Eвропын түүхийг шийдсэн нь буюу Каталины өндөрлөгт болсон Монголчуудын тулалдаан


Монгол угсаатны өвөг дээдэс Хүннү нарын тухай эхний хэл, сураг Ромын эзэнт гүрнийг, өрнөдийн ертөнцийг айхтар донсолгон цочоожээ. Манай тооллын 376 оны зун Ромын эзэнт гүрний зүүн хил, Дунай мөрний хамгаалалтын легионы захирагч нар мөрний чинад дахь зэрлэгүүд буюу нүүдэлчид нэг л жиг бусаар үймж бужигнаад буй тухай мэдээлэл авчээ. Их мөрнөөс зүүн тийш Ромчуудын хавтгайд нь нэрлэдэгчлэн зэрлэг, бүдүүлгүүдийн олон овог аймгууд орших бөлгөө.Ромын зүүн хил хязгаарыг олон жилийн турш амар тайван байлгаагүй Визиготууд, Гепидүүд, Ширүүд, Бургундууд, Славууд зэрэг хүн ам олонтой , өч төчнөөн хүчирхэг дайчин овог аймгууд байж. Тэднээс Днестр мөрний орчимд бүр ч илүү хүчирхэг Остроготууд бий.Тэгээд цаашилбал Дон, Ижил мөрний дунд, умард Кавказ орчимд бас л аймшиггүй зоригтнууд гэгдэх Аланууд, түүнээс урагшаа Вандалууд гэх мэт олон овог аймгууд оршин байжээ.

Ер нь эдгээр овог аймгууд үргэлжийн өөр хоорондоо дайтаж, ямар вэгэн юм болцгоож байдаг тул дээрх мэдээг авсан Ромын легионерүүд анзаарсан ч үгүй, тоосон ч үгүй. Гэтэл намар нь харин ч ер бусын хачин юм болов. Ухаанаа гартлаа айж сандарцгаасан 200 000 орчим Готууд Дунай мөрний цаана бөөгнөрөн, Ромын газар нутагт орогнох, эсвэл алс баруун тийш нэвтрэн гарах зөвшөөрлийг эзэн хаан Валентианаас амь тавин гуйхад л энэ нь жир нэгэн явдал биш болохыг ойлгов. Тэдгээр зүүн зүгийн олон зэрлэг овог аймгуудыг хуйлартал нь туусаар ойртож яваа алс дорно зүгийн учир битүүлэг овог аймгийн нэрийг анх сонсож мэдээд зогсохгүй, тухайн цаг үед дэлхийн хамгийн хүчирхэг Ромчууд өөрсөдтэй нь эн тэнцүү, магадгүй илүү ч хүчирхэг байж мэдэх тийм дайчид байдагт маш их гайхацгаасан байна. Тэд бол Хүннү нар байлаа. Төв Азид Модун шаньюйгийн үеэс асар том эзэнт гүрнээ цогцлоож байсан монгол угсаатны дээд өвөг хүннү нар манай тооллын өмнөх 50 оноос бутран доройтох болж, улмаар хоёр хэсэг хуваагдсан бөгөөд емнөд хэсэг нь Хан улсын эзэн эрхийг зөвшөөрч дагаар орсон бол умард хэсэг нь баруун тийш алслан нүүдэллэн ирсэн нь энэ байлаа.

Умард Хүннүчүүд Евразийн уудмыг туулан Скиф, Алан болон Готуудын үй олон хүчирхэг дайчин аймгуудыг ялан дийлж явсаарЕвропын гүнд очиж тогтов. Тэд Атилла хааныхаа авьяаслаг гарын дор нэгдэж, тухайн үедээ дэлхийн төв гэгдэж байсан хүчирхэг Ромыг ийнхүү чичрүүлэх болов. Ром гүрнийг оршин тоггнож байх хугацаанд хэзээ ч Ромын элчинг аль ч улсын эзэн хаад хүндэтгэн мэхийн сөхрөн угтдаг байсан бол цор ганц удаа л хүннүгийн Атилла хаан Ромын элчийг үл тоомсорлон мориноосоо ч буулгүйгээр хүлээн авч байсан төдийгүй Өмнөд Ромын эзэнт гүрнээс татвар авч, умард Ромчуудтай нь харин тухайн эриндээ болж байгаагүй аварга тулалдааныг өнөөгийн Францын өмнөд хэсэгт буй Каталины талд хийжээ.

Ийнхүү хүннүчүүд Атилла хааны үед нэгэн том нудрага мэт нэгдэн нягтарч, замдаа таарсныг няц цохин, хөгшин тивийн голт зүрх рүү тэмүүлэв. Энэ үедээ хүннүчүүд Европын газар нутгийг захаас нь эзлэн өөртөө нэгтгэсээр, нэгчудаа ялагдажүзэлгүйурагшилжбайв. Хүчирхэг зэрлэгүүдийн тухай сураг Ромын эрхшээлд байсан улсуудад урьд өмнө байгаагүй дуулиан дэгдээж байсан учир зарим хот суурин ямар ч эсэргүүцэлгүй бууж өгөх юм уу оршин суугчид нь хүннүчүүдийн сургаар газар нутгаа орхин дүрвэж байлаа.

Христос шүтлэгтэй ертөнцийн хойд хилийн залгаа нутагт “бүдүүлэгчүүдийн” хүчирхэг улс ийнхүү бий болж, цэргийн аюул занал айсуйг Константинополь болон Ром хотуудад сайтар ойлгож, хил залгаа дорнод Ромын эзэнт гүрэн нийслэл хотоо тойруулан “Феодосевийн хэрэм” гэж нэрлэгдсэн том хэрэм шинээр барьснаар тогтохгүй Дунай мөрний эрэг хавиар олон цайз Нэмж босгох болов. Хүннүчүүдийн хаан өнөөгийн Токай хотоос холгүй орших Дээд Унгарын нутагт өргөөгөө байрлуулж, чухамдаа эндээс Төв Европын нутагт дан ганц зэвсгийн хүчээр тогтоох болсон асар том нутгаа захиран суух болжээ. “Саад тааралдахад тойрон дайсныхаа ар талд гэнэт гарчихсан байна, хүннүчүүдийн морин цэрэг хар хурдаараа давхиж дайсан руугаа сум дараалан тавьж, үймээн бужигнаан үүсгээд сая уулгалан дайрна” гэх мэтчилэн Атилла хааны удирдсан талын хүннү овгийн дайралтын тухай домог яриа өргөн тархжээ.

Атилла Дорнод Ромын эзэнт гүрнийг хоёр удаа уулгалан дайрч номхотгон, улмаар жил болгон татвар авч байх болжээ. Дараагаар нь өрнөд Ромын эзэнт гүрэн рүү анхаарлаа хандуулж ихэд шахамдуулаад шийдсэн цохилт хийхээр бэлтгэв. Хүннүчүүдээс удаа дараа ялагдал хүлээж, хүч чадлыг нь мэдэрсэн Өрнөд Ромын Валентиан хаан ихээхэн хүчин чармайлт тавьж байж хүчирхэг армитай Баруун Готуудын I Теодорих хаантай удаан хугацааны найрамдлын холбоотны гэрээ балгуулж хүчээ зузаатгажээ. Тэгээд Ромын авьяаслаг жанжин Аетиусаар цэргээ захируулжээ. Аетиус жанжин тухайн үед эзэн хаандаа тэрсэлсэн зэргээр шийтгэгдсэн байсан авч хүчирхэг дайсны өмнө түүнээс өөр сөргүүлж тавих авьяаслаг жанжин Валентиан хаанд байсангүйн дээр ихээхэн амлалт шан харамж өгч байж Баруун Готуудтай холбоотон болсон нь дангаараа хүннү нарыг дийлэх итгэл алдарсных гэлтэй.

Манай эриний 451 онд, одоогийн өмнөд францын нутагт Ромын цэргийн хуарангийн балгас байдаг Каталаны тэгш өндөрлөгт туннүгийн арми Ромыг эзлэхэд шийдвэрлэх ач холбогдолтой байлдаан гайхээр иржээ. Энэ тулалдаан 19-р зууныг хүртэлх европын түүхийн шийдвэрлэх дөрвөн тулалдааны нэг байсан билээ. Тэр үед Атилла хааны захирсан хүннүчүүд одоогийн Унгараар төвлөрч, умардаас өмнөдөд Балтын тэнгисээс Ираны хил, дундад ази хүртэл өрнөдөөс дорно зүгт Дунай мөрний баруун эргийн мужуудаас Кавказын чанад дахь нутгийг хамарсан өргөн уудам нутгийг эзэлж, олон тооны герман, сармат, славяны аймгууд түүний захиргаан дор байв. Остгот, лангобард, скиф, гепид, тюринг, алеманн ба франкийн хэсэг хүннү гүрнээс хараат байдалд оршиж, өрнөдийн ертөнц Атиллагийн хилэнгийн өмнө түгшин чичирч байсан цаг. Атилла армиа өөрийн биеэр удирдаж байв. Ийнхүү 451 оны 6-р сарын 15-нд Труа хотоос холгүй Каталины хөндийд “ард түмнүүдийн тулалдаан “гэж алдаршсан түүхэн их тулалдаан болсон бөгөөд хоёр талаас хагас сая гаруй дайчид оролцсон хэмээн судар номд тэмдэглэн үлдээжээ.

Атилла тулалдааны өмнөх өдөр азийн тал нутгаас ирсэн бөөгөөр тулалдааны хувь заяаг мэргэлүүлэхэд, тэрбээр: “Атилла няцаагдах болно. Харин дайсны удирдагч алагдах болно” гэж хариулсан гэдэг. Тулалдааны өмнө Атилла өөрийн дайчиддаа хандан: “Довтлох нь ялалтын хагас. Ромчуудын шаар болсон эдгээр орд, өөдгүй холбоотныхоо хамт тулалдааны дайралтанд та нарын харцны догшин тал хилэнг тэсэж чадахгүй. Хүннү нар үй олон аймгуудыг ялан дийлэхэд аз хэзээ ч тусалж байгаагүй. Аз тулалдааны энэ бахдалыг бидэнд бэлдэж өгөхгүй” гэж зоригжуулан өглөө үүрээр тулалдааныг эхлүүлсэн байна. Атилла “дайсны удирдагч тулалдаанд алагдана” гэсэн зөнчийн үгэнд итгэж байсаин учир тулалдааныг санаачлан эхлүүлсэн гэдэг мэдээ бий.

Тэр үед ужигран хүндэрч байсан ромчуудын дотоодын сөргөлдөөнийг Аетиус дарж, нийтийн дайсны эсрэг нягтруулж чадсан байна. Тэрбээр Хүннү гүрэнд багадаа сурсан эрдэм, туршлагынхаа ачаар Хүннүгийн армийн давуу тал болсон нум сум, морин цэргийн довтолгооноос зайлсхийж, явган цэргийн гардан байлдаан болгож чадсан байна. Ромын цэргийн хүрэл дуулга болон биеийн хуяг нь хүннүчүүдийн чулуун сүхнээс найдвартай хамгаалж байснаас гадна хүннүчүүд явган цэргийн тактик мэдэхгүй, явган байлдаж сураагүй байв. Ромчуудын богино илд хүннүчүүдийн бугуйл, урт модон иштэй жаднаас хамаагүй давуу байлаа.

Байлдааныг хүннүчүүд морин цэргийн дайралтаар эхэлж нум сумаар суман мөндөр буулгаж, холбоотны армийн баруун жигүүр төв хэсгээр давшин ширүүн хориглолтонд тулав. Атилла өөрийнхнийгөө толгодын оройг эзлүүлэхээр илгээсэн ч ромчууд өндөрлөгийг түрүүлэн эзэлж, тийшээ давшсан хүннү дайчдыг хялбар няцааж байжээ. Энэ үед гардан тулалдаан болж газар сайгүй харгис ширүүн, аймшигтай улайрсан тулалдаан өрнөсөн байна.

“Ийм төрлийн үйлсийн тухай өгүүлсэн эртний үе түүн шигийг өгүүлж байсангүй” гэж судар номд энэ тухай тэмдэглэн үлдээжээ. Хөндийгөөр урсдаг горхины намхан эрэг тулалдагсадын шархнаас бургилан урссан цусаар ихэд хальсан байжээ. Эхлээд ромын цэргийн төв цөмлөгдөн сэтлэгдэж, хүннүгийн бүх цохилт ромын баруун жигүүрийг чиглэхэд явган цэргүүд нь зохион байгуулалтаа алдсан авч, морин цэрэг хажуугаас нь дэмжиж тулалдаан сэргээгдсэн байна. Хүннү нар хүрээгээ хамгаалахаар энэ үед зохион байгуулалтгүйгээр ухарч, тулалдаан улам ширүүсч байхад шөнө болжээ. Гэвч ромчууд маш их хохирол амссан байна. Энэ байлдаан жинхэнэ үхлийн тулалдаан болсон бөгөөд хоёр талаас нэг ч цэрэг олзлогдоогүй, цөөн тооны шархдагсад амьд гарчээ. Энэ тулалдаанд холбоотны армийн баруун жигүүрт байрлаж байсан Баруун Готууд байлдааны шийдвэрлэх үед амь хайргүй сөрөг давшилт хийж, Ромыг бутниргэгдэхээс аварсан боловч тэдний удирдагч нэгдүгээр Теодирох хаан алагджээ. Энэ бол зөнчийн хэлсэн ёр байжээ.Орой болоход 162 000 — 300 000 орчим хүннү дайчид Каталаны өндөрлөгт үүрд үлджээ. Тулалдаан шөнө болсон учир зогсож улмаар үргэлжилсэнгүй. Байлдааныг үргэлжлүүлэх утгагүй болохыг ойлгоод Атилла ухрах тушаал өгч, ромчууд анх удаа хүннүчүүд болон Атиллагийн нурууг харсан байна. Энэ бол Аттилагийн цорын ганц ялагдал байв. Өрнөдийн ихэнх түүхчид ромчуудыг ялалт байгуулсан гэж бичдэг авч зарим нэр хүндтэй түүхчид тулалдаан шийдвэрлэгдээгүй дууссан гэж үздэг байна. Мөн өрнөдийн түүхчид Каталины тулалдаан өрнөдийн соёл иргэншлийг аварсан гэцгээдэг ажээ. Каталины тулалдааны тухай орчин үеийн геополитикийн шинжлэх ухааны эцэг Ж.Х.Маккиндер хэлэхдээ: “Чухам энэ тулалдааны өмнө европчууд харийнхны өмнө нэгдэж чадсан бөгөөд энэ тулалдаан тэдэнд бид нэгдсэн европчууд гэсэн европын нэгдлийн ухамсрыг суулгасан юм” гэж үзсэн байна.

Зарим сурвалжид бичсэнээр хоёр талаас нийтдээ сая орчим хүн оролцсон гэгддэг энэхүү тулалдааныг түүхэнд “Ард түмнүүдийн тулалдаан” гэж нэрлэсэн нь зүгээр ч хэрэг биш бололтой. Үнэхээр ч ард түмнүүдийн тулалдаан болж, Европ дахины бүхий л ард түмнүүд нэг бол хуучин ертөнцийн сүр хүчний үлдэгдэл Ромыг дэмжиж, нэг бол Тэнгэрийн ташуур болон гэсгээл буулгах Хүннүгийн Атиллаг даган тулалдаж, хүн төрөлхтөний түүхэнд гүнзгий та «өрөө үлдээж явсан байна.

Ийнхүү Атиллагийн насан туршийнх нь ухаант дайсан Ромын жанжин Аетиус /багадаа Атиллагаар барьцаалан солигдож байжээ/ Хүннүгийн армийн түрэлтийг зогсоожээ.Энэ бол ромчууд хүннүчүүдийг ч ялсан ганцхан тохиолдол байв. Ямар ч байсан энэ тулалдаанд Атилла зорилгоо гүйцэлдүүлэн ялж чадаагүй ажээ. Түүний байлдааны төлөвлөгөөнд алдаа илэрч, шавхагдашгүй эрч хүч, няцашгүй хүсэл эрмэлзэл нь орхин одох шиг болжээ. Дэлхийг байлдан дагуулах агуу төлөвлөгөө нь бараг биелэхийн даваан дээр ийнхүү бүтэлгүйтжээ. Гэвч тэрбээр баруун Ромтой хийх тэмцлээ шинэ эрч хүчээр сэлбэж амжилт олсон авч гол зорилтоо бас хэрэгжүүлж чадаагүй юм.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.anews.mn/cache_footer.php on line 6