ЧӨТГӨРӨӨС САНКАРА ХҮРТЭЛ


 

-Үүнийг уншаад ямаршуу болсныг нь хэлээрэй...
Гудамжинд таараад баахан бурхан шашин, бясалгал сахиусны тухай ярилцчихаад, өвөл байсан, аргагүй хүйтэн учраас тэгсхийгээд салахад, ханцуйнаасаа гэнэт нэлээд зузаан гар бичмэл гарган өгөхдөө тэр ийн хэллээ.
Хамгийн эхний хуудсанд “Чөтгөрийн хотын тэмдэглэл” гэж томоор бичсэн байв. Бүрэнхийд замын шонгийн гэрэлд энэ сүртэй гарчгийг харчихаад, яг л чөтгөр шиг сарзайж хэрзийсэн нүцгэн моддын дундуур алхсаар харьж, нөгөө гар бичмэлийг хааш хэрэг сөхөж харлаа. Яг л РЦНК-д нээлтээ хийхэд нь “Нохой орон” киног хааш хэрэг үзэхээр суусан шигээ.
Юуны чинь хааш хэрэг үзэх? Тэр кино янзтай болсон байв. Дунд хэсэгт нь хоттой хонь майлалдан бужигнаад л, үргэсэн хоньдын зурагтай зэрэгцэн “Алтайн магтаал” ч яв луу, туульсын хэмнэл нижигнээд л... Би бүр юу үзэж суугаагаа ч мэдэхээ больчихож билээ. Яг л тиймэрхүү юм боллоо. Би түүнийг кинонд бол тохирох хүн, харин юм бичихдээ тийм ч сайнгүй байх гэж боддог байснаа нуух юун. Гэтэл “адтай чөтгөр” байж шүү дээ!
Мань эр “Нохой орноо” гаргачихсан, баахан фестивалиас гран-при түүгээд, ид мандаж явахдаа Нью-Йоркт нэгэн резидэнс хөтөлбөрт хамрагдсан тухайгаа бичжээ. Жаахан тодруулбал, рок одууд цугласан үдэшлэгт хоол буудахаар очиж, шоу бизнесийн томчуулын цэнгүүн дээр өвс татаж, гялгар сэтгүүлийн хавтсанд гардаг загвар өмсөгчидтэй тасартлаа архидаж, панк яруу найрагчидтай найзалж үзснээ бичжээ. Кино шиг бичжээ. Брүклинд өнгөрөөсөн түүний өдрүүд шиг адал явдал тэр бүрий хүнд тохиолдохгүй шүү. Ер нь Төрмөнхийн амьдрал өөрөө кино. Төрмөнх ямар ч эвлүүлэггүй, ганц л камераар эхнээс нь дуустал дагаад авчихсан баримтат-уран сайхны киноны гол дүр шиг хүн. Өөрийнхөө дүрийг бүтээж байгаа жүжигчин рүүгээ нэг бол хашгирч, нэг бол түүнээс юуг ч юм бэ гуйж буй, мансуурсан найруулагч шиг хүн. “Нохой орон” киногоор монгол хүний уран бүтээл дэлхийг гайхшруулах боломжтой гэдгийг батлан үзүүлсэн нь ч Питер Бросенс гээч Бельгийн айхтар найруулагчийн донжтой хэв маяг төдий хэрэг огт биш, мань эр өөрөө л яг чөтгөр шиг юм юманд гаажтайнх байж гэдгийг би тэр үдэш “Чөтгөрийн хотын тэмдэглэл”-ийг нь уншиж суугаад ойлгосон юм.
Өглөө нь утасдаад:
-Гоё болжээ гэлээ.
Дараа нь ахиад л нэг өвөл, ахиад л нэг гудамжинд, ахиад л нэг бүрэнхий болж байхад таарав. Яагаад ч юм бэ, нохойны тухай ярилцсан юм даг. Тэднийд нэг цагаан хав өөрөө хүрээд ирсэн ч гэл үү, мань эрийн шатнаас унаж бэртсэн газар хий юм руу учиргүй боргоож сүйд болсон ч гэл үү, түүний дараахан нэг лам таараад гэрт нь байсан муу сүнсийг нохой хөөчихсөн байна гэж хэлсэн ч гэл үү, баахан тиймэрхүү ид шидийн зүйлс хуучлаад, салахдаа мөн л нэг гар бичмэл өглөө. Хаанаасаа гаргаж ирснийг нь санахгүй байна. Ханцуйлахад арай ч томдохоор байсан шиг.
Бид кинонд тоглож буй мэт, энэ бүхэн déjà vu мэт санагдаж билээ. Киноны баатар гэртээ оруутаа гар бичмэлийг сөхөж харна. Гарчиг нь юу гэнэ вэ? “Санкара” гэнэ үү? Гэхчлэн ургуулж бодсоор нэг л мэдэхнээ босолгүй уншаад барчихсан байв. Энэ бичвэр нь үнэнээр дүүрэн юм уу, уран сэтгэмж үү, би мэдэхгүй. Юутай ч, пянзны наймаа ч яруу, хайр дурлал ч яруу, хорих газар ч яруу, социализмын сүйрэл ч яруу, амьдралыг гэсэн тэмүүлэл нь ч яруу уншигдсан юм даг. Ямар ч эвлүүлэггүй, ганц л камераар эхнээс нь дуустал дагаад авчихсан кино шиг. Бас яг уншаад дуустал “Төрмөнх бол ерөөсөө Төрмөнх биш, харин энэ “Санкара” доторхи Төрмөнх л Төрмөнх юм байна” ч гэх шиг хачин зүйл бодогдсон сон.
Өглөө нь утасдаад:
-Гоё болжээ гэлээ.

https://www.facebook.com/Gun.Ayurzana/posts/1459779284121773

"Санкара" номын татах холбоос: https://www.amazon.com/%D0%A1%D0%90%D0%9D%D0%9A%D0%90%D0%A0%D0%90-%D0%90%D0%BC%D1%8C%D0%B4%D1%80%D0%B0%D0%BB%D1%8B%D0%BD-%D0%B7%D0%B0%D0%BB%D1%83%D1%83%D0%B3%D0%B8%D0%B9%D0%BD-%D1%82%D2%AF%D2%AF%D1%85%D1%8D%D1%8D%D1%81-%D1%81%D1%8D%D0%B4%D1%8D%D0%B2%D0%BB%D1%8D%D0%B2-ebook/dp/B07CYJYFDS/ref=sr_1_1?s=digital-text&ie=UTF8&qid=1526090432&sr=1-1&keywords=%D1%81%D0%B0%D0%BD%D0%BA%D0%B0%D1%80%D0%B0&dpID=51tImlNpx0L&preST=_SX342_QL70_&dpSrc=srch

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.