Малчид траншейны хүүхдүүдэд нэг хонины мах авчирч, хооллож байсан уу...


Монголын эдийн засгийн форумд хөдөө аж ахуйн салбарын хуралдаанд хурц санал, шүүмжийг тавьсан.

Эрдэнэс Монгол компани ТУЗ-ийн хараат бус гишүүн Д.Энхжаргал: Аливаа төсөл, хөтөлбөр, ажилд санхүү, мөнгө байхгүй бол ажил явагдахгүй. Монголд 14 арилжааны банк байдаг. 320 төсөлд 394 тэрбум төгрөгний зээлийг 4-5 жилийн хугацаатай 5 хувийн хүүтэй олгожээ. Харин малчдын зээлийг Хаан банк олгодог. Гэтэл зээлийн хүү маш өндөр. Тиймээс хөдөө аж ахуйн салбарын зээлдэгчдэд маш их хүндрэл учирсан байгаа. Сүүлийн үед төсөл яригдахгүй, банкны тогтолцоо яригдаад байна. ...Гэвч Монгол Улсад мөнгө босгох боломжууд их харагдаж байна.

Малчин н.Гомбодорж: Монголын гурван сая гаруй иргэдийг тэжээж байгаа 1000 орчим малчдын өмнөөс мэнд дамжуулъя. Одоо малчдад юу тулгамдаж байна вэ. Хөдөө орон нутагт мал маллахад хүн хүч хүрэлцэхгүй учир малын ашиг шимээ авч чадахгүй байна. Залуу малчид их ховордлоо. Хөдөө ажлын байр байна. Хотын дүүргүүдээс 10 000 өрхийг ачаад хөдөө рүү авч явж, тэнд цалинжуулж ажиллуулъя гэсэн саналтай байна. Мөн Төвийн сум эзэнгүйрэх маягтай болж эхэлсэн. Тэд хөдөөнөөс хотод шилжин ирсэн ч илүү сайхан амьдрал алга.

Банкир, эдийн засагч Д.Сүх-Эрдэнэ: Дэлхийн Банк, Валютын сангаас явуулсан хатуу мөнгөний бодлого шахсан өндөр хүүтэй зээлийн уршиг их байна. Жишээ нь, арьс шир, мах бэлтгэх санхүүжит байхгүй байна. Тэд гадаадын хөрөнгө оруулалт оруулахгүй бол хөдөө аж ахуйн салбар хөгжихгүй гэсэн ойлголт төрүүлээд байх шиг. Гэтэл тэдний хатуу мөнгөний бодлого зөвхөн мал аж ахуйд биш, эдийн засгийн бусад салбарт ч маш хүндрэл учруулдаг. Дашрамд хэлэхэд, Монгол Улс хангалттай боловсон хүчинтэй.

ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Саулет: Дэлхийн ноос ноолуурын 40 хувийг Монголын ноолууран бүтээгдэхүүн эзэлж байгаа. Мал аж ахуйн салбарыг дэлхийн зах зээлд хөгжүүлэхийн тулд эхлээд малаа эрүүлжүүлэх ёстой. Төр мал эмнэлэгийн салбарыг хариуцах болсон.

Олон улсын Улаанбаатар их сургуулийн захирал, доктор О.Сүхбаатар: ХХААХҮЯ малчдыг зах зээлд ажиллуулах ажлыг хийгээсэй. Яам их хариуцлагагүй ажиллаж байна шүү. Гадаадад суугаа элчин сайдууд юу хийгээд байна вэ, улс төр яриад сууж байдаг. Мал аж ахуйд хөрөнгө оруулах, санхүүжилт татах ажлыг яагаад хийхгүй байна вэ. Ингэхэд одоогийн яамаа мэргэшсэн хөдөө аж ахуйн яам болгох хэрэгтэй.

УИХ-ын гишүүн асан Б.Жаргалсайхан: Малчдаас траншейны хүүхдүүдэд нэг хонины мах авчирч, хооллож байсан уу. Малчид дэмжлэг туслалцаа авах болохоороо их бэрхшээл, шалтгаан яриад байдаг. Шударга зах зээлийн өрсөлдөөний тухай бид их ярьдаг. Гэтэл Дэлхийн Банкны санхүүжилт, хөрөнгөөр хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарт ямар том төсөл, ажил хийгдсэн юм бэ. Эхлээд Малын эрүүл мэндийн даатгалын тогтолцоог бий болгосон дээр биш үү.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Бид найман жилийн өмнө өнөөдөр хөндсөн асуудлуудыг ярьж байсан. Жишээ нь, Арьс боловсруулах үйлдвэрийн шаваа тавиагүй найман жил өнгөрлөө. Би энэ талаар судалж, Засгийн газарт асуудлыг тавьсан. ХХААХҮ-ийн сайд н.Батсуурьт холбогдох баримт материалуудыг аваачиж өгч, маш том салбар шүү гэдгийг онцлон хэлсэн...

Харин дараа жилийн форумд энэ асуудлыг яриад суумааргүй байна. Арилжааны цехээр аж үйлдвэрийг авч явна, хөгжүүлнэ гэж байхгүй. Уул уурхайгаас илүү бодит экспортыг дэмжих хэрэгтэй. Хөдөө аж ахуйн салбарт зориг гаргаж ажиллах цаг болсон. Би Ерөнхийлөгчийн хувьд Засгийн газрыг шахаж ажиллана гэдгээ хэлье. Энэ салбараа хариуцлагатай, хамтын хүчээр босгоё.

Дашрамд сонордуулахад, Монголын эдийн засгийн форумын модераторууд мэдлэг, мэдээлэл багатай, сул дорой, чадвар тааруу байсан. Мөн форумд оролцогчдод агуулга сайтай мэдээлэл, чиглэл өгч ярих ёстой зарим панелистуудаа оновчтой сонгоогүй байдал харагдлаа.Эдийн засгийн форумд уригдсан болон оролцогчдынхоо үзэл бодол, байр суурийг сонсож, саналыг авах нь хамгийн онцгой зорилго байх ёстой. Гэтэл зарим модераторууд жишээ нь, ойлгомжгүй юм уу, эсвэл бодит амьдралд нийцэхгүй асуулт тавих, мөн их ярьж, бусдад ярих цаг өгөхгүй байсан учир цаашдын форум зохион байгуулахдаа анхааралдаа аваарай гэж сэтгүүлчийн хувьд сануулъя.

Манай улсад хөлөө аж ахуй, аялал жуулчлал, уул уурхай, нийгмийн халамж, бүтээмж, ёс зүй, эдийн засаг хөрөнгө оруулалтын чиглэлээр олон жил ажиллаж, судалгаа хийсэн, ур чадвартай, мэдлэг соёлтой олон зуун чадварлаг ахмад, дунд үеийн боловсон хүчнүүд байдаг. Цаашид модераторуудыг сэтгүүлчид биш тухайн салбаруудад үр бүтээлтэй ажилласан туршлагатай, мэдлэгтэй, оюунлаг хүмүүсээс сонгох нь Монголын эдийн засгийн форумын хамгийн гол үндэс нь юм шүү. Хүмүүсээ зөв сонгосноор форумын үйл ажиллагаа ажил хэрэгч болж, хөндөгдөж буй асуудал бодит амьдралд цэцэглэн хөгжих болно.

 Сурвалжилсан Б.Баярмаа

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.