнхээ язгуур эрхүүдийг хангах ёстой билээ.

Өнгөрсөн он жилүүдэд олон улсын хэмжээний чуулган олон зохион байгуулж, улс орон, ард түмэнд тулгамдсан асуудлуудыг хэлэлцсээр ирсэн. Гэвч хамгийн гол нь ард иргэдийнхээ ахуй амьдрлын чанарыг дээшлүүлэх, тэдэнд өндөр өртөгтэй байр сууц тулгахгүй байх, хүн бүр орон байртай, орлоготой болгох бодитой нөхцөл боломжийг бүрдүүлэх нь үндсэн зорилго юм гэдгийг Монголын төр, засаг хэзээ ч мартах эрхгүйг сануулъя. Улаанбаатар хотын гудамжаар гуйлга гуйсан хүүхэд, хөгшин, хог ухсан өгөрсөн хувцастай хүмүүс, орон гэргүй тэнүүчилж явдаг хүүхэд, эрчүүд, эмэгтэйчүүдийг шинэ амьдралтай болгохын төлөө Зүүн Хойд Азийн хотын дарга нар “хөгжлийн уяа”-гаа дараачийн форумдаа чиглүүлээрэй гэж хэлмээр байна.

Б.Баярмаа

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.anews.mn/cache_footer.php on line 6